МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Түр хороо “КОВИД-19”-ын нөхцөл байдлын ба вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, Засгийн газарт үүрэг, чиглэл өглөө
2021.11.02
Эрүүл мэнд

Түр хороо “КОВИД-19”-ын нөхцөл байдлын ба вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, Засгийн газарт үүрэг, чиглэл өглөө

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2021.11.02/ хуралдаж, Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээллийг сонслоо.

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсад коронавируст халдвараар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 592.994 хүн өвчилсөн бөгөөд зөөвөрлөгдсөн халдвар 666 дотоодын халдвар 592.328 бүртгэгджээ.

Коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн 577.294 иргэн, клиникт хэвтэн эмчлүүлж буй 16.451 иргэн буй бөгөөд нийслэлд 6240 (37.9%), орон нутагт 10.211 (62.1%), дээрх иргэдээс биеийн байдал нь хөнгөн 7577, хүндэвтэр 6456, хүнд 2058, нэн хүнд 360 иргэн байна гэлээ.

Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтэн судлаачдын тооцооллоор халдварын дэгдэлтийн оргил үе 2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын эхэн  үед таарсан байна. Тооцооллоор халдварын тохиолдол аажмаар буурах төлөвтэй байгаа бөгөөд шинэ вариант орж ирэх зэрэг гэнэтийн хүчин зүйл нөлөөлөхгүй бол огцом өсөлт гарахгүй. Харин хөдөлгөөний эрчим өндөр байгаа тул буурах хурд удаан байна гэж тооцож байна гэсэн мэдээллийг өгсөн.

2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 104.0 хувь нь нэгдүгээр тунд, 98.9 хувь нь хоёрдугаар тунд, орон нутагт 88.7 хувь нь нэгдүгээр тунд, 84.0 хувь нь хоёрдугаар тунд тус тус хамрагдсан байна. Улсын хэмжээнд нийт хүн амын 69.3 хувь нь нэгдүгээр тунд, 65.8 хувь нь хоёрдугаар хамрагдсан. Харин вакцины нэмэлт 3-р тунд 418.024 хүн буюу 21 хувь нь хамрагджээ.

 Хүндрэл, нас баралтаас сэргийлэх чиглэлээр ЭМЯ холбогдох мэргэжлийн байгууллагууд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна хэмээн Шадар сайд мэдээллээ. Үүнд:

Цаг үеийн нөхцөл байдал, коронавирусын эмчилгээнд шинээр нэвтэрч буй  эм, тариа, эмчилгээний арга барил зэргээс хамаарч эмнэлзүйн удирдамжид нийт 10 удаагийн өөрчлөлт оруулж баталсан.

Уушги судлал, эрчимт эмчилгээ, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн эрчимт эмчилгээ чиглэлээр нарийн мэргэшсэн эмч нараас бүрдсэн эмнэлзүйн зөвлөх баг, дүүрэг, орон нутгийн эмнэлэгүүд зөвлөн тусалж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, тасалдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн өвчний хүндрэлийн үед эмчилгээнд шаардлагатай Ремдисивир, Тоцилизумаб зэрэг эм, тариаг татан авах, нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Батлагдсан тохиолдлуудыг эрэмбэлэн ангилж, хүнд, хүндэвтэр, хүндрэх эрсдэлтэй бүлгийг нэн яаралтай эмнэлэгт хэвтүүлэх ор зохицуулалтын багийг ЭМС-ын тушаалаар байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Монгол, Хятадын хилийн 4 боомт /Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай,  Сүмбэр-Рашаан, Хавирга-Хашаат/-ыг тодорхойгүй хугацаагаар түр хаасан байна.

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Замын-Үүд-Эрээн, Бичигт Зүүн хатавч 5 авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөн түр зогссон байна. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд /Төмөр зам/, Баянхошуу, Гашуунсухайт, Ханги авто замын боомтууд нээлттэй ажиллаж байгаа аж.

2021 оны 11 сард тасалдал үүсэх эрсдэлтэй эм, эмнэлгийн хэрэгслийн 200 тонн бүхий тариур, систем, эмийн түүхий эд, материал болон антибиотик эмийн ачааг БНХАУ-ын Бээжин хотоос, 49,2 тонн ачааг БНСУ-ын Инчон боомтоос онгоцоор  онгоцоор тээвэрлэн авч ирэх шаардлага бий болжээ.

2021 оны 11 дүгээр сард нийт 43 ширхэг чингэлэг, үүнээс 15 ширхэг 20 футын чингэлэг, 28  ширхэг 40 футын чингэлэг эм, эмийн бүтээгдэхүүнийг Тяньжин боомтоос төмөр замаар тээвэрлэх ажлыг зохион байгуулах юм байна.

