Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд: Орон нутгийн чиг үүргийг зааглаж, түүнийгээ хэрэгжүүлэх санхүүгийн нууцийг нь нэмэгдүүлсэн байна
2021.10.27
Орон нутгийн хөгжил

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд: Орон нутгийн чиг үүргийг зааглаж, түүнийгээ хэрэгжүүлэх санхүүгийн нууцийг нь нэмэгдүүлсэн байна

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдтой ярилцлаа. Тэрбээр 2012-2016 оны хооронд НИТХ-ийн хурлын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.


-Танд нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойн мэндийг хүргэе.

-Баярлалаа.

-УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, баталсан. Та Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын хувьд энэ хуулийг хэр чамбай хууль болсон гэж дүгнэж байна. Хөрсөн дээрээ хэрхэн буухыг танаар дүгнүүлэх нь зөв болов уу?

-Энэхүү хууль бол 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 173 хороо болон иргэдийн амьдралын харилцааг зохицуулдаг гол хуулиудын нэг нь. Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт “орон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна” гэсэн зарчим байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд холилдсон шинж чанартай явж ирсэн.

Шат шатны ИТХ нь Засаг даргынхаа салбар нэгж байдалтай байж, иргэдийг төлөөлөх ажлаа бага хийсэн байна гэх дүгнэлтийг судлаачид гаргасан.

Тиймээс Үндсэн хууль дахь сая дурдсан “...хослуулна” гэсэн зарчмыг яаж хадгалж үлдэх вэ гэдэг зохицуулалт уг хуулийн шинэчилсэн найруулгад орсон байна.

Өөрөөр хэлбэл, иргэдийн төлөөллийн байгууллага ИТХ нь улирал тутам ээлжит хурлаа хийж Засаг даргадаа хяналт тавьдаг, иргэдийнхээ оролцоог хангах энэ үүргээ хангалтгүй биелүүлбэл төлөөлөгчийг эгүүлэн татдаг байхаар хуульчилсан.

Мөн тухайн нийслэл, дүүрэг, аймаг, сум, баг, хорооны сонгуулийн насны иргэдийн таваас доошгүй хувь нь гарын үсэг зуран асуудал санаачилж хурлаар хэлэлцүүлдэг байх гэх мэт ИТХ, Засаг даргын эрх, үүрэг хариуцлагыг илүү тодотгож өгсөн байна.

-Иргэдээс сонгогдсон төлөөлөгчид байхад иргэд хэлэлцэх асуудал дэвшүүлэхээр зохицуулсан нь ямар учиртай юм бэ?

-Иргэдэд эрх мэдлийг яаж ойртуулах вэ гэдэг асуудал байна. Тэгвэл тухайн дүүргийн нийт иргэдийн таван хувь нь гарын үсэг зурж үүнийг заавал хурлаар хэлэлцүүлнэ гэвэл ИТХ заавал хэлэлцэх үүрэгтэй болж байгаа юм. Энэ бол ёс төдий биш дэвшилттэй заалт гэж харж байгаа. Учир нь иргэд нэг сонгуулиар 8200 гаруй төлөөлөгчийг томилчихоод бараг мартчихаад байдаг тал бий шүү дээ.

-Уг хуулийн өөрчлөлтөөр жишээлбэл, танай хурал дээр дагалдах ямар ажлууд хийгдэхээр байна?

-Энэ хуулийн дагуу шат шатны ИТХ-д хурлынхаа дэг, хороодын ажиллах журам, ёс зүйн дүрмийг бүрэн шинэчлэх үүрэг хариуцлага ирж байгаа.

Хурлуудын хуралддаг давтамжийг хуулиар нэмж өгсөн байна лээ. Жишээлбэл, бүх шатны иргэдийн төлөөлөгчийн хурал жилд хоёроос доошгүй хуралдана гэдэг байсан бол энэ жил заавал улиралд нэг удаа хуралд гэж байгаа. Ингэж хурлыг илүү амилуулах гээд байна шүү дээ. Хуучин 2012-2016 онд НИТХ сар бүр хуралддаг, тэр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гардаг хотын парламент маягтай байсныг та бүхэн санаж байгаа байх.

