МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.04

Ч.Ундрам: Яг ижил түвшний яамны боловсруулсан судалгаа, төлөвлөгөөг бусад яам зөвшөөрч, хэрэгжүүлж явна гэсэн баталгаа байна уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.04/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Хоёр яамыг дэмжиж байгаа. Гэхдээ санаа зовж байгаа асуудал бас байна. Эдийн засаг, хөгжлийн яаманд макро эдийн засгийн бодлого, судалгаа төлөвлөлтийг хийнэ гэж байгаа. Энэ бол манай улсын эдийн засгийн өсөлтөд маш чухал. Гэхдээ яам, сайд нь нэг ранк дээгүүр байж боловсруулсан судалгаа төлөвлөгөөг нь бодлогодоо шингээж, хэрэгжүүлж явах юм бишүү.

Яг ижил түвшний яам, сайдын боловсруулсан судалгаа, төлөвлөгөөг бусад яам зөвшөөрч, үгэнд нь орж хэрэгжүүлж явна гэсэн баталгаа байна уу. Үүнийг бусад хуулиараа хууль, эрх зүйн орчинг нь хангаж өгч чадсан уу?

Хуучин бол төлөвлөгөөний төв комиссын боловсруулсан бодлого, төлөвлөгөөг бүх нэгжүүд хэрэгжүүлдэг байсан. Хувь хүн дээр очтол нь төлөвлөж, хэрэгжүүлдэг байсан шүү. Үүнийг бусад хууль, эрх зүйн орчноороо дэмжих байдлаар хангаж өгсөн үү гэдгийг асууя.

Хоёрдугаарт, жендерийн хөгжлийн асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд оруулахаар Байнгын хороонд зарчмын зөрүүтэй санал оруулж байгаад баяртай байна. Жендерийн асуудал бол бүх яамны, бүх салбарын асуудал.

Монгол Улсын хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Бүх салбарт эмэгтэйчүүд хамгийн  гол ажлуудыг хийж байгаа. Багш, эмч нар, төрийн албанд гүйцэтгэх түвшинд бүх салбарт эмэгтэйчүүд олонхоороо ажлыг гүйцэтгэж байгаа. Тиймээс үүнийг буцаж Төрийн байгуулалтын байнгын хорооны мэдэлд авчирч байгаад маш их баяртай байна.

УИХ-ын гишүүний асуултад С.Бямбацогт гишүүн хариулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