ХХААХҮЯ-аас ирүүлсэн жагсаалтад 6 ААН-ийн 70 вагон цагаан будаа, 89 вагон элсэн чихэр ачуулах захиалгыг Хятадын талд хүргүүлэхээр ГХЯ-нд уламжилжээ.

БНХАУ-ын Эрээн өртөөнөөс 60 вагон жимс, нарийн ногоо ачих ажлыг зохион байгуулах юм байна.

Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах: Монгол Улсын Засгийн газар Дэлхийн Банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг сайжруулах зорилгын хүрээнд /Вакцин биобэлдмэлийн үндэсний төв/ агуулахын шинэ барилгыг 3 сарын хугацаанд барьж, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад орууллаа гэлээ. Энэхүү байгууламж нь нийт 1,686 м2 талбайтай бөгөөд хөргөх өрөө, хөлдөөгч, хуурай агуулахтай, өдөрт 100 кг хуурай мөс үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартын шаардлагад нийцсэн, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан цогц бүтээн байгуулалт болсон байна.

Түүнчлэн 2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг сэргээж, Засгийн газар, Шадар сайдын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлснээр монголчууд дотооддоо цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж нээгджээ.

Коронавирусийн цар тахлын үед вирусийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд бие махбодид оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамжиндаа тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн. Иммуноглобулин гэж нэрлэгддэг уургийн бэлдмэлийг хүндэвтэр шатны эмчилгээнд өндөр тунгаар эрт үед хийхэд Ковид-19-ийн халдварын эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс маш сайн сэргийлдэг нь батлагдсан гэсэн мэдээллийг өгсөн.

Хилийн Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах ажилд 9 аж ахуй нэгжийн 23 нэгж техник, 80 ажилтан ажиллаж байгаа аж. Газар шорооны ажил 90 хувьтай, хашаа өргөтгөх ажил 80 хувьтай нийт ажлын гүйцэтгэл 39 хувьтай , рентген төхөөрөмжийн ажил, 88 хувьтай, ариутгалын цэгийн ажлын гүйцэтгэл 77 хувьтай явагдаж буй юм байна.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед Гашуунсухайт хилийн боомтоор уул уурхайн экспортын тээвэрлэлтийг удирдлага зохицуулалтаар хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож буй аж ахуйн нэгж, иргэний халдвар хамгааллын дэглэм сахиулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор Улсын онцгой комисс, Боомтын бүрэн эрхт захиргаанаас тогтмол шуурхай бүлгүүд томилогдон ажиллаж байна.

Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Гашуунсухайт боомтоор уул уурхайн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах түр журамыг батлан хэрэгжүүлж эхэлсэн гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавируст халдвар (КОВИД-19) нөхцөл байдлын ба вакцины дархлаа сэргээх тунгийн явцын талаар мэдээлэл хийв.

Коронавируст халдвар (КОВИД-19) дельта хувилбар дэлхийн бүх бүс нутагт давамгайлж байна хэмээн Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдаад, дельта хувилбарын тохиолдол ба нас баралт  зүүн европ ба Их Британид  өнгөрсөн 14 хоногт эрс нэмэгдсэн гэлээ.

Дельта хувилбарын дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан эрсдэлт бүлэг буюу хүндрэх эрсдэлтэй иргэдийг эмнэлэгт эрэмбэлэн хэвтүүлэх зорилготой нийслэлийн ор зохицуулалтын багийг ажиллуулж байгаа аж. Долоо хоногийн хугацаанд тандалтаар нийт 2818 хүн ирснээс 1887 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. Үүнээс яаралтайгаар 509 хүн, 272 жирэмсэн хүнийг эмнэлэгт эрэмбэлэн ангилж хэвтүүлсэн бөгөөд шаардлагагүй эмнэлэгт хэвтэлт буурчээ. Энэ баг ажиллаж эхэлсний үр дүнд нийслэлд гэрийн нас баралт гараагүй байна.

Вакцины дараа тогтсон дархлаа 3-5 сарын дараа буурч байгаа нь мутацлагдсан хувилбарын халдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлж байгаа судалгаанууд гарсан гэлээ. Тиймээс зарим улс орнууд вакцины нэмэлт тунг хийж эхэлжээ. Тухайлбал, Израйль улсад нэмэлт тун хийлгэсэн 60-аас дээш насны 1.1 сая хүнээс 12 хоногийн дараа 0.1 хувь нь өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улсад нэмэлт тун хийлгэсэн 418,024 хүнээс 14 хоногийн дараа 1 хувь нь өвчилсөн байна. Эдгээр судалгаанаас дүгнэхэд вакцины нэмэлт тунд хамрагдсанаар халдварт өртөх, өртсөн тохиолдолд хүндрэх нас барах эрсдэлээс хамгаалах хувь өссөн байна. Тийм учраас нэмэлт тунд хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна гэлээ.