-Та сая төлөөлөгчийг эгүүлэн татах зохицуулалтын талаар дурдлаа. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-ИТХ-ын төлөөлөгчдийг нэлээн сайн хариуцлагажуулсан. Шат шатны нийт 8200 төлөөлөгч бий. Жишээ нь, нийслэлийн есөн дүүрэгт гэхэд 330 гаруй, Сүхбаатар дүүрэгт 35, Нийслэлд 45 төлөөлөгч байдаг. Нийт төлөөлөгчдийг хариуцлагажуулах үүднээс төлөөлөгчдийг эгүүлэн татах зохицуулалт орсон. Эгүүлэн татах журмыг УИХ батлах юм байна лээ. Төсөл нь бичигдэж байгаа.

Тухайлбал, иргэдийн итгэлийг эвдсэн, төлөөлөгчийн хариуцлагаа биелүүлээгүй, ёс зүйн дүрмээ удаа дараа зөрчсөн, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэж үзвэл тухайн хорооны байнгын оршин суугч эгүүлэн татах санаачилга гаргаж, гарын үсэг цуглуулаад ИТХ руу хандах юм байна. Тухайн ИТХ нь тухайн төлөөлөгчийг эгүүлэн татах эсэх шийдвэрийг гаргана. Хэрвээ ИТХ-аас эгүүлэн татах нь зөв гэсэн шийдвэр гарвал сонгууль шиг санал хураалт явна. Сонгуулийн хэсгүүд байгуулагдаж, иргэд очиж саналаа өгнө. Түүнийг Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулна. Төсөв нь орон нутгийн төсвөөс гарна. Иргэдээс гарын үсэг цуглуулах ажлыг эгүүлэн татахаар санаачилсан иргэн хийнэ.

-Мөн огцруулах заалт ч харагдсан. Ямар нөхцөлөөр, хэн огцруулах юм бэ?

-Төлөөлөгчдийг хариуцлагатай байлгах үүднээс ИТХ өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй байна. Ёс зүйн дүрмээ удаа дараа зөрчвөл огцруулна гэсэн зохицуулалт хуульд орж байгаа юм билээ. Ер нь төлөөлөгчийг огцруулах, чөлөөлөх хэд хэдэн үндэслэл байдаг. Тодруулбал, нас барсан, төрийн албанд томилогдсон, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол чөлөөлдөг. Тэгвэл үүн дээр нэмээд ёс зүйн дүрмээ удаа дараа зөрчсөн бол огцруулахаар заалт оруулсан. Ёс зүйн дүрмээ удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн төлөөлөгчийг огцруулахдаа тухайн хурал эцсийн шийдвэрийг гаргахгүй шүүх рүү огцруулах өргөдөл хүргүүлнэ гэсэн үг. Тухайн төлөөлөгч огцруулах шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандвал огцруулах шийдвэр нь түр түдгэлзэх юм билээ. Эгүүлэн татах журмыг УИХ-аас эцэслэн батлахаар нь нэмэлт мэдээлэл өгье.

-Үүнээс гадна ИТХ-ын дарга төлөөлөгчдөө дэг сахиулах үүднээс тодорхой эрхийг нь хасдаг болсон гэж байсан...

-ИТХ-ын дарга төлөөлөгчид дараах хариуцлагыг хүлээлгэнэ гэж байгаа. Хурал дээр ёс зүйгүй янз бүрийн үйлдэл гаргах, бусдыгаа яриулахгүй байх гэдэг ч юмуу иймэрхүү үйлдэл гаргавал эхний ээлжинд сануулна. Тухайн хуралдааны туршид асуулт асууж, үг хэлэх эрхийг нь хасна гэж байгаа. Түүнчлэн асуудал оруулах эрхийг нь хасна. Харин санал хураалтад оролцох эрхийг нь үлдээж байна. Ингэж төлөөлөгчийг нэлээн харуицлагажуулж, хуралдааны даргад үүрэг ногдуулж байгаа юм.

-Тэргүүлэгчдийн оронд зөвлөл гэсэн бүтэцтэй болж байгаа юм билээ. Зөвлөл ямар эрх, үүрэгтэй байх вэ?

