МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монгол Улс Оюутолгойн 34 хувиа үнэгүй авах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа
2021.10.28
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монгол Улс Оюутолгойн 34 хувиа үнэгүй авах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-Засгийн газар, “Рио Тинто” компанийн төлөөлөл уулзаж, Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай болгох асуудлыг хэлэлцэж байна. Та УИХ-ын 92 дугаар тогтоолыг хангуулах ажлыг хэсэгт багтсан гишүүний хувьд энэ асуудалд анхаарлаа хэр хандуулж байна вэ?


-Оюутолгойн төслийн анхны гэрээг өөрчлөх асуудлыг ярьж байгаа. Хамгийн гол нь бид газрын доорх баялгаа үнэлүүлэх хэрэгтэй байна. Энийг одоо огт үнэлгээгүй явуулж, 34 хувиа авна гэдэг асуудлыг ярьж байгаа. Гэтэл үүнийгээ зээл хэлбэрээр олгоно гэдэг ч зүйл бий.

-Үндсэндээ “Рио Тинто” компани гүний уурхайн зардал хэтэрсэн асуудал дээр буулт хийж, дөрвөн саналыг захидлаар ирүүлсэн гэсэн. Захилдалд тусгасан саналууд хэр боломжийн санал вэ?

-Энэ бол түр зуурын санал. Өнгөрсөн хугацаанд авсан Монгол Улсын өр 16 тэрбум ам. доллар байгаа. Үүний 70 хувь буюу 1.8 тэрбум ам.долларыг тэглэе гэсэн байсан. Нэг удаа тэглээд л дахиад өр нь бодогдоно. Тиймээс бид гэрээндээ өөрчлөлт оруулж 34 хувиа авах хэрэгтэй. Ямар нэг төлбөр, зээлгүйгээр авч байж шударга болно. Би УИХ-ын 92 дугаар тогтоолыг хангуулах ажлыг хэсгийг ахалж байгаа гишүүний хувьд би нэг удаагийн арга хэмжээнд хууртаж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.

-Засгийн газрын гишүүд гэрээг өөрчлөх асуудал дээрээ хэр хатуу байр суурьтай байгаа вэ. МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хаалттай хэлэлцэж, маргаан үүссэн гэх мэдээлэл байгаа шүү дээ?

-Их хуралд манайх 63 суудалтай. Оюутолгойн 34 хувиа үнэгүй авах хэрэгтэй гэдэг дээр бүгд санал нэгтэй байгаа. Ямар нэг байдлаар санал зөрсөн асуудал байхгүй

-УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй чухал асуудал бол ирэх оны төсөв. Засгийн газраас боловсруулсан төсөв хэр бодитой төсөв болж вэ?

-Боломжийн байгаа оносон төсөв болсон. Гэхдээ анхаарах асуудлууд бий. Тухайлбал, миний харж байгаагаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжоо бүрэн дайчлаагүй юм уу гэж харж байгаа. Тухайлбал, баялгийн менежментээ сайжруулж, ашиг, орлогоо нэмэгдүүлэх боломж байна. Үүнийгээ ашиглаж чадахгүй байгаа. Өнөөдөр манайх экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсээ аман дээрээс маш бага өртгөөр борлуулдаг. Хятадын тал бага өртгөөр аваад эцэст нь 25 хувийн татвар төлдөг. 75 хувийн ашиггүй байна. Үндсэндээ шударга бус байгаа юм. Цаашдаа татварын шаталсан тогтолцоог бий болгох шаардлагатай. Өнөөдрийн төсөвт 15.7 долоон их наяд төгрөгийн орлого бүрдүүлнэ гэж байна Уг нь үүнийг 20 их наяд болгох боломж байна. Хятадын хил гараад л нэг тонн нүүрс 436 ам.долларын үнэтэй байгаа. Гэтэл манайх аман дээрээсээ хамгийн дээд тал нь 110 ам.доллароор худалдаж байна. Дэлхийн зах зээлээс дөрөв дахин хямд үнээр нүүрсээ худалдаж байгаа юм. Уг нь манай нүүрсний чанар дэлхийн стандартад нийцдэг шүү дээ.

Дараагийн асуудал бол сүүдрийн буюу далд эдийн засгийг эл болгох чиглэлд анхаарах шаардлагатай. Монголын төр уг нь татвар төлөгч нарт маш их боломж олгож байгаа шүү дээ. 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол нэг хувийн татвар төлнө. Улсын нийт татвар төлөгчдийн 96 хувь нь нэг хувийн татвар төлж байгаа. Энэ мэтээр орлогоо нэмэгдүүлэх боломж байсан.

-Эдийн засаг хямарсан үед өөдрөг төсвийн төсөл орж ирсэн гэдэг шүүмжүүд бий. Таны тухайд бол арай өөр байр суурьтай байгаа юм байна. Хэт өөдрөг бол эрсдэл үүсэхгүй юү?

-Энэ удаагийн төсөвт ч эрсдэл бий. Нэгдүгээрт, ковидын тойрсон эрсдэл. Дан ганц монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ энэ асуудлыг шийдэж чадаагүй байна. Хоёрдугаарт, ирэх онд 37.6 сая тонн нүүрс экспортолно гээд байгаа. Гэтэл энэ жил 15 сая тонн нүүрс л экспортод гаргах нь. Энэ жилийнхээсээ 2-3 дахин их хэмжээний нүүрс гаргах тооцоо бий.


