Инновац, цахим бодлогын байнгын хороо 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2021.10.27
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Инновац, цахим бодлогын байнгын хороо 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.10.26) 58,3 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар 2018 оноос “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн нь төсөв, санхүүгийн орчныг эрүүлжүүлж, сахилга батыг чангатгахад үр дүнгээ өгч ирсэн ба тус арга хэмжээг цаашид идэвхжүүлж, 2022 оноос цахим үндэстэн байгуулах ажлаа илүү далайцтай өрнүүлнэ.

Тухайлбал, бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулах, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд цахим гарын үсэг нэвтрүүлж банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглах зэрэг нь иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэх боломжийг бий болгохоос гадна авто замын түгжрэл бууруулахад өндөр ач холбогдолтой юм.

Дээрх ажлын хүрээнд төрийн үйлчилгээ болон төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах арга хэмжээг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулна.

Түүнчлэн гаалийн үйлчилгээ, хяналт шалгалтыг цахимжуулж, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж ашиглан хүний оролцоог бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн гадаад худалдаанд зарцуулах цаг, зардлыг хэмнэнэ.

Дээрх төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5.0 хувиар өсөхөөр төсөөлж байна гэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулав.

Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар Улсын Их Хуралд төсвийн орлого нэмэгдүүлэх 2 асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх 5 зөвлөмж өгсөн байна.

Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг гаргасан:

Аудитын дүгнэлт 6.3
Төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна.

Тухайлбал, ТЕЗ-дын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна.

Аудитын дүгнэлт 6.6
Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна.

Аудитаар төсвийн төсөлд тусгасан зардал хэмнэх зорилтын хүрээнд МУЗГ-ын 2015 оны 184 дүгээр тогтоолд заасан шаардлагад нийцээгүй суудлын автомашиныг шилжүүлэх, худалдан борлуулах замаар төсвийн үргүй зардлыг хэмнэх боломж байна гэж дүгнэсэн. Иймд ТЕЗ-чид Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж автомашинд зарцуулдаг байсан засвар үйлчилгээ, жолоочийн орон тоо, цалин гэх мэт зардлыг хэмнэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашины хэрэглээг зөв, зохистой шийдвэрлэх боломжтой.

Аудитын дүгнэлт 6.7:

Төсвийн төсөлд тусгагдсан орлого, зардалтай холбоотой нарийвчилсан тоон мэдээлэлтэй нээлттэй танилцах, төсвийг оновчтой төлөвлөх, дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байна.

Төсвийн тухай хуульд “төсөв хэлэлцэх, батлах” үйл ажиллагаа нээлттэй /6.5.1/, “батлагдсан төсөв, тэдгээрийн гүйцэтгэл”-ийн ил тод байдлыг хангах /41.7/ болон төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах /6.5.3/ талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. Харин төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал бэлтгэх үйл ажиллагаанд уг зохицуулалт тодорхойгүй байна.

Төсвийн төлөвлөлтийн чанар сайн бол төсвийн гүйцэтгэл илүү үр дүнд хүрэх нөхцөл хангагдана. Иймд төсвийн төлөвлөлтийн үйл явцыг төсвийн зарцуулалттай нэгэн адил ил тод, нээлттэй байлгах, олон нийт хяналт тавих боломжоор хангах хууль эрх зүйн орчинг бий болгон сайжруулах шаардлагатай.

Аудитын дүгнэлт 6.10
Төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг хуулийн шаардлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж зохицуулалт хийх шаардлагатай хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам шинээр “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар 7.8 тэрбум төгрөг суулгасан байна. Шинэ газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалт нь тодорхойгүй, бүтэц, чиг үүрэг нь батлагдаагүй байгаа нь одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа бусад яам, агентлагтай чиг үүргийн хувьд давхцах эсэх талаар, мөн Шинжлэх ухаан, технологийн сангийн төсөв болон бодлогын талаар тодруулав.

Гишүүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан тайлбар хийв. Тэрбээр, дижитал шилжилтийн хүрээнд салбар бүрийн мэдээллийн технологийн дэвшлийг нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгээр нэвтрүүлэхээр И-Монгол академийг байгуулж байгаа гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагааг нээлттэй болгох, цаашид их, дээд сургууль, эрдэмтэн, судалгааны хүрээлэнгийн хамтын ажиллагааг нэг цогц болгох суурь бэлтгэлийг хангахаар ажиллаж байна гэсэн нэмэлт тайлбар хийв.

Байнгын хорооны дарга Н.Учрал И-Монгол академи бол сургалтын төв биш, Засгийн газрын тэргүүн дэмжээд уг асуудлыг оруулж ирж байхад Ажлын хэсэг гишүүдийн асуултад тодорхой тайлбар өгч чадахгүй, олон нийтэд буруу ойлголт өгч байна хэмээн шүүмжлэв.

Тэрбээр үргэлжлүүлэн маргааш Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байгаатай холбогдуулан тоон гарын үсгийг хэрэгжүүлэх боломж байгаа эсэх талаар Ажлын хэсгээс тодруулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, 2020, 2021 онуудад Азийн хөгжлийн банк болон КОЙКА-гийн санхүүжилтээр улсын хэмжээнд буюу 330 сум, 172 хорооны бүртгэлийн нэгжийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн. Мөн анхан шатны бүх нэгж онлайн сүлжээнд бүрэн холбогдсон. Өөрөөр хэлбэл, тоон гарын үсэг нэвтрүүлэх дэд бүтцийг хөгжүүлэхэд бүрэн бололцоотой гэсэн тайлбар хийв.

Ийнхүү Инновац, цахим бодлогын байнгын хороо Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов

ШИНЭ МЭДЭЭ