-2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр “Бүх шатны хурлын байгууллагын чөлөөт цагт тэргүүлэгчид ажиллана” гэсэн заалт байсныг хассан. Уг өөрчлөлтийн дагуу тэргүүлэгчийн оронд зөвлөл ажиллана. Зөвлөл нь төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй. Гэхдээ хурлын бүрэн эрхэнд хамаарах шийдвэр гаргахгүй гээд заачихсан. Зөвлөлийн ажиллах журмыг УИХ батлахаар хуульд заасан. Журмын төсөлтэй танилцсан. Төслөөс харахад ИТХ-ын зөвшөөрснөөр тодорхой шийдвэр гаргах эрхийг эрх шилжүүлж дараа тайлагнах зарчмаар зөвлөл рүү шилжүүлж болохоор заасан. Энэ тохиолдолд зөвлөл яг ямар нэртэй шийдвэр гаргахыг нарийн зааж өгөх хэрэгтэй. Төслийг нь харахаар зөвлөл нь албан бичиг, тэмдэглэл, чиглэл, зөвлөмж өгөхөөр уншигдаж байна. Зөвлөлийн өөр нэг чухал үүрэг бол Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэл хангах үүднээс хэлэлцээд бэлтгэл хангагдаагүй бол нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хойшлуулж болохоор байна.

Тэгэхээр зөвлөлийн хурлаар ороод дэмжээгүй асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй ч гэдэг юмуу логик байна. Хуучин бол тэргүүлэгчдийн хурлаар оруулж, хэлэлцэхийг нь дэмжиж байж нэгдсэн хуралдаанд оруулдаг байсан. Энэ эрх мэдэл нь зөвлөл дээр хадгалагдсан хэвээр байна гэсэн үг. Гэхдээ зөвлөл тогтоол гаргах юм уу гэхээр тогтоол гэсэн үг байхгүй байна. Тэгэхээр зөвлөл их өвөрмөц бүтэц болох нь. Амьдрал дээр яаж хэрэгжиж, ажиллах нь уу гэдгийг харъя.

-Засаг захиргааны нэг нэгжийг нөгөөтэй нь нийлүүлж, салгахдаа тухайн шатны ИТХ-аас санал авахаа больсон нь ямар учиртай юм бол?

-Төрийн байгууллагын хувьд манайх нэгдмэл улс шүү дээ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1-т “...удирдлагын зарчим” гэж бий. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гээд оруулчихсан. Үндсэн хуульд ч ийм өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, аль нэг сумыг өөр нэг сумтай нийлүүлэх ч гэдэг юмуу, тухайн нэгжийг татан буулгах шийдвэр гаргахдаа иргэдээс санал авна. Хуучин бол заавал тухайн шатны ИТХ нь хуралдаж байж тогтоол гаргадаг байсан. Тэгвэл одоо мөрдөгдөж байгаа хуулиар ИТХ нь тогтоол гаргадаг байсныг больж, тухайн газрын иргэдийн саналыг харгалзаж байгаад Засгийн газар, УИХ руу оруулж шийддэг болсон. Энэ бол илүү хялбаршуулсан журмаар шийдэж байна гэсэн үг. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл учраас орон нутгийн зарим асуудлыг заавал ИТХ-аас асуугаад байхгүй шууд шийдэж болно гэсэн санаа. Тэр утгаараа 12.1 дэх заалт хэрэгжээд явах нь.

-Энд нутгийн иргэдийн ашиг сонирхлыг хэр хангасан байдаг юм бол?

Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл ч гэсэн улсын болон орон нутгийн ашиг сонирхлыг хослуулна гэж 12.1.2-т заасан байгаа. Тэгэхээр орон нутгийн ашиг сонирхол, орон нутгийн онцлог гэж байх нь. Жишээ нь, Өмнөговь аймаг гэхэд уул уурхай ашигт малтмалтай илүү холбоотой. Тэгвэл иргэд “Энд бид цөлжилтийн эсрэг ийм арга хэмжээ авмаар байна. Энэ уул уурхайн лицензийг зөвшөөрмөөргүй байна. Усаа хайрлаж, хамгаалмаар байна” гэдэг ч юмуу санал, санаачилга гаргавал орон нутгийнхны ашиг сонирхлыг бодолцох нь. Түүнээс “Төрийн байгууллагын хувьд нэгдмэл байна. Юу яриад байна” гэж болохгүй шүү, орон нутгийн ашиг сонирхлыг харгалзах ёстой шүү гэдэг байдлаар оруулсан байгаа юм.

