2021.11.09
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Б.Энх-Амгалан: Цахим орчинд хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хуулиар хэрхэн хангах вэ?
УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
"Хүний хувийн мэдээллийн тухай хуульд хувь хүний нууцын талаар тунхаглалын шинжтэй байгаа учраас үүнийг тодорхой болгоно гэж байна. Хувь хүний захидал, чат, мессеж, мессенжер, фэйсбүүкийн мэдээлэл, хувийн гэрэл зургийн мэдээлэл гээд янз бүрийн юмнууд гараад байдаг. Үүний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? нөгөө талдаа хэвлэл мэдээллийн байгууллага олж байгаа мэдээллээ заавал эзнээс нь зөвшөөрөл авахгүй гэчихээд нөгөө талаараа мэдээлэл цуглуулах боловсруулах, ашиглах хэрэглэхэд аюулгүй байдлыг нь ямар байдлаар хангахаар тусгаж байгаа вэ? Хамгийн гол нь цахим халдлага гээч зүйл асар их байна.
Цахим халдлага, гүтгэлгийг хэрхэн зохицуулах вэ? Хүний нэр төр, удам судар, эрхэлж буй ажил, албан тушаал, эд хөрөнгө, үзэл бодолтой нь холбоотойгоор дайрч гүтгэж байгаа тал дээр хэрхэн анхаарах вэ?"
Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хариулахдаа,
"Мэдээлэл хариуцагч мэдээлэл цуглуулах боловсруулах үүргийг гэрээний үндсэн дээр мэдээлэл боловсруулагчид шилжүүлж болно гэж 19.1-д заасан байгаа. Энэ нь мэдээллийг цуглуулж боловсруулж байгаа тал түүнийг өөр субъектээр боловсруулуулж болно. Гэхдээ мэдээлэл боловсруулж байгаа тал аюулгүй байдлыг хангах ёстой гэх агуулгыг хуулийн төсөлд оруулж өгсөн байгаа" гэлээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нэмж асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
"Сургууль, курсууд өрхийн орлогын хэмжээ хэд вэ, хаана ажилладаг, амьдардаг, ямар эд хөрөнгөтэй вэ гэхчлэн судалгаа авдаг. Гэтэл дараа нь ямар нэг тоос сорогчийн компаниас яриад энийг авах уу гээд эхэлдэг. Хаанаас утасны дугаар авсан нь тодорхойгүй. Ийм нөхцөлд мэдээллийн аюулгүй байдлыг яаж хамгаалах юм бэ? Хүссэн багш нь анкет бөглүүлээд хувийн мэдээлэл аваад байж болох юм уу?
Мөн гүтгэлэг, доромжлолтой холбоотой хатуухан заалт Эрүүгийн хуульд оруулах саналтай байна. Хүнийг гүтгээд, доромжилсон тохиолдолд тэр нь хэзээ ч засагддаггүй. Буруугүй гэдэг залруулга явууллаа ч хэн ч олж хардаггүй. Фэйсбүүк дэх нэр, нүүрээ нуусан хуурамч хаягийг хааж чадахгүй шүү дээ. Тиймээс гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг эрүүгийн хуульдаа оруулж өгөөч."
Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хариулахдаа, "Өмнөх хувь хүнийг хамгаалах тухай хуулиар иргэн өөрөө л мэдээллийнхээ аюулгүй байдлыг хангадаг хариуцдаг байсан. Энэ хуулиар цуглуулж, боловсруулж байгаа тал буюу мэдээлэл хариуцагч мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж байна.
И Монголиа систем дээр тулгуурлаад төр иргэдийнхээ мэдээллийг цуглуулж байгаа бол үүрэг хүлээх ёстой. Гэтэл ямар чиглэлээр таны иргэний үнэмлэхийг ашигласан бэ гэдгийг бид мэдэж чадахгүй байна. Жишээ нь, газрын гэрчилгээ, жолооны үнэмлэх авахад иргэний үнэмлэх шаардлагатай бол иргэнээс заавал зөвшөөрөл авах хэрэгтэй.
Хуулийн төсөлд мэдээллийн эзэнд мэдээлэл очих буюу notification явуулна гээд байгаа нь энэ хуулийн гол амин сүнс юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийн эзэнд мэдээлэл очсоноор миний мэдээллийг төр ийм хэлбэрээр ашиглаж байгаа юм байна гэж мэддэг болно" гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
2021.12.02