МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.03
Зам, Тээвэр

Х.Ганхуяг: Хуулийн төслийн зорилго тодорхойгүй байна

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн \2021.11.03\ хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг асуулт тавилаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хуулийн нэмэлт өөрчлөлтийн зорилгыг сайн ойлгосонгүй. Ослын тоог бууруулах гээд байна уу, хувийн хэвшлийн компаниуд ашигтай ажиллаж болохгүй байна гэж үзэж байгаа юм уу? Сайн явж байгаа зүйлийг ингэж бусниулах хэрэг байна уу? Гурав, дөрвөн компани хувьцаа гаргаад явж байна, цаана нь 3000-4000 хувьцаа эзэмшигчийн асуудал байгаа.

Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржд бүртгэгдээд явж байна. Бид хөрөнгийн биржд итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх гээд бодлоо бариад явж байхад энэ хууль гарахаар хувьцаат компаниуд маань цаашид оршин тогтнох эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй болох юм биш үү гэж харагдаад байна.

Энэ жилийн хувьд ашигтай ажиллаж байгаа цөөн компани байдаг. Даатгалын компаниуд ашигтай гарсан юм байлгүй дээ. Энэ зохицуулалтаар ослын тоо буурна гэдэгт эргэлзэж байна. Ослын тоо буурах шалтгаан нь стандартын бус тээврийн хэрэгсэлтэй илүү холбоотой болов уу гэж бодох юм. Яаж энэ ослын тоог буурна гэж үзэж байгаа юм?

Цаашид бид хувийн хэвшлийн ашигтай хийж байгаа зүйлсийг төрийн өмч, төрийн хэвшил рүү шилжүүлээд явах юм уу? Би сайн ойлгохгүй байна. Хоёр сарын өмнө төрийн 3 өндөрлөг хувийн хэвшилтэй уулзаад дэмжье, яаж дэмжүүлмээр байна гэсэн бүр эсрэг юм ярьсан. Тэгтэл хууль нь өөр юм орж ирээд байгаад тайлбар авмаар байна.

Түүний асуултад Т.Аюурсайхан гишүүн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