МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баярсайхан: “МЕТАЛЛИКА” хамтлагийн пянзны орлого "Өгөх өдөр" сангаар дамжих сайн үйлсийн аянд зориулагдана
2021.11.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баярсайхан: “МЕТАЛЛИКА” хамтлагийн пянзны орлого "Өгөх өдөр" сангаар дамжих сайн үйлсийн аянд зориулагдана

УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай ярилцлаа.

-Таныг "Үндэсний өгөх өдөр"-ийг санаачлан, арав гаруй жилийн турш хүмүүнлэгийн үйлс хийж байгааг мэднэ. Анх энэхүү өдөр ямар үйл явдлаас эхэлсэн бэ?

-2010 оны намар манай найзууд “Маш хүнд өвчтэй, онош нь тогтоогдохгүй байгаа Удвал охины амь насыг нь аврахад тусалъя гэж надтай уулзсанаар хамтдаа энэ ажлыг хийе гэж шийдсэн. Би дөрвөн хүүхдийн ээж. Тэр үед гурав дахь охин маань нэг настай, дөрөв дэх охин маань хэвлийд байх үед хүүхдийн амь нас аврах тухай асуудал яригдаж байгаа учраас зөвшөөрсөн. Ингээд бид ярилцаж ажлаа төлөвлөхөд 12 хоногийн дотор бидэнд 25 сая төгрөг олох шаардлагатай болсон.

Богино хугацаанд Монголынхоо шилдэг хамтлаг дуучдыг оролцуулсан, рок попын хандивын тоглолтыг зохион байгуулж "Харанга" хамтлагийн Чука ах, “Up mu­sic” продакшны Н.Халиун нар гол үүрэг гүйцэтгэсэн. Хэвлэлийн хүрээлэн, ШУТИС-ийн оюутнууд сайн дураараа хандивын хайрцаг аялуулж, сайхан сэтгэлтэй олон хүн эрвийх дэрвийхээрээ зүтгэсний үр дүнд Удвал охин аав, ээжийнхээ хамт БНСУ руу эмчилгээнд явж чадсан. Удвал маань сайхан сэтгэлтэй мянга мянган хүмүүсийн халуун сэтгэл, хүн бүрийн хандивласан таван зуун төгрөгийн хүчээр эдгэрсэн. Бидний төсөл “Том болоорой Удвал” нэртэй байлаа. Энэ төслөө амжилттай дуусгасны дараа “Ер нь яагаад бусдад өгдөг өдөртэй байж болохгүй юм бэ” гэж миний хань П.Баярмагнай хэлсэн. Ингээд жил бүрийн арванэгдүгээр сарын 1-ний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгох зорилго тавин анх эхлүүлж байлаа. Хэдийгээр төрөөс албан ёсоор тэмдэглэлт өдөр болгож зарлаагүй ч өнөөдөр хүн бүрийн мэддэг, хэнд юу өгөхөө боддог, төлөвлөдөг, хүсэн хүлээдэг, бие биедээ хайр түгээдэг эерэг сайхан өдөр болсонд үнэхээр сэтгэл хангалуун байна.

-Өгөх өдрийн цар хүрээ тэлэхэд юу чухал нөлөө үзүүлсэн бол?
-“Үндэсний өгөх өдөр”-ийн үйл ажиллагаа одоо болтол ямар нэгэн байдлаар улстөржилгүй, шашинжилгүй, хэн нэгний алдар нэр олох хэрэгсэл болоогүй, бусдын өгсөн хандив тусламжид итгэмжтэй хандаж байсан учраас жил бүр манайхаас зохион байгуулдаг төслүүд олон нийтэд сайн хүрсэн.

