Хотын үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэв
2021.10.29
Орон нутгийн хөгжил

Хотын үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын багийнхан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын өдөр үе үеийн хотын дарга нар болон НИТХ-ын дарга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн ёслолын эхэнд Хотын дарга “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НИТХ-ын даргаар үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд талархал илэрхийлж, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг хүргэе” хэмээн мэндчилсэн юм.

Энэ үеэр Хотын даргаар ажиллаж байсан эрхмүүдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Тэднээс “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан үеэ эргэн дурсаж, хийж хэрэгжүүлсэн онцлог ажлаасаа дурдана уу, өнөөгийн хотын өнгө төрхийг хэрхэн үнэлж байна вэ” гэсэн асуултад хариу авсан юм.

Нийслэл хот “Үндсэн хууль”-аа батлуулснаар нийслэлийн ирээдүйн хөгжил шинэ шатанд гарлаа

Монгол Улсын Шадар сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан С.Амарсайхан:

-Юуны өмнө нийслэлчүүддээ Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг хүргэе ээ. Миний амьдрал улс, нийслэлийнхээ ажил, амьдралтай салшгүй холбоотой. НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албыг хашиж, нийслэлчүүдтэйгээ хамтдаа хотоо хөгжүүлэх үйлсэд олон сайхан нөхдийн хамт зүтгэж байсан үеэ дурсахад сайхан байна. Өнөөдөр улс орны хэмжээнд цар тахлын амаргүй цаг үе тулгараад байгаа ч Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа батлууллаа. Нийслэлийн “Үндсэн хууль” гэж нэрлэж болох хуулиа батлуулснаар нийслэлийн ирээдүйн хөгжил шинэ шатанд гарлаа гэж дүгнэж байна. Энэ хууль батлагдсанаар нийслэл хот эдийн засаг, санхүү, төсвийн хувьд бие даана. Хөгжлийн гарц, шийдлийн хувьд ч олон хувилбар бий болж, хот, тосгоныг хөгжүүлэх, дагуул хотыг бий болгох боломж бүрдэж байна. Цаашдаа улсын нийслэл маань аюулгүй байдлын хувьд ч, эдийн засгийн хувьд ч дэлхийн жишигт хүрсэн хот болох бүрэн боломж байна.

“Сая дахь иргэнээ өлгийдөн авч байлаа”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Ц.Батбаяр:

-Нийт нийслэлчүүд, нийслэлийн төлөө хичээнгүйлэн ажилладаг бүх хүмүүстээ түүхт 382 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Миний бие 1990 оноос хойш нийслэлийн есөн дүүргийн нэг болох Багахангай дүүргийн Засаг даргаар 15 жил ажилласан. 2005-2007 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байлаа. Тухайн үед нийслэл гэдэг их айлыг яаж бие даан хөгжүүлэх үү, иргэдийнхээ тав тухтай байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт анхаарч байсан юм. Намайг ажиллаж байх үед нийслэл хот маань сая дахь иргэнээ өлгийдөн авч байлаа. Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулахын тулд УИХ-аас тусгайлсан төсөв батлуулж байсан маань түүх юм. Хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдэд шинэчилсэн зуух, гэрийн дулаалга өгөх зэргээр олон ажлыг санаачилсан боловч хамгийн шилдэг арга бол орон сууцжуулах юм гэдэгтэй санал нийлж байсан сан. Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллыг хөгжүүлэх 11 ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байдаг. Яармаг, Буянт-Ухаа, Зуун айл, Дэнжийн мянга, Зурагт, 14 дүгээр хороолол гэхчлэн газруудын ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. 2008 онд УИХ-ын сонгуульд оролцохдоо газрыг байраар сольё гэсэн уриалга дэвшүүлж байлаа.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх гэж удаа дараа хичээсэн ч боломж бүрдээгүй. Энэ жилийн хувьд хуулийг УИХ-аар шинэчлэн батлууллаа. Нийслэл төсөв, санхүүгийн хувьд бие даан ажиллаж байж эрчимтэй хөгжих болно. Ийм боломжийг бүрдүүлсэн одоогийн хотын удирдлага, баг, хамт олонд баяр хүргэе.

“60 орчим жил шинэчлэгдээгүй дөрвөн том гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан С.Батболд:

-Нийслэлийнхээ бүх иргэдэд нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе. Нийслэл хотын ажил, амьдрал гэдэг бол маш өргөн хүрээтэй, цараа ихтэй ажил байдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан хугацаандаа хийж, хэрэгжүүлсэн хэд хэдэн ажлуудыг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд төр, захиргааны байгууллага ямар хэм хэмжээтэй байдаг тэр голдиролд оруулж өгсөн. Улаанбаатар хотын хэмжээнд 60 орчим жил шинэчлэгдээгүй байсан дөрвөн том гүүрийг шинэчлэх ажлыг хийсэн. Яармаг, Сонсголон, Баянзүрх, Замын цагдаагийн гүүрэн байгууламжийн шинэчлэл нь нийслэл хотын хөгжилд өнгө нэмсэн бүтээн байгуулалтууд байлаа. Мөн Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг шинэ түвшинд гаргахыг зорьж, гуравдугаар шатны эмнэлгүүд, төрөх газрууд гэхчлэн нийтдээ 17 эмнэлгийн гаднах тохижилтыг хийж, Улаанбаатарт анх удаа түргэн тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлсэн гэхчлэн ажлууд санаанд тодхон байна.

Өнөөгийн Нийслэлийн Засаг дарга болон түүний баг, хамт олон амаргүй нөхцөл байдалд хотыг удирдаж, хүндхэн цаг үед амжилттай ажиллаж байна гэдгийг онцолъё. Зөвхөн Улаанбаатар, Монгол Улс бус хүн төрөлхтний өмнө тулгамдсан цар тахлын сорилын үед ажиллаж байна. Хэвийн нөхцөлд ажиллаж байснаас хоёр дахин ачаа үүрүүлж, хэвийн нөхцөлийн үеэс хэд дахин хурдан ажиллахыг шаардаж байгааг ойлгож байна. Төсвийн хомсдол, халдварт өвчний тархалтын үед Нийслэлийн Засаг дарга, түүний баг, хамт олон амжилттай ажиллаж байгаад талархалтай хандаж байгаа. Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй гэсэн үг бий. Нийслэлийн үе үеийн удирдлагууд, төрийн захиргааны ажилтнууд, цаг цагт амьдарч байсан нийслэлчүүдийн хүсэж мөрөөдөж байсан хотыг бүтээх, улам сайжруулахад анхаарлаа хандуулах байх гэж бодож байна.

Түүнчлэн иргэдээ сонсож, тэдний санаа, бодлыг ажилдаа тусгаж байгаа нь анзаарагддаг. Энэ бол сайн чанар. Шинэчлэгдэж буй дэлхий ертөнцөд хамгийн их дутагдаж буй зүйл бол иргэдийн хүсэл, шаардлагад нийцсэн уян хатан хандлага. Иргэдийн хүсэж буй тэр хотын төлөө ажиллах нь Хотын даргын үүрэг байх учиртай юм.

ШИНЭ МЭДЭЭ