-Баянзүрх дүүргийн хороодыг нэмэх эсэх асуудал нийгэмд хүчтэй яригдлаа. Өнөөгийн түвшинд хороодыг нэмэх хэрэгцээ, шаардлага байна уу. Та үүнд ямар байр суурьтай байна?

-Нийслэлийн хэмжээнд 173 хороо бий. Хороодыг нэмэх шаардлага байгаа юү гэвэл байгаа. Хороодыг нэмэх шийдвэрийг дүүрэг биш НИТХ гаргадаг. Жишээлбэл, олон хүн амтай, иргэддээ үйлчилж дийлэхгүй ачаалалтай байгаа хороод цөөнгүй бий. Тиймээс хороодыг дотор нь задлахад буруудахгүй. Гэхдээ ИТХ-д олонх болсон нам дараагийн сонгуульд ялах зорилгоор хороодыг хэсэгчлэх нь буруу. Энэ бол өөрт ашигтайгаар сонгуулийн тойргоо хуваадаг Жерри мандер аргын нэг хэлбэр л гэсэн үг.

-Нэгжийн хуульд хороотой холбоотой ямар зохицуулалтууд орсон бэ?

-Субсидар зарчмын дагуу улсаас 420 гаруй тэрбум төгрөгийг нийслэлд үлдээж байна. Нийслэлд төвлөрдөг байсан нэр бүхий хоёр татварын эрхийг дүүрэгт өгчихөж байна. Тэгвэл дүүргийн төсөв тусдаа хорооны төсөвтэй байхаар шинээр заасан. Тэгэхээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд хороодын төсөв гэж байх нь байна. Одоогийн хуулиар хэсгийн ахлагчдыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга томилж байгаа. Тэгвэл энэ хуулиар хорооны Засаг дарга нь томилдог болох нь. Энэ хэдийгээр жижигхэн зүйл мэт боловч хөрсөн дээрээ том өөрчлөлт. Иргэдтэй тулж ажиллаж байгаа хорооны Засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлж өгч байгаа юм.

Хороо өөрөө төсөвтэй болж байна. Нийслэлийн 173 хороонд хэсгийн хуваарь батална. Тэгэхээр хэсэг гэж бүтэцтэй болох нь. Хэсгийн хуваарь нь ямар байх, яах ийхийг шат шатны Засаг даргын зүгээс ИТХ руугаа өргөн барина. Тэр процесс нь хүлээгдэж байна. Хороодод ялгаагүй хорооны иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч гэж байдаг. Тэгвэл тэргүүлэгчдийг байхгүй болгож хорооны Иргэдийн нийтийн хурлын зөвлөл гэж 1бүтэцтэй болж байгаа. Тус зөвлөл нь хорооны Засаг дарга, ИНХ-ын хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагчдаас бүрдэнэ. Мөн иргэдийн төлөөлөл орно гэж байгаа. Тэгэхээр хороо бүрд 10-15 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллахаар байгаа юм. Зөвлөлийн урамшууллыг ИТХ-ын төсөвт тусгайлан зааж өгнө гэсэн байна.

-Төлөөлөгчид төрийн захиргааны ажил эрхэлж Засаг даргынхаа удирдлагын бүтцэд ажилладаг тохиолдол цөөнгүй байна. Та үүнд ямар дүгнэлттэй байдаг вэ?

-Аймаг, орон нутгуудын төлөөлөгчид улс төрийн албан тушаалтнууд шүү дээ. Гэтэл тэр улс төрийн албан тушаалтнууд аймаг, орон нутагтаа давхар төрийн захиргааны алба хашаад байгаа тохиолдол байна. Жишээлбэл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч мөртлөө аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа тохиолдол ч байна. Энэ бол 2019 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болчихсон зүйл. Гэтэл үүнийг зөрчөөд яваад байгаа юм. Нэгжийн хуулийн шинэчилсэн найруулгаар бол зөвхөн сумын түвшинд нийт төлөөлөгчийн 1/3 төрийн албан тушаалтан байж болно гээд заачихсан. Харин аймаг, нийслэл, дүүрэг болохгүй шүү гэдгийг нь тодорхой заагаад өгч байна гэсэн үг.

Тэгэхээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш сум л биш бол аймаг, нийслэл, дүүрэгт төлөөлөгч нь давхар Төрийн захиргааны ажил эрхэлж байгаа бол шууд төрийн захиргааны албанаасаа чөлөөлөгдөх ёстой. Одоо үйлчилж байгаа Нэгжийн тухай хууль ирэх арванхоёрдугаар сарын 31-нд хүчингүй болно. Бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгчдийн 1/3 төрийн албан тушаалтан байж болно гэсэн заалт нь хэвээрээ байгаа юм шиг ойлголт яваад байгаа юм. Гэтэл Төрийн албаны тухай хууль батлагдчихсан. Дунд нь хийдэл үүсээд байгаа юм шиг нөхцөл үүсээд байна. Энэ нэлээн олон хүнд нөлөөлнө.

-Энэ хуульд орон нутгийн яам байгуулах заалт орсон гэж сонссон...

-72.3-т шинээр яам байгуулж болохоор заалт орсон. “Орон нутгийн хөгжил, засаг захиргааны шинэтгэлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын бүтцэд байна” гэж заасан байгаа. Тэгэхээр энэ заалтаар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс бусад улс оронд байдаг шиг Minister of Local Govern­ment буюу Засаг захиргааны яамтай байж болохоор байна. Одоо бол үүнийг ЗГХЭГ-ын орон нутгийн удирдлагын газар зарим чиг үүргийг нь хэрэгжүүлж байна. Төрийн захиргааны төв байгууллага байна гээд биччихсэн учраас яам байгуулах болчихоод байгаа юм. Цахим яам, Эдийн засаг хөгжлийн яамыг одоо байгуулах гэж байна. Гэтэл нэмээд ийм яам байж болохоор заалт оруулсан байна.

-Энэхүү хуулиар орон нутаг өөрийн гэсэн төсөвтэй байхаар хуульчилсан. Үүнд та ямар дүгнэлттэй байгаа вэ?
-Төрийн үйлчилгээг хамгийн ойр нэгжид хуваарилах субсидар зарчим гэж бий.

Энэ зарчмын дагуу хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд орсон. Энэ нь төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль батлагдахаас өмнөх төсвийн зохицуулалт руу оруулж байна гэсэн үг юм. Тухайлбал, төсвийн тухай хуульд 2020 оны арванхоёрдугаар сард өөрчлөлт орж дараах татварууд орон нутагт шилжиж байгаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-т заасан орлогод ногдох албан татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлого 100 хувь аймаг, нийслэлд төвлөрдөг байсан бол сум, дүүрэг рүү шилжүүлсэн. Түүнчлэн газрын төлбөрийн 60 хувь нь аймаг, нийслэлд төвлөрдөг байсныг 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрүүлдэг болсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 100 хувь улсад төвлөрдөг байсныг 40 хувийг нь аймаг, нийслэлд төвлөрүүлэхээр байна. Мөн нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг нийслэлд нь үлдээж замын түгжрэл гэх мэт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр болж байна. Хэлэлцэгдэж буй улсын төсвийн төслөөс харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нийслэлд үлдсэнээр нийслэлийн төсөв 240.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Дээр дурдсан 420 тэрбум төгрөг дээр нэмбэл 660.4 тэрбум төгрөгөөр нийслэлийн төсөв нэмэгдэж байна. Сүхбаатар дүүрэг 2021 онд есөн дүүргээс хамгийн өндөр буюу 48 тэрбум төгрөгийг нийслэлд өөрийн татварын орлогоороо төвлөрүүлэх хуваарьтай, энэ дагуу ч төвлөрүүлээд явж байна. Хан-Уул 34 тэрбум төгрөг, Чингэлтэй 31 тэрбум төгрөг, Баянгол 4 тэрбум төгрөг, Баянзүрх 6 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх графиктай. Сонгинохайрхан, Багахангай, Багануур, Налайх дүүргүүд орлого төвлөрүүлдэггүй татаас авч явдаг. Тэгэхээр орлого төвлөрүүлдэг дүүргүүдийнхээ нийслэлд төвлөрүүлдэг дүнг бууруулах, ядаж жигдлэх гэх мэт хуваарилалтыг зөв хийх, хуулиараа шилжин ирж буй хот, нийтийн аж ахуйн ажлуудаа сайн хийх боломжийг дүүргүүддээ олгох чиглэлд хотын удирдлагууд нийслэлийн төсөв батлах үедээ анхаарах хэрэгтэй байна.

