Хүндрэл сөрсөн 2022 оны төсөв
Монгол Улсын Их Хурал ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор батлахаар хуульд заасан байдаг. Үүний дагуу Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын даргад өргөн барьсан билээ.
2021.09.30 Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барив
Хуулийн хүрээнд Уг хуулийн төслийг УИХ-аар хуулийн хугацаанд багтаан 5 удаагийн хэлэлцүүлэг хийж батлах хуваарьтай. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийлээ.
2021.11.04 УИХ-ы нэгдсэн чуулганы хуралдаан
Монгол Улс Коронавируст халдварын цар тахлын үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дасан зохицож “Хөдөлмөр-Бүтээмж-Өсөлт”-д чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлж эдийн засгаа сэргээх шаардлагатай байна.
Тиймээс төсвийн бодлогын хүрээнд
- эдийн засгийн сэргэлт, өсөлтийг эрчимжүүлэх,
- томоохон төсөл хөтөлбөрийн бүтээн байгуулалтыг дэмжих,
- гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөнгөвчлөх,
- төрийн өмчийн хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэх,
- ил тод байдлыг хангах, төрийн хяналт шалгалт, хүнд суртлыг багасгахад чиглэсэн төрийн цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх
зэрэг шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх замаар төсвийн орлогыг бүрэн дайчилхаар хуульд тусгажээ.
Түүнчлэн,
- хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх,
- иргэнээ дагасан, үр дүн, чанарт суурилсан төсвийн хуваарилалт-санхүүжилтийн тогтолцоонд шилжиж төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,
- төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлж, төр худалдан авдаг тогтолцоог нэвтрүүлэх,
- орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зэргээр төсвийн урсгал зардлын үр ашиг, үр дүнг сайжруулахад чиглэсэн
арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсанаар хөдөлмөр эрхлэлт, бүтээмж нэмэгдэж, эдийн засгийн бодит өсөлтийг дунд хугацаанд 5 хувьд хүрч тогтворжуулахаас гадна төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах боломж бүрдэнэ гэж Засгийн газрын зүгээс үзсэн байна.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслөөс гадна Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг ч хамт хэлэлцэн батлах учиртай.
Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай:
Хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2022 оны төсвийн жилд нийгмийн даатгалын сангийн эх үүсвэр бий болгож хуримтлуулах, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжид зориулан хөрөнгө зарцуулах эрх зүйн орчин бүрдэнэ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай:
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлж эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх, эмнэлгийн хагас бие даасан байдлыг ханган, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх замаар улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын үр ашгийг дээшлүүлж, иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн бэрхшээлийг бууруулна гэж заасан. Энэхүү зорилтын хүрээнд эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангах, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт олгох эрүүл мэндийн даатгалын санд улсын төсвөөс хариуцах тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тусгах асуудлыг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэн нэг худалдан авагчийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанар, үр дүн, гүйцэтгэлээр санхүүжүүлэх шаардлага бий болоод байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу 2022 оны төсвийн жилд эрүүл мэндийн даатгалын сан бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт биелж, эрүүл мэндийн даатгалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлж зарцуулах эрх зүйн орчин бүрдэнэ.
Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай:
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Хуримтлалтай Монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж, хүүхэд бүрт зориулсан хадгаламжийн нэрийн дансыг банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудад нээж хүүхдийн хуримтлал үүсэх эрх зүйн орчин уг хууль батлагдсанаар бүрдэнэ.
Монгол Улс “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг 1995 оноос зөвхөн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, зорилтот бүлэгт чиглүүлж хүүхдийн тэтгэмж олгож байсан бол 2006 оноос 0-18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 3.0 мянган төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 2007 оноос жилд нэг удаа 100.0 мянган төгрөг, 2009 оноос сар бүр 21.0 мянган төгрөг, 2012 оноос сар бүр 20.0 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож байсан.
Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьжиргаа, орлогыг дэмжих чиглэлээр холбогдох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлсний нэг нь хүүхэд багачуудыг хүнс, тэжээлийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, теле-хичээл, цахим сургалтад хамрагдах боломжоор хангах зорилгоор мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.0 мянган төгрөгийг олгож байгаа.
Хэдийгээр цар тахлын үед дээрх арга хэмжээ нь цагаа олсон, хүртээмж, үр дүн өндөртэй байгаа боловч урт, дунд хугацаанд бэлэн мөнгө тараах халамжийн бодлогоос үе шаттайгаар татгалзаж, хүүхдийн хуримтлалын тогтолцоонд шилжих шаардлагатай байна. Ингэснээр, ирээдүй хойч үедээ хуримтлал үүсгэх, хүүхэд бүр санхүүгийн мэдлэгт суралцаж, зөв төлөвших, 18 нас хүрээд өөрийн хуримтлалаар боловсролдоо хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.
Иймд улс орны ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулах, хуримтлалтай, санхүүгийн баталгаатай, мэдлэгтэй иргэн болж төлөвшүүлэх төрийн бодлогын хүрээнд нийгмийн халамжийн тогтолцооноос татгалзаж байгалийн баялгийн өгөөжид суурилсан хуримтлалын тогтолцоо буюу “Хуримтлалтай монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн Засгийн газраас үзсэн байна.