Эхний удаад нэг л хүүхдэд тусалсан бол дараагийн удаад нэг хэсэг хүүхдүүдэд туслах хэлбэрээр илүү өргөн хүрээнд өрнөсөн л дөө. Тухайлбал, бид “Бодлын хулгайч” киноны уран бүтээлчдийн санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд 25 сая төгрөгөөр том оврын автобус авч бэлэглэсэн. Хамгийн баярлууштай нь тэр автобус одоо болтол сургуулийнхаа хүүхдүүдийг гэр, сургууль хоёрын хооронд зөөсөөр байгаа юм билээ. Цаашид бид нэг хүүхэд биш, нэг хэсэг хүүхэд биш, үндэстэн даяар сайн үйлсийг сурталчилъя гэж шийдсэн.

Нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлаас үүдэн тусламж, дэмжлэг хэрэгтэй иргэдийн тоо олширч байсан. Тиймээс заавал төрөөс хэрэгжүүлэх ажлыг хараад суулгүйгээр сайн үйлсийг сурталчлан таниулж, түгээх юм бол олон хүний амьдралыг өөрчилж, урам зориг өгөх боломжтойг олж харсан. Ингээд хүүхэд залуучуудаа бусдыг хайрладаг, бусадтай хуваалцдаг, өглөгч өгөөмөр сэтгэлтэй болгон хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг уг төслийн санаачлагч миний бие болоод дэмжигч Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр ах, “Up music” продакшны Н.Халиун, жүжигчин Б.Амарсайхан, 104.5 радиогийн ерөнхий захирал П. Болдсайхан зэрэг олон сайхан хүмүүс үргэлж дэмжиж, хамтдаа энэ ажлыг хийж хэрэгжүүлж байгаад талархдаг.

-Өнгөрөгч 10-аад жилийн хугацаанд та бүхэн нийгмийг хамарсан нэлээд аян зохион байгуулсан шүү дээ. Аянууд нь хэр үр дүнтэй байв?

-Бид Өгөх өдрийнхөө цар хүрээг улам тэлсээр үндэсний хэмжээнд хүчирхийллийн эсрэг дуугарч эхэлсэн. Анх удаагаа өсвөр насны хүүхдүүдийг цахим гадуурхалтаас хамгаалахын тулд “Цахим гадуурхалт цаашаа”, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг “Бид бүгдээрээ адилхан”, бага насны хүүхдийг хүчирхийлхийн эсрэг “Нүдээ нээ” зэрэг аяныг амжилттай зохион байгуулсан. Үүнээс гадна “Лантуун Дохио” ТББ-ын залуустай хамтран “Юу байна түүгээрээ” аяны хүрээнд “Ид шидийн орон-2” төвийн үйл ажиллагаанд зориулж 24 цагийн дотор 360 сая төгрөг хандиваар цуглуулсан.

“Лантуун Дохио” ТББ-ын залуустай хамтран хэд хэдэн төсөлд хамтран ажилласандаа баяртай байдаг. Өнгөрсөн жил “Үндэсний өгөх өдөр”-ийн 10 жилийн ой тохиосон. Энэ хугацаанд бид ямар нэг байдлаар төрийн байгууллагаас хандив авч үзээгүй, олон улсын байгууллагад хэзээ ч хандаж байгаагүй. Нэг ёсондоо өөрсдийнхөө бор зүрхээр л үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Ингээд 10 жилийн ойн хүрээнд үйл ажиллагааныхаа цар хүрээг улам тэлж сан байгуулахаар шийдсэн. Сангийнхаа үйл ажиллагаагаар дамжуулаад илүү олон хүнд туслах боломж бүрдлээ.

Тухайлбал, манай санд сайн үйлсийн төсөл хэрэгжүүлэх хувь хүн, албан байгууллагууд, төрийн бус байгууллагууд саналаа ирүүлээд, бид хүртээмжтэй гэж үзсэн төслөө сонгон шалгаруулж санхүүжилт олгох юм. Ийм шийдвэр гаргаад удаа ч үгүй байтал ажлын гайхалтай эхлэл тавигдсан шүү. Дэлхийд алдартай “Металлика” хамтлаг 40 жилийнхээ ойд зориулж 53 дуутай, 4 диск бүхий “ The Metallica List” гаргасан. Тус хамтлагийн дуунуудыг дэлхийн алдартай, нэр хүндтэй хамтлагууд коверлож дуулсан. Уг цомгийн бүх орлого сайн санааны үйлсэд зориулагдах юм.