-Төсөвтэйгөө хамт хийх ажлыг нь өгч байгаа гэсэн үү. Ямар ажлыг дүүрэг хариуцах вэ?

-Тус хуулиар төсвийн эрхээс гадна хариуцлагыг нь ч дүүрэгт мөн ногдуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцан хамтран хийдэг нийтийн эзэмшлийн зам талбай арчлах тордох, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг цэвэрлэх, засах, сэргээх, тордох, гэрэлтүүлэг, камержуулалт, золбин нохой муурны асуудал, замын халтиргаа гулгаа, хог хаягдлын менежмент зэрэг ажлууд үндсэндээ дүүргүүд хариуцахаар болж байна.

-Мөн сум, дүүрэг өмчтэй байхаар хуульчилсан. Энэ бол жижиг мэт боловч том дэвшил биз дээ?

-Тийм. Үүний цаана томоохон хэмжээний реформ явагдана. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэж бий. Үүнийг салгаж Орон нутгийн өмчийн тухай хууль гэж батлахаар УИХ-ын гишүүд ярьж байна лээ. Дүүргийн өмчийн харилцааг 2014 онд баталсан Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн багц журмаар зохицуулсан байдаг. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн ширээ, сандал манай балансад бүртгэлтэй мөртлөө актлах, дуудлага худалдаанд оруулах, устгах эрх нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт байдаг. Дүүрэг зөвхөн балансыг нь бүртгэнэ. Муудчихлаа акталъя гэвэл Нийслэлийн өмчийн харилцааны газарт ханддаг. Гэтэл дүүрэг өмчтэй байна гэж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулсан учраас энэ багц журмууд бүгд өөрчлөгдөх ёстой. Дүүрэг өөрийн өмчийг өөрөө дуудлага худалдаа, эргэлтэд оруулах, актлах, хувийн хэвшилтэй гэрээлэн ажиллах боломжтой болж байна гэсэн үг.

-Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага гэж байгууллага төрөөс санхүүждэг болно гэснийг та хэрхэн дүгнэж байна?

-Нэгжийн хуулийн 79 дүгээр зүйлд “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага” гэсэн заалт орсон. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага нь гишүүн байгууллагуудаас санхүүжнэ гэчихсэн байгаа юм. Гишүүн байгууллага гэдэг нь 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг НИТХ байх нь. ИТХ-ын төсөвт гишүүн байгууллагын санхүүжилтийн гишүүнчлэлийн татварыг суулгаж өгнө гэж байгаа юм билээ. Энгийнчилбэл, Хуульчдийн холбоо, ХААҮТ шиг хуультай төрийн бус байгууллага маягийн зүйл гарч ирэх гээд байгаа юм. Гишүүн байгууллагуудынх нь төлөөлөл нь хуралдаад тэргүүнээ сонгоно. Тэргүүн нь Удирдах зөвлөлийнхнийгөө танилцуулж, гүйцэтгэх захирлаа томилно. Эерэг талаас нь харвал тодорхой хэмжээгээр төрөөс санхүүжээд нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдийг давтан сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулах ч гэдэг юмуу ийм дэвшилттэй байхыг үгүйсгэхгүй. Нутгийн удирдлагын холбоо, Нутгийн удирдлагын Нийгэмлэг гэж хоёр ТББ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл уг нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын дүрмийг нь Засгийн газар батлахаар төсөл явж байгааг уншихад НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОЛБОО гэдэг ТББ-ыг хуульчлан зааж төрөөс санхүүжүүлэхээр харагдаж байна.

Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага нь юу хийх вэ гэхээр гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг төлөөлж Засгийн газартай шүүхдэнэ гэж байгаа юм. 21 аймгийн ИТХ ч юмуу Засаг дарга өөр нам байлаа ч хүчтэй байгаа Ерөнхий сайд, Засгийн газартайгаа шүүхдэх үү. Шүүхдэх эрхийг сая нэр дурдсан холбоо хэрэгжүүлнэ гэнэ. Миний бодлоор энэ амьдрал дээр нэлээн зовлонтой байх болов уу гэж харж байгаа. Нөгөө талаас Засгийн газраас тогтоол гаргах, УИХ-аас нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой хууль тогтоомж батлах нэмэлт өөрчлөлт хийхээр бол Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагаас заавал санал авахаар зохицуулсан байгаа юм. Үүнээс гадна Нутгийн удирдлагын төлөөллийн энэ байгууллага Засгийн газартай хэлэлцээрт орно гээд заачихсан байгаа юм. Уг нь ийм байгууллага бусад орнуудад байдаг л даа. Финланд, Исланд, европын холбооны зарим улсад гэх мэт. Манайх бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс шүү дээ.

Засаг захиргааны хувьд парламентын засаглалтай. Ерөнхий сайд нь Засаг захиргааны хамгийн дээд төлөөлөгч гэж явдаг. Энэ зарчмаа л баримтлах ёстой. Гэтэл нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага гэж байгууллага гаргаж ирээд тэр нь Засгийн газартайгаа хэлцэлд орж байдаг. Энэ бол хөрсөн дээрээ буухааргүй харагдаж байгаа. Дээрээс нь Орон нутгийн хөгжил, засаг захиргааны шинэтгэлийн яам байгуулна гээд тусгачихсан байна. Хардах эрхийнхээ хүрээнд яривал, Нутгийн удирдлагын холбоо гэдэг байгууллагыг төрөөс санхүүжүүлж, тэнд нь тодорхой тооны тэргүүн, гүйцэтгэх засаглал, ажлын албаны хүмүүс төрөөс санхүүжих нь. Одоо байгаа бүтцийг албажуулах гээд байна уу гэж харагдаж байна. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага нь их хурал хийнэ. Тус Их хуралд нь нийслэлийн сая 500 мянган хүний эрх ашгийг төлөөлж буй НИТХ-аас хоёр, есөн дүүргийн ИТХ-ын 300-гаад төлөөлөгчөөс дөрөв, аймгуудыг таван бүс болгож таван төлөөлөгч оролцоно.

Үлдсэн хэсэг сумын ИТХ-ын төлөөлөгч нар оролцож нийт 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй их хурал хийхээр хуульчилжээ. Тэгэхээр 330 суманд хэн олонх болж аль нам ялт байгуулахаас шалтгаалж удирдлага нь автоматаар их хурлаар сонгогдоно гэсэн үг. Монголын өнөөдрийн сонгуулийн тогтолцоог харвал МАН-ын угшилтай хүн Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын тэргүүнээр ажиллаад байх нь. Магадгүй нийслэл дээр АН ялж болно. Тодорхой аймаг, сумуудад ялж болно. Гэтэл 330 сумын талаас илүү хувьд нь ялалт байгуулна гэдэг бол нэлээн асуудалтай. Эерэг талаас нь харвал 8200 төлөөлөгчөө мэдээлэл, сургалтаар хангаж чадавхжуулах байгууллагатай байх нь буруудахгүй байх талтай. Гэхдээ төрөөс автоматаар санхүүжүүлж ирэхээр тэр байгууллага нь хэр болох юм байгаа юм.

-Гэтэл уг нь улстөржүүлэхгүй, бүлэггүй болгоно гээд хэд хэдэн заалт орчихсон юм биш үү?

-Сонирхолтой хэд хэдэн заалт бий. Иргэдийн төлөөллийн байгууллагыг аль болох намаас хамааралгүй болгох гэж оролдсон заалт байна. Жишээ нь, сумын ИТХ-д намын бүлэг байж болохгүй гэж байгаа юм. Тэгэхээр нам сонгуульд нэр дэвшүүлээд төлөөлөгчийг гаргаж байгаа шүү дээ. “Нам болохоор улстөржөөд байна сумын түвшинд улстөржих шаардлагагүй. Бүлэг, фракц болж битгий талцаад байгаач ээ. Зөвхөн иргэдийн эрх ашгийг хангана” гэсэн санаагаар намын бүлэг сумын түвшинд байгуулахгүй гэж байх шиг. Гэхдээ энэ зохицуулалт 2024 оноос хэрэгжинэ. Нэгжийн хуульд 2024 оноос хэрэгжих хэд хэдэн заалт бий. Одоогийн хуулиар давхар дээлтэй төлөөлөгч байж болно. Жишээ нь, сумын төлөөлөгч бөгөөд аймгийн төлөөлөгч. Дүүргийн төлөөлөгч буюу нийслэлийн төлөөлөгч байж болно. Харин 2024 оноос аль нэг шатандаа л дэвшинэ.

