“Сүхбаатар” хөлөг онгоцыг музей болгоно
Эх сурвалж: nema.gov.mn
2021.11.03
Байгаль Орчин, Аялал жуулчлал

“Сүхбаатар” хөлөг онгоцыг музей болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 03-нд боллоо. Хуралдаанаар Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоцыг музей болгож, онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулахаар шийдвэрлэлээ.

Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад, тус хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгалаа.

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг энэ оны аравдугаар сарын 01-нээс зохион байгуулж байна. 

Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