Энэ альбомд дэлхийд нэр алдраа цуурайтуулж яваа Чингис хаан одонт “The Hu” хамтлаг Металликагийн “Through The Never” дууг монгол хэлээр дуулсан нь багтсан. Энэ дууны орлогын 50 хувь нь Металлика хамтлагийн “All Within My Hands Foundation” санд орох бол 50 хувь нь “Өгөх өдөр сан”-д хуримтлагдана. Ийнхүү жилийн өмнө байгуулж байсан сан маань дэлхийн хэмжээнд очиж, олон улсын хэдэн мянган иргэдийн сонорыг мялаасан дуу бүрээс бид сайн үйлс бүтээх боломжтой болсон. Энэ боломжийг олгосон Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Дашдондог, хамтлагийн менежер Тугаш, Брэндон болон Хойд Америкийг монгол дуугаараа сэрээж яваа “Хү” хамтлагийн залуустаа баярлалаа.

-Дэлхийн шилдгүүдээс бүрдсэн пянзанд “The Hu” хамтлаг шалгарч, үүнээс олсон орлогыг нь зарцуулах хүмүүнлэгийн үйлсийн шалгуур үзүүлэлтийг Монголд үйл ажиллагаа явуулдаг сайн үйлсийн сан хангаж, санхүүжилт авна гэдэг тэмдэглүүштэй үйл явдал байна шүү. Санхүүжилт авахын тулд ямар шалгуур хангах ёстой байдаг вэ?

-Уг санхүүжилтийг олгох байгууллагыг сонгон шалгаруулахдаа зүгээр ч нэг шалгаруулчихдаггүй юм билээ. Олон нарийн шалгуур тавьсан. “Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн жил бүрийн төслийн үр дүнг шалгаж, зорилтот бүлэгт уг хандив, тусламж нь хүрсэн эсэхийг нарийн шалгасан. Босго өндөр энэ шалгаруулалтад манай төсөл шалгарсан. Энэ бол бидний 10 жилийн хөдөлмөрийн үр дүн, бидэнд өгсөн үнэлгээ юм.

-“Үндэсний өгөх өдөр” энэ жил “Гэрэл байя” гэсэн уриа дэвшүүлсэн юм билээ. Энэ уриалгыг дэвшүүлэх болсон шалтгаан юу вэ?

-Манай нийгмийн салбар бүхэнд ёс зүйн доройтол нүүрлэсэн байна. Ёсзүйт нийгмийг хүсч байвал иргэдэд сайн зан чанар төлөвшсөн байх ёстой гэж харж байна. олон зүйлээс шалтгаалаад бухимдлаар дүүрэн байна. Дэлхийн улс орнууд сайн зан чанартай иргэн бэлтгэх асуудлаа чухлаар тавиад эхэлсэн. Хүүхдүүдийг багаас нь олон хэл сургахаас илүү шударга, бусдыг хүндэлдэг,сонсдог, хайрладаг, тэвчээртэй, хүнлэг, энэрэнгүй зан чанарт сургахыг илүүд үздэг болсон.

Монголчууд эртнээс хүнээрээ хүн хийх, хүүхдүүдээ хүмүүжүүлэх нарийн арга ухаантай байсан. Та бүхэн өөрсдийн ээж аав, эмээ өвөө нарынхаа хүүхэд хүмүүжлийн арга барилын талаар бодоод нэг үзээрэй. Гэтэл орчин үеийн ээж аавууд уламжлалт зан заншил,хүүхдээ хүмүүжүүлэх нарийн арга ухаан, өв соёлоо мартаж байна. Эцэг эхчүүд нь цахим хэрэглээнд автчихсан, үр хүүхдийг нь өөр хэн нэгэн дэлгэцний цаанаас хүмүүжүүлж байна.