Одоо хэрэглэж буй ковид-19 вакцинууд аль нь ч үржих боломжтой вирусыг агуулаагүй нь вакцины дархлаа богино байгаагийн нэг шалтгаан гэж үзэж буй аж.

Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар дархлаа сэргээх нэмэлт вакцинжуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг сайд дуулгалаа.

Сайд нарын мэдээллийн дараа УИХ-ын Х.Болорчулуун, М.Оюунчимэг, Б.Бат-эрдэнэ, Д.Өнөрболор, Ц.Идэрбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, вакцины 1, 2 дугаар тунг хийлгэсэн ч дархлалын үйлчлэл буурч байна гэсэн мэдээлэл байна. Гурав дахь тунгаас гадна дөрөв дэх тунгийн асуудал яригдах уу. Ингэж олон дахин вакцин хийснээр хүний унаган дархлаанд нөлөөлөхгүй юу гэсэн асуулт тавьсан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хариулснаар, ковидын вакцины бүрэн тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа хамгийн өндөр хэмжээнд тогтож, 2, 3 дахь сараас хойш буурч байна гэсэн судалгаа гарсан. Бид дархлааны санамж эсийг сэргээх, дараагийн мутацид орсон хувилбараас сэргийлэхийн тулд 3 дахь тунг эхлүүлсэн. Цаашид дараа дараагийн хувилбар гарах эсэхийг судлаад явж байна. Ямар хэлбэр байх, ямар хурдаар тархах, ямар эмнэл зүйгээр эмчлэхийг одоогоор хэлэх боломжгүй байна. Дельта хувилбар цаашид улирлын томуу шиг дэгдэлт хэлбэрт шилжихийг үгүйсгэх аргагүй. Цаашид жилд нэг удаа хийх вакцин гаргах, эмчилгээг тодорхой болгох талаар эрдэмтэд ажиллаж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, эдийн засаг, нийгмээ бодож байна гээд бүхнийг нээж байгаа ч гэсэн стандартаа хатуу мөрдүүлэхгүй байгаагаас өвчлөл буурахгүй байна гээд хурдтай ажиллах, урьдчилсан анализ хийж, шуурхай арга хэмжээ авахдаа Улсын онцгой комисс анхаарч ажилламаар байна гэлээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс эрүүл мэнд, эдийн засгийг хамтад нь авч явах уян хатан бодлого баримтлан ажиллаж байна. Өнгөрсөн 5 дугаар сараас хойш хатуу хөл хорио тогтоохгүйгээр хэсэгчилсэн хязгаарлалт явуулах замаар халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн үед үйл ажиллагаа явуулахыг хориглосон 18 чиглэлээс 4290 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 3662 аж ахуйн нэгж байгууллагатай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар “Хариуцлагын гэрээ” байгуулсан байна.

Эдийн засаг, иргэдийн амьжиргаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ”-г ресторан, бүх төрлийн баар, кафе, кофе шоп, хоолны газар, амралт, жуулчны бааз, дэн буудал, саун, бассейн, фитнесс, тоглоомын газар, кино театр зэрэг нийт 2,563 ААНБ-тай байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, ковидоор өвчилсний дараа биед үлдэх урхагаас сэргийлэх зорилгоор нөхөн сэргээх асуудалд дэлхийн улс орнууд анхаарч байгааг дурдаад, нөхөн сэргээх үйл ажиллагааг улс орны хэмжээнд өрнүүлэх бодлогын ямар зохицуулалт арга хэмжээ авч байгаа вэ гэсэн асуулт тавьсан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Ковидоор өвдөөд эдгэсний дараа хүний биед 64 төрлийн хам шинж илэрч байгаа. Ядрах сульдах, толгой өвдөх, цээжээр хөндүүрлэх шинж тэмдэг голдуу илэрч байна. Бид эмчилгээ, оношилгооны удирдамжийг шинээр гарган эмнэлгүүдэд нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт зохион байгуулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна гэлээ.

Эцэст нь Түр хорооноос Засгийн газарт Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээ авах үүрэг, чиглэл өглөө.

ШИНЭ МЭДЭЭ