Үүндээ хүрэх эсэх нь эргэлзээтэй. Гуравдугаарт, манай гол түүхий эд болох зэс, нүүрс, алт, төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд буурвал эрсдэл үүснэ. Тиймээс төсөв болон мөнгөний бодлогыг хооронд нь уялдуулж барих шаардлага байна. 2022 онд Монголд инфляц нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж магадгүй. Эдийн засаг тэлж, эрэлт үүсэх нөхцөл ажиглагдаж байна. Тиймээс эдийн засагт төрийн оновчтой бодлого, зохицуулалт шаардлагатай. Манай улсын эдийн засаг өөрөө төгс бус. Гэтэл төгс орнуудын хэрэглэдэг дүрэм журмыг манайд хэрэгжүүлээд байж болохгүй. Ийм асуудлууддаа анхаарах хэрэгтэй.

-Ирэх оны төсөвт манайх урсгал зардлаа танасан гэж байгаа ч тойргуудад шаардлагагүй хөрөнгө оруулалтын ажил байна гэх шүүмжлэл бий. Тухайлбал, Хэнтий аймагт төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр нисэх онгоцны буудал ашиглалтад оруулж, барилга байгууламж барих төслүүд ч байгаа юм билээ. Энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Манайх улсаа яаж хөгжүүлэх вэ гэдэг хөгжлийн загвар гэж байхгүй. Монгол Улсын онцлогт тохирсон хөгжлийн загварыг ойрын хугацаанд боловсруулах шаардлагатай нь төсвийн төслөөс харагддаг юм. Ингэхдээ гол бодлого нь юу байх вэ, ямар бодлогоор хөгжих вэ зэргээр хөгжлийн бодлогоо зөв тодорхойлчихвол энэ хөрөнгө оруулалт чинь зөв төлөвлөгдөх юм. Гэтэл өнөөдөр яах гээд байгаа нь мэдэгдэхгүй явж байгаад дур дураараа төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг тусгуулж байна. Хөгжлийн бодлогоо зөв тодорхойлчихоод мөнгөний бодлого, төсвийн бодлогоо яримаар байгаа юм.


Авлига авсан бол хамгийн дээд шийтгэл авах хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм

-Манайх Хөгжлийн бодлого төлөвлөлт гээд л урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулдаг биш бил үү. Засгийн газраа “Алсын хараа-2050” гээд төлөвлөгөө боловсруулсан байх аа?

-Энэ бол төлөвлөгөө. Дотор нь ажиллавал нарийн асуудал зөндөө бий. Тухайлбал, энэ төлөвлөгөөнд баялгийн менежментээ яаж хийх вэ гэдэг нь байхгүй шүү дээ. Мөн манайд үгүйлэгдэж байгаа нэг асуудал нь төрийн байгууллагын сахилга хариуцлага, авлига, хээл хахууль. Эдгээрийг хөгжлийн загвартаа тусгаад үе шаттай хэрэгжүүлдэг байх ёстой. Авлига авсан бол хамгийн дээд шийтгэл авах хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр гээд гаргасан гэтэл хэрэгжсэн зүйл алга. Алсын хараа-2050 бодлогын баримт бичигт ч үг үсэг, утга найруулгын алдаа, бодлогын алдаа байгаа юм билээ.

-Гишүүд тойрогтоо дөрөв болон түүнээс дээш төгрөгийн хөрөнгө оруулалт хуваарилсан гэдэг асуудал бий. Үндсэн хуулиараа энэ байдлыг хязгаарлачихаагүй юм уу?

-Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтыг 76 гишүүнд хуваахаар нэг хүнд дөрөв орчим тэрбум төгрөг болж байгаа юм билээ. Жишээлбэл, Дархан-Уул аймагт энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийж болно гэсэн хийсвэр тооцоо. Түүнээс энэ мөнгийг надад бэлнээр өгчихөөд сургууль, цэцэрлэг барина гээд байгаа асуудал биш. Нэгдсэн журмаар яамд орон нутгаас саналаа аваад л явж байгаа юм билээ.

-Ирэх онд танай тойрогт ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх төлөвлөгөөтэй байгаа юм бэ?

-Сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн ажил, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Дархан-Уул аймаг байгуулагдахад л анх магистрал шугам тавьж байсан. Түүнээс 50,60 жил шинэчлэл хийгээгүй. Тиймээс дулааны шугам, сүлжээ, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлууд байгаа.

-Дархан-Уул аймагт хийж байгаа том бүтээн байгуулалтын ажлын нэг нь Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр. Энэ ажил ямар шатандаа яваа бол?

-Энэ бол Алсын хараа-2050 хөтөлбөрт тусгагдсан ХХААХҮ-ийн яаман дээр хэрэгжиж байгаа Испанийн хөрөнгө оруулалтаар хийх ажил байгаа. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ажлууд байгаа.



-Та Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн. Тиймээс тойргийн сонгогчид Дарханы замыг ашиглалт оруулах талаар таныг анхаарал хандуулж байгаа болов уу гэдэг хүлээлттэй байгаа байх. Энэ тухайд?

-Хариуцлагагүй ч гэж хэлэхээр төвөгтэй асуудал. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа 204 км замыг тус банк өөрийн шалгаруулалтаар таван компанид өгсөн байдаг. Гэтэл цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, хоёр компани нь манайд ажил хийх боломжгүй болсон. Ингээд гэрээгээ цуцлах талаар ярьж, Сингапурын шүүхээр асуудлаа шийдүүлнэ гээд гэрээнд заачихсан юм билээ. Энэ шүүхээр явбал дор хаяж гурван жил шаардана гэсэн.

Дарханы замын суурь ажил нь одоо 20 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Энэ замыг ирэх оны арванхоёрдугаар сар гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн Европын сэргээн босголтын банкны хөрөнгөөр хийж байгаа замыг 2023 онд дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Тойргоос сонгогдсон гишүүний хувьд ажлын явцтай танилцаж, сар болгон мэдээ мэдээллийг нь авч байна.

ШИНЭ МЭДЭЭ