Дээр нь төрөөс авч хэрэгжүүлдэг боловсролын бодлогодоо зан чанар гэдэг ойлголтыг тусгаж өгөх асуудлыг бид орхигдуулсан. Урьд сайн сайхан зан чанарыг эрхэмлэхийн тухайд сурах бичиг, сургаалт үг, зүйр цэцэн үг, уран зохиолд шингээж өгөхийн сацуу багш нар нь тухайн зан чанарыг өөрийн биеэр хүүхдүүддээ үлгэрлэн харуулдаг байсан шүү дээ. Тиймээс хүн бүр өөрсдөөсөө эхэлье хэмээн “ Сайн зан чанараараа гэрэлтье” хэмээх уриалга дэвшүүлэн энэ эрхэм өдрийг бид угтаж байна.

-Арав гаруй жилийн өмнө анх өгөх өдрийг санаачилж байх үеийн нийгэм, иргэдийн хандлага ямар байв. Сүүлийн жилүүдэд иргэд өөртөө байгаа зүйлсээ аль болох бусадтай хуваалцахыг илүүд үздэг болчихсон юм шиг санагддаг?

- Би нарийн статистик тоо хэлж чадахгүй ч "Өгөх өдөр" хүмүүсийг сайн үйлсэд нэгдэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж хардаг, илүү ихээр нөлөөлнө ч гэж зорьж байгаа. Хэдийгээр энэ өдрийг төрөөс албан ёсоор тэмдэглэлт өдөр болгоогүй ч энэ өдрийг мэддэг, хүлээдэг хүмүүс олон болсон. Анги хамт олон, албан байгууллага, хороо, дүүрэг, бүр фейсбүүк найзуудаараа хүртэл нэгдэж хүмүүнлэгийн үйлс хийдэг болсон. Монголчууд бид эртнээс нүүдэл хийж яваа нэгнийхээ өөдөөс халуун цай, ааруул ээзгийгээ бариад тосдог өглөгч ард түмэн.

Тэр ч бүү хэл малчин айлууд эзгүй хойгуур хүн ирвэл гээд хоол бэлтгэж тавиад, хаалгаа цоожилдоггүй байсан уламжлал ч бий. Бидэнд өрөвч нинжин сэтгэл, өгөөмөр, өглөгч зан чанар одоо ч байсаар байгаа нь олон зүйл дээр харагддаг. Өгье гэвэл ганцаасаа хэмээх ардын мэргэн үг бий. Өглөг гэдэг зөвхөн эд материалаар хэмжигддэггүй. Бид бусдад сэтгэлийн дэм, урмын үг хэлэхээс л эхэлдэг. Нэг удаа бид эмэгтэйчүүдийн хорих ангид туслах үед үйл ажиллагааг маань олон хүн дэмжсэн.

Гэтэл нэг охин хоригдож байгаа эмэгтэйчүүдэд зориулж, нимгэн дэвтэрт урмын сайхан үгс бичиж илгээсэн нь тэдний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Цагаа олсон ганц сайхан үг хүний амьдралыг орвонгоор нь өөрчилж чаддаг гэдэгт би итгэдэг. Бас ЭХЭМҮТ-ийн эмч, ажилтнууд “Үндэсний өгөх өдөр”-ийг бусдад инээмсэглэл, хайр түгээх өдөр болгон жил бүр тэмдэглэдэг нь олон хүнд эерэг хандлага төрүүлсэн хэмээн бидэнд талархлаа илэрхийлж байсан.

Энэ мэтчилэн өгөх өдрийн үр өгөөж, сайн сайхныг дурдаад дуусашгүй. Миний мөрөөдөл бол цаашид улс үндэстнээрээ авдаг биш өгдөг, зээлдэг биш зээлдүүлдэг, туслуулдаг биш тусалдаг хүчирхэг гүрэн байгаасай гэж хүсдэг. Жил бүр “Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд хэрэгжүүлдэг хамтран ажилладаг сайхан сэтгэлт хүмүүстээ баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй.

ШИНЭ МЭДЭЭ