СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Д.Баярсайхан: Агаарын тээврийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төрийн тогтвортой бодлого хамгийн чухал
2021.11.08
Зам, Тээвэр

Д.Баярсайхан: Агаарын тээврийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төрийн тогтвортой бодлого хамгийн чухал

Дэлхийн 190 гаруй орны 7 тэрбум хүний улс хооронд зорчих гол шугам болсон агаарын тээврийн хөгжил өнөөдөр маш хурдтай хөгжиж, дэвшиж байна. Далайд гарцгүй манай улсын хувьд 90 жилийн түүхтэй агаарын тээврийн энэ салбараа эдийн засгийн гол зангилаа болгож хөгжүүлэх ёстой. Энэ талаар “Air Busan” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Д.Баярсайхантай ярилцлаа.

Монгол Улсын агаарын тээврийн салбарыг сүүлийн жилүүдэд  либералчилж чөлөөтэй болгоё гэж байгаа ч энэ ажил сайн хийгдэхгүй байна. Харин та энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд манай улсын агаарын тээврийн өрсөлдөх чадварыг хэрхэн дүгнэх вэ?

-Монгол Улс агаарын тээврийн салбараа чөлөөтэй болгон, либералчилах алхамаа хийж, 2018 онд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан. Үүний хүрээнд Монголын үндсэн чиглэл болох БНСУ-ын Инчеон хотын чиглэлийн нислэгийг задлах үйл явц эхэлсэн. Солонгос-Монголын агаарын харилцааны хэлэлцээр явагдаад 2018 онд 1300 байсан суудлын тоог хоёр талаасаа 2500 болгож нэмэгдүүлсэн. Үүн дээр нэмээд  БНСУ-ын талаас тус улсын томоохон агаарын тээвэрлэгч “Asiana airlines” орж ирэхээр гэрээ, хэлэлцээр хийгдээд явж байна.

Харин Монгол Улсын талаас мөн адил нэг том компани гарах ёстой. Гэвч одоогоор МИАТ компани ганцаараа нислэг үйлдэж байна. Хэдийгээр бусад авиа компаниуд БНСУ-руу нислэг үйлдэх 100 хувь  сонирхолтой байгаа хэдий ч манай улсын Засгийн газар, Зам, тээврийн яамнаас ганцхан “Изинис Эйрвэйз” компанид зөвшөөрөл олгосон гэхдээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ганц ч нислэг үйлдээгүй байна.

Угтаа Монгол Улс агаарын тээврийн салбараа чөлөөт, өрсөлдөөний зарчмаар хөгжүүлбэл улсын эдийн засаг, аялал, жуулчлалын салбарын хөгжилд томоохон нөлөө үзүүлэх боломж бий. Үүнийгээ дагаад зочид буудал, зоогийн газар болон бусад уялдаа холбоотой үйлчилгээний салбаруудын ашиг орлого нэмэгдэж, эдийн засгийн чадамжтай болох юм. Засгийн газраас либералчиллыг үе шаттай хийж байгаа ч өнөөдрийн байдлаар Ковид-19 цар тахалтай холбоотойгоор түр зогсонги байдалтай байна.

Д.Баярсайхан: “Air Busan” компанийн монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал

Бусад авиа компаниуд нислэг хийх 100 хувийн сонирхолтой байгаа ч Засгийн газар, салбарын яамнаас зөвшөөрөл олгохгүй байгаа гэлээ. Үүний шалтгаан нь юу байна вэ?

Төр хувийн хэвшлийн ави компаниа дэмжих ёстой

-МИАТ компани бол 100 хувь төрийн өмчит компани учраас төр өөрийнхөө төлөөллийн компанийг Олон улсын нислэгт явуулж байна. Бусад авиа компаниудын хувьд тодорхой түвшиний нислэгийн чиглэл аваагүй учраас онгоцны парк шинэчлэл буюу том онгоц авч нислэг үйлдэх боломжгүй байна. Иймд хувийн компаниудад нислэгийн чиглэл олгосоноор энэ компаниуд парк шинэчлэлээ сайжруулж, олон улсын чанар, стандартад нийцэхүйц том багтаамжийн онгоц авч чадна. Ингэснээр олон улсын нислэг үйлдэж эдийн засгийн ашиг орлоготой болох юм. 

БНСУ-ын агаарын тээврийн салбар өмнө нь Korean air гэсэн төрийн компаниа дэмжээд дараа нь Asiana airlines зэрэг авиа компаниудаа дэмжиж нислэгийн чиглэлээ задлах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож өнөөгийн хэмжээнд хүрсэн гэдэг. Манай улсын хувьд одоо байгаа авиа компаниудаа чөлөөт өрсөлдөөний зарчмаар  явуулах боломж байна уу? 

-Жишээ нь БНСУ-ын Korean air компани 1962 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 28 жил тус улсын агаарын тээврийн салбарт ганцаараа үйл ажиллагаа явуулсан. Түүний дараа Asiana airlines  компани 1988 онд байгуулагдсан. Энэ салбарт хувийн компани гарч ирсэнээр дассан хэв маяг өөрчлөгдөх, компани удирдлага болон ашиг орлогоо олдог, төр засгийн хувьд 50, 50 хувийн эрсдэл гарч ирсэн. Хувийн компани гарч ирсэнээр улсын компанийг татан буулгаад хүмүүсийг нь ажилгүй болгоно гэсэн айдас дэлхий нийтэд байдаг.