-Төлөөлөгч намын байр суурийг илэрхийлэхгүй гэсэн нь ер нь амьдрал дээр хэрэгжих заалт уу?

-Төлөөлөгч хүн өөрийн хамаарал бүхий аль нэг этгээдийн бус зөвхөн иргэдийн эрх ашгийг төлөөлнө гэсэн заалт орсон байгаа. Тухайн төлөөлөгч аль нэг нам, намын бүлэгт хамаарагдаж байгаа шүү дээ. “Намын бүлэг хамаагүй би иргэдийн эрх ашгийг төлөөлж байгаа шүү” гэх төлөөлөгч амьдрал дээр хэд байх бол. Гэхдээ яахав хууль санаачлагчдын гол үзэл баримтлал нь аль болох улс төрийн намаас хараат бус иргэдийг төлөөлдөг хүн шүү гэж дуугардаг орон зайг нь нээж өгч байна гэсэн үг. Энэ хуулийн 44.4-т улс төрийн нам, бусад байгууллага төлөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох үүрэг хүлээхийг хориглоно гэж байгаа. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам, бүлэг нь төлөөлөгчийг чи “ингэ, тэг” гэж үүрэг өгч болохгүй гэсэн заалт байгаа юм. Гэхдээ энэ мөн л зовлонтой. Манайх улс төрийн системийн хувьд гол тоглогч нь нам. Нам мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж сонгуульд оролцдог, нэр дэвшигчээ дэвшүүлдэг, олонх болж бүлгээ байгуулдаг, ийм ч эрхтэй. Гэтэл энд улс төрийн нам, бусад байгууллага төлөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг хүлээлгэхийг хориглоно гээд заачихсан. Амьдрал дээр яаж хэрэгжих юм, харъя.

-НИТХ-ын баталсан тогтоол заавал яаманд бүртгэгдэж байж хэрэгжинэ гэх зохицуулалтыг хэрэгжүүлэхэд та бүхэнд асуудал үүсдэг үү?

-Үндсэн хууль болон бусад хуулиар хориглоогүй бол орон нутгийнхаа асуудлыг ИТХ бие даан шийдвэрлэнэ гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг. Гэтэл одоо нийслэлд ямар байдал үүсч байна гэхээр Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам гэж гаргасан. Энэ журмаар ТҮЦ, ил задгай борлуулалт хийдэг харилцааг зохицуулна. Захиргааны ерөнхий хуульд 2015 онд өөрчлөлт орж ИТХ баталчихсан тогтоолоо бусад хуульд нийцэж буй эсэхийг хянуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яам руу өгдөг болсон. Хууль зүй, дотоод хэргийн яам түүнийг хянаж үзээд Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй байна, бүртгэхгүй гэхээр иргэдээс сонгогдсон 45 төлөөлөгч Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж журам гаргаж, харилцааг зохицуулах гэхээр Захиргааны ерөнхий хуулиар чөдөрлөгдчихөөд байгаа. Энэ бол маргаан дагуулсан асуудал. Миний бодлоор Захиргааны ерөнхий хуулийн дагуу ингэж бүртгүүлэх шаардлага байхгүй. Тухайн шатны ИТХ холбогдох хууль тогтоомжоо үндэслэж зохицуулах маш олон асуудал байдаг.

-Уг хуулиуд батлагдсанаар дагалдах хэчнээн хууулинд өөрчлөлт орох вэ?

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдаж том, жижиг, янз бүрийн 280 гаруй хуульд өөрчлөлт орохоор байгааг судлаачид ярьж буй. ИТХ-д л гэхэд одоогоор 110 гаруй хуулийн 420 гаруй заалтаар ямар нэгэн байдлаар нэрийг нь дурдаж эрх олгосон байна.

ШИНЭ МЭДЭЭ