Улсын бүртгэлийн онлайн сүлжээнд сум, хороодыг бүрэн холболоо
2021.10.29
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Улсын бүртгэлийн онлайн сүлжээнд сум, хороодыг бүрэн холболоо

Азийн хөгжлийн банкны Текникийн туслалцааны дэмжлэгтэйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хэрэгжүүлсэн “ТА9372-МОН: Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

2018 онд эхлүүлсэн уг төслийн үр дүнг танилцуулах хаалтын хурал өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт болсон юм. Хуралд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, төслийн зохицуулагч Г.Пүрэвсүрэн тэргүүтэй хүмүүс оролцож, илтгэл танилцууллаа. Мөн 21 аймаг, 9 дүүргийн улсын бүртгэлийн  мэргэжилтнүүд цахимаар оролцож, санал сэтгэгдэл хэлэв.

Төслийн хүрээнд 260 сум, 30 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосноор иргэн, хуулийн этгээд харьяалал харгалзахгүй улсын бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой боллоо. 

Хурлын үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан төслийн үр дүн, сургамж, залгамж холбоо, цаашид анхаарах асуудал, хэрэгцээ шаардлагын хүрээнд илтгэл тавьсан юм. Тэрбээр “Бид төслийн үр дүнгээс товчхон танилцуулахад л үр өгөөж өндөр болсныг илтгэнэ. Тухайлбал, Улсын бүртгэлийн байгууллагыг нэгдсэн сүлжээнд холбосноор иргэдэд үйлчлэхдээ харьяалал харгалзахгүй ажиллах давуу тал үүсэж байна. Хоёрдугаарт, хүний нөөц, сургалтын системтэй холбогдуулан цахимжилтыг хийж өгсөн. Цахим системээр дамжуулан бүртгэл дээр гарч болох зөрчил, үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж болно. Түүнчлэн иргэний улсын бүртгэлийн системийг сайжрууллаа. Систем сайжирснаар тухайн өгөгдлийг боловсруулах хугацаа 2-3 дахин хурдсах зэрэг олон давуу тал үүссэн” гэлээ. 

Улсын бүртгэлийн мэдээллийн сан, програм хангамжийг сайжруулах, бусад бүртгэлийн мэдээллийн сан дахь зөрүүтэй байдлыг багасгах, арилгах, үндсэн системийг дэмжих тоног төхөөрөмж, дэд бүтцийг чанаржуулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, цаашлаад Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус төсөл чухал түлхэц болохыг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа.

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий: 

“Азийн хөгжлийн банк Монгол Улсад 30 жил ажилласан. Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр маш их зүйл хийсэн. Нийгмийн чиглэлээр дэмжлэг үзүүлж байхдаа бүртгэлтэй холбоотой асуудал дээр ажилладаг байсан. Энэ удаагийнх дан ганц бүртгэл дээр ажилласан анхны төсөл байж, бид маш их туршлага хуримтлууллаа.

УБЕГ-ынхан реформ хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байсан учир ямар нэг хүндрэл бэрхшээл гарсангүй. Цаашид бид иргэний бүртгэл төдийгүй, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн бүртгэл дээр томоохон зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн олон улсын байгууллагуудыг оролцуулан, дэмжлэг авах тал дээр ч мөн анхаарна” гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