Өнгөрсөн түүхээс харвал манай МИАТ компани олон жил гадагшаа нислэг үйлдэж байгаа. Үүн дээр нэмэгдээд Хүннү айр, Эйр-Монголиа, Изинис эйрвэйз зэрэг хувийн компаниуд орж ирсэнээр давтамжийн тоо нэмэгдэнэ. Ингэхээр тийзний үнэ буурч иргэдэд сонголт үүсч, өрсөлдөөн бий болно. Түүнчлэн үйлчилгээний чанар сайжирч хуримтлал бий болох сайн талтай. Цогцоор нь харвал нэг чиглэлд тогтвортой олон удаагийн нислэг хийснээр гадаад, дотоод ялгаагүй зорчигчдийн тоо нэмэгддэг. Тухайн нислэг тогтвортой байснаар аялал жуулчлалаар орж ирэх жуулчдын тоо нэмэгдэж, бизнес эрхлэгчид тухайн чиглэлийг сонгож үйлчлүүлэх давуу талууд асар ихээр үүсдэг. 

Монголын агаарын тээврийн салбарт шудрага өрсөлдөөн хэрэгтэй

БНСУ-ын жишээгээр яривал, тухайн улсаас жилдээ 1 сая жуулчид Монгол Улс руу ирье гэхэд зөвхөн 100 мянган жуулчид л манайд орж ирэх боломжтой байдаг гэхчилэн тодорхой түвшиний тоо байдаг.  Зун жуулчид орж ирэх гол улирлын хувьд монгол талаас гарч явах хүний тоо, Солонгос талаас орж ирэх хүний тоо харилцан адилгүй. Үүнээс шалтгаалаад аялалын компаниуд нислэгээ авч чаддаггүй.  Нислэгээ авахын тулд маш үнэтэй тасалбараар нислэг явуулах шаардлага үүсдэг. Зүүн өмнөд Ази руу 500 долларын өртөгтэй аялалд гарч байхад Монгол руу 1500 доллараар гарч байх жишээтэй. Монголд асар их мөнгө төлж ирээд хүссэн үйлчилгээгээ авч чаддаггүй учраас дахиж манайд ирдэггүй. Түүнээс гадна жуулчдын сэтгэл ханамж маш муу байдаг. Харин Зүүн Өмнөд Азид хүссэн хүн очиж аялаад ирэх боломжтой байна. Иймд манай улс ч гэсэн бусад авиа компаниудад нисэх чиглэлээр хангах, нислэг үйлдэх боломж олгох л хэрэгтэй. 

Дотоодын авиа компанид хөгжих боломж дутагдаж байна

Миний хувьд Air Busan компанийн Монгол талын төлөөлөгчөөр ажиллаж байгаа хэдий ч Монголын авиа компаниуд маш хурдан хөгжиж, парк шинэчлэлээ хийж, олон том онгоцтой болж гадны авиа компаниудтай өрсөлдөх чадвартай болоосой гэж хүсэж явдаг. Яагаад гэхээр Монголын агаарын тээврийн салбарыг гаднаас нь харахад бид тогоон дотроо бужигнаад байгаа болохоос бие биендээ хөгжих боломж олгохгүй байгаа нь харагддаг. Харин гадны компаниуд, жишээ нь БНСУ-ын Зам тээврийн яам Korean air, Asiana airlines, Air Busan… зэрэг олон компаниудад ижил түвшний ижил алслал, эдийн засгийн үндэслэлтэй улс руу адилхан чиглэл хуваарилж  өгдөг. Ингэж маш хурдтай энэ салбараа либералчилж өгснөөр БНСУ-ын эдийн засаг сайжирч, тухайн улсын авиа компаниудын хүчин чадал энэ хэмжээгээр нэмэгдсээр ирсэн түүхтэй. 

Д.Баярсайхан: “Air Busan” компанийн монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал

Агаарын тээврийн компаниудын өрсөлдөх чадварын гол шалгуур нь юу вэ? Манай авиа компаниуд тэдгээрийг хангаж чадаж байна уу?

-Юун түрүүнд тухайн авиа компани аюулгүй байдал, боловсон хүчний чадвар, үйлчилгээний өртөг зэргийг хэлж болно. Дээр нь нэмээд нислэгийн чиглэл чухал үүрэгтэй. Ашигтай чиглэл авснаараа тухайн компани хүний нөөцөө сургаж, чадваржуулж, парк шинэчлэлээ нэмэгдүүлж, хүмүүсээ дадлагажуулж ойрын 5-10 жилийн алсын хараагаа тодорхой болгож зорилго тавина. Манай жижиг авиа компаниуд өндөр ашигтай, нислэгийн чиглэл байхгүй болохоор яах нь тодорхой бус, маш өндөр зардлаар нисгэгч, инженер бэлдэж чаддаггүй. Жишээ нь нэг нисгэгч жилд 2 удаа 40-50 мянган долларын өртөгтэй давтан сургалтанд суусан байх шаардлагатай. Инженерүүд мөн адил. Энэ боломж манайд байхгүй байна. Өрсөлдөх чадварын хувьд хүний нөөцийн маш их дутагдалтай. Нэг жижиг компани 5-7 жил нисгэгч бэлдэж байж, том оврын онгоц оруулж ирэх боломжтой болж байна. Зарим тохиолдолд удаан хугацаанд бэлтгэсэн боловсон хүчнээ бусад компанид алдах ч тохиолдол элбэг. 

