МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баярсайхан: Эдийн засаг хөгжлийн яамд хүний хөгжил хариуцсан бүтэн хэлтэс, газар байх юм уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.04/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох, 2 яам нэмэхийг үндсэндээ дэмжиж байна. гэхдээ нэг чухал асуудал орхигдоод байна. Өмнөх чуулганы хуралдаан дээр мөн асууж байсан. Эдийн засгийн хөгжийн яамд хүний хөгжлийн асуудлаа яаж оруулж байгаа юм бэ? Манай улсын хувьд ганц гол алдагдаад байгаа зүйл нь хүний хөгжлийн бодлого. Сүүлийн 30 жилд бид хүнээрээ хүн хийдэг ардын ухаан, уламжлалт зан заншил, төрийн бодлого нь алдагдсан учир өнөөдөр ёсзүйн асуудал, чадваргүй мэргэжилтнүүдийн асуудал, салбар бүр доройтсон ёс суртахууны асуудал ийм байдалд хүрсэн гэж дүгнэж байгаа.

МАН 2020 онд УИХ-ын сонгуульд 5 үндсэн чиглэлээр хөгжих хөгжлийн тодорхойлолтыг гаргахдаа нийгмийн хөгжлөө хүний хөгжлийн бодлого болгон өөрчилсөн. Өнөөдөр МУ-д хүний хөгжлийг боловсруулдаг, авч явдаг ямар ч институц байхгүй. ХНХЯ нь хүн амзүйн хөгжил гэсэн чиг үүрэгтэй явж байгаа. Хүнээ хөгжүүлэх асуудлаа БШУЯ-даа даатгадаг. Энэ 2 яамд 2-ууланд нь энэ чиг үүрэг хангалтгүй байна. Өөрөө хэлбэл Монгол Улс ямар хүнтэй, ямар иргэнтэй байх юм, эдийн засгийн хөгжлийг авч явах чадвартай, зөв, ёсзүйтэй иргэнээ яаж гаргаж ирэх юм бэ гэсэн том бодлого, түүнийг нь хэрэгжүүлдэг институц байхгүй.

Тэгэхээр Эдийн засаг хөгжлийн яамд хүний хөгжил хариуцсан бүтэн хэлтэс, газар байх юмуу? Эсвэл Эдийн засаг болон хүний хөгжлийн яам гэж явах юм уу гэдгийг би өмнөх чуулган дээр асууж байсан. Үүнд миний санаа маш их зовж байна.

2020-2024 онд хүний хөгжлийн  цогц бодлогоо боловсруулна гэчихээд өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй. Энэ ажлаа эхэлж чадаагүй. Засгийн газрын хөтөлбөрт орчихсон ийм том асуудал байгаа. Үүнд хариулт авмаар байна.

Хоёрдугаарт, Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд бас л кибер аюулгүй байдал, хүний хувийн мэдээлэл гээд цахим орчинд хүний эрхийг хамгаалах асуудал бүхлээрээ орхигдоод байна. тэгэхээр зарчмын зөрүүтэй санал дээр УИХ-ын дарга та дараагийн хэлэлцүүлэг дээр үүнийг сайжруулж орж ирэх чиглэл өгөөч ээ. Цахим орчинд хүнээ хамгаалах талд улс орон бүр хуулиа гаргаад эхэлсэн. Гэтэл манайд бас л хүн орхигдсон байна. Энэ хоёр асуултанд хариулт авья.

Түүний асуултад Ажлын хэсгийн дарга Д.Тогтохсүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