2021.11.03
Зам, Тээвэр
Осол гаргаагүй жолоочийг урамшуулах хуулийн төсөл хэлэлцэгдэж байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2021,11,03/-ны өдөр Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ хуулийн зорилтыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж анх тодорхойлжээ.
Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Монгол Улсад бүртгэлтэй Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих авто тээврийн хэрэгслийн тоо 2020 оны эцсийн байдлаар 900 мянга орчим байгаагаас 650 мянга нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагджээ. Зам тээврийн осол гаргасан жолоочийн тоо 2020 оны байдлаар 27983 байгаа ба ослын тоо сүүлийн есөн жилийн хугацаанд энэ түвшинд байна. Энэ хууль хэрэгжиж, хохирогчид нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 оны хооронд 231201 хүнд 121 сая төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдын төлсөн хураамжийн орлогоос олгосон байна. Энэхүү хохирлыг ямар аргачлалаар хэрхэн үнэлгээ хийх нэгдсэн журам ч батлагдаагүй байна. Зам тээврийн осол гаргасан этгээд нийт даатгуулагчдын 4-5 хувийг эзэлж байна.Харин үлдсэн 90 гаруй хувийн эрх ашгийг хамгаалахад энэ хуулийн төсөл чиглэгдэж байгаа гэдгийг уг хуулийн төслийг санаачлагч онцоллоо.
Энэ хууль батлагдсанаар дараах өөрчлөлт хуульд тусгагдах боломжтой.
- Хохирлыг бодитоор үнэлдэг болно.
- Эрүүл мэнд, амь насны хохирол гараагүй бол цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр, давхар зөрчлийн оноо хасуулж, торгуулахгүйгээр даатгалаас нөхөн төлбөр авдаг болно.
- Осол гарсан даруйд засварын газарт шууд очиж автомашинаа засуулдаг болно. /Төлбөр тооцоо Даатгалын сангаас засварын газарт шилжинэ. Үндэслэлгүй үнэ өсгөх, чанаргүй засвал гэрээг цуцлах хяналтыг тавина./
- Зөвхөн автомашин эзэмшигч даатгал төлж, тухайн автомашиныг жолоодсон гэр бүл, үр хүүхэд, бусад хүмүүс даатгалтайд тооцогдоно.
- Осол гаргаагүй жолооч нарын даатгалын хураамжийг бууруулна.
- Заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах, зарим тохиолдолд газар дээр нь шуурхай алба очихгүйгээр цахимаар ослын нөхцөлийг тодорхойлох боломжтой болно.
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл орж, хяналт тавих боломжтой болно.
- Даатгалын санд хуримтлагдсан мөнгө хэн нэгэнд ашиг болохгүй, үүнийг жолооч нарын өөрсдийнх нь төлөө зарцуулна: Соён гэгээрүүлэх, сургах, ослыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах.
Зэрэг олон чухал заалт орсон гэдгийг онцолоо.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Г.Амартүвшин гишүүний хувьд хуулийн төслийг хэлэлцэхдээ санхүү хариуцаж байгаа холбоо болон Засаглалын асуудлыг сайн бодолцож шийдвэр гаргах талаар анхаарууллаа.
Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хууль батлагдаад гарсаны дараа гарах эрсдэлээ сайн хараарай. Сангаар дамжих санхүүгийн асуудалд сайн анхаарах хэрэгтэй. Төр ийм зүйлд оролцохоор асуудал их гардаг гэдгийг санууллаа.
УИХ-ын нэр бүхий 20 гишүүн санаачилсан Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлэг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэгдэх юм.
ШИНЭ МЭДЭЭ
"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ
2021.12.29