Монгол Улс агаарын тээврийн салбараа сайн хөгжүүлж чадвал дэлхийн бизнес, эдийн засагтай холбогдох боломжтой. Гэтэл энэ салбараа хөгжүүлэхгүйгээр  дээрх боломжийг хүртэж чадахгүй. Тэгэхээр одоо бидэнд ямар гарц байна?

Бид далайд гарцгүй улсын хувьд агаарын тээвэр нэг номерт байх ёстой гэж анхаарлаа хандуулж, бодлогоо тодорхойлох шаардлагатай. Гуравдагч улс уруу явахад агаарын тээвэр зайлшгүй хэрэгтэй. Агаарын тээврийн салбараа карго болон бусад зүйлээр маш сайн хөгжүүлж байж аялал жуулчлал бизнесийн салбар шинэ шатанд гарна. Хэрвээ өнөөдөр шиг мөлхсөн байдалтай Засгийн газар, салбарын сайд нар нь маш хурдан солигддог байдалтай явбал тус салбар хөгжихгүй. Гол нь энэ салбараа мэргэжлийн чиг баримжаатай хүнээр удирдуулж мэргэжлийн баг нь зөв, сайн, шуурхай шийдвэр гаргаж ажиллаж чадвал хөгжих бүрэн боломжтой. Өмнөх алдаагаа харахаар мэргэжлийн бус хүн салбараа удирддаг тэгээд ажлаа ойлгож, туршлагажиж байтал ахиад л засаг солигддог.

Ядаж дөрвөн жилээр удирдлага нь тогтвортой ажиллах шаардлагатай. Одоо бид агаарын тээврийн салбараа амаараа, эсвэл бичиг цаасан дээр биш бодит байдлаар маш хурдан либералчилж, шинэ нисэх буудлыг түшиглээд ямар ч улсын онгоц Монгол улсад буудаг болгох шаардлага байгаагаас гадна энэ салбарын хөгжил Зүүн өмнөд Ази шиг болох хэрэгтэй. Ингэж байж аялал жуулчлал хөгжиж, эдийн засгаа солонгоруулах боломж бүрдэнэ. Харамсалтай нь бид уул уурхайгаас гадна эдийн засгаа солонгоруулах аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэж лоозогноод байгаа ч хийсэн ажил ховор байна.

Бусад авиа компаниудад гадаад улс руу орох, гарах чиглэл өгөх ёстой

-Нэн түрүүнд бусад улс руу орох, гарах боломжийг авиа компаниудад нээж өгөхөөс гадна бусад орнуудын авиа компаниудад тодорхой хэмжээний хязгаар тавиад агаарын харилцааны хэлэлцээрээ жилд өөрчлөж шинэчилээд Европын холбоо, Хятад, Солонгос гэх мэт аялал жуулчлал өндөр хөгжсөн улсаас олон нислэг татсанаар манай улсын эдийн засагт маш их дэвшил авч ирнэ. Зүгээр л 1-2 авиа компаний 1300 орчим иргэдийн эрх ашгийг бодож амьдарсан дээр үү, эсвэл 3 сая гаруй Монголчуудынхаа эрх ашгийг бодож ажилласан дээр үү? гэдгийг бодох ёстой асуудал.   

Д.Баярсайхан: “Air Busan” компанийн монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал

Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтанд ороод, үйл ажиллагаа явуулж байгаа нь  агаарын тээврийн салбарт ямар боломж олгож байна?

оёр талаасаа зурвастай шинэ нисэх буудал ашиглалтанд орсон чухал үйл явдал 2021 онд боллоо. Үүний үр дүнд агаарын саатал 97 хувь буурна. Жишээ нь Улаанбаатарт буусан онгоц агаар муу байна, газардах боломжгүй гэж бөөн бужигнаан үүсдэг байсан асуудал үндсэндээ шийдэгдлээ. Жуулчид хүлээн авах хүчин чадал 2 дахин нэмэгдсэнээс гадна манайхаар дамжин өнгөрөх транзит нислэг авах боломж бүрдэж байна.

Энэ нь тухайн улсын онгоц нисэх онгоцны буудалд буугаад, буцаад хөөрөх болгондоо, түүнчлэн Монгол улсын дээгүүр хөөрөн өнгөрөх бүртээ манай улсад төлбөр төлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашдаа шинэ нисэх буудлын үйл ажиллагаа жигдэрч, төгөлдөржсөнөөр энэ салбарын хөгжилд олон талын ач холбогдол авчирна гэж харж байна.

ШИНЭ МЭДЭЭ