МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн П.Анужин ЭХЭМҮТ-д 50 компьютер хүлээлгэн өглөө
2021.11.09
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн П.Анужин ЭХЭМҮТ-д 50 компьютер хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн П.Анужин цар тахлын хүнд цаг үед эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын ачаалал ихэссэнтэй холбогдуулан тэдний албан хэрэгцээнд ашиглах 50 компьютерийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн П.Анужин, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд оролцсон юм.  

УИХ-ын гишүүн П.Анужин ЭХЭМҮТ-ийн эмч нарын хамт 

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин хэлэхдээ, “Миний хувьд эх нялхсын эрүүл мэндийг анхаарч, энэ талаарх асуудалд онцгойлон оролцохоо илэрхийлж байсан. Үүний хүрээнд “Хүрээ” амаржих газартай танилцаж, энэ жилийн улсын төсөвт тус амаржих газрыг шинээр барих төсвийг тусгуулсан. ЭХЭМҮТ-ийн эмч ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлж болно. Тухайн асуудлыг холбогдох газарт нь уламжилж, өөрийн чадах бүхнээ хийх болно” гэсэн юм.  

УИХ-ын гишүүн П.Анужин ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа эмч ажилчдын нийгмийн асуудал, зонхилон тохиолдох хавдар, хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн зарим үзүүлэлтийг танилцууллаа. Тэрбээр УИХ-ын гишүүн П.Анужинд төвийнхөө нийт ажилтан, эмч, сувилагчдын өмнөөс талархаж байгаагаа илэрхийллээ. Тус эмнэлэг 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс эхлэн цахим эмнэлэг болсон бөгөөд есдүгээр сард байгууллагын хэмжээнд компьютерийн хэрэглээг судалж, 47  компьютер нэн шаардлагатай байгааг тогтоожээ. Энэ жилийн төсөвт хэрэгцээтэй байсан 47 компьютерийн өртгийг суулгаагүй байсан ч П.Анужин гишүүн эмч эмнэлгийн ажилтнуудын хэрэгцээнд зориулан ийнхүү 50 компьютер өгсөн нь нэн шаардлагатай байсан хэрэгцээг хангаж чадсан үйл явдал болсныг онцоллоо.  

ЭХЭМҮТ-ийн ажилтнуудын хүүхдүүдийн цэцэрлэг, орон нутгаас ирсэн сахиурын байрлах өрөө тулгамдсан асуудал болоод байгаа аж. Үүнийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа тухай УИХ-ын гишүүн П.Анужинд уламжилж, УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлж өгөхийг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа хүссэн юм. 

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр байгууллагад нэн шаардлагатай байгаа эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн талаар санал бодлоо хэлсэн юм. 

Тэрбээр “Бидний хамгийн хүнд асуудал болоод байсан компьютерийг бэлэглэсэн П.Анужин гишүүндээ баярлалаа. Байгууллагаа төлөөлж, гурван асуудлыг шийдэж өгөөч ээ гэж хүсэж байна. Нэгдүгээрт 2022 оны төсөвт хүүхдийн эмнэлгийн амбулаторийн барилгыг шинээр барих тухай тусгагдсан. Үүнийг хурдан шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Хоёрдугаарт Сонгинохайрхан дүүрэгт шинэ эмнэлэг ашиглалтад орсон. ЭХЭМҮТ-д үзүүлж буй үйлчлүүлэгчдийн 35 хувь нь СХД-ийн иргэд байдаг. Тухайн эмнэлэгт хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тасгийг байгуулах шаардлагатай байна. Гуравдугаарт мэс заслын өрөөг вакум болгож, чанар стандартын шаардлагыг хангуулах хэрэгцээ байна” гэлээ. 

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр

П.Анужин гишүүн санал хүсэлт хэлсэн эмч, эмнэлгийн ажилтнуудын хүсэлтийг хүлээн авч, Эрүүл мэндийн яам, Засгийн газар, УИХ-д уламжилж, эдгээр асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн ЭХЭМҮТ-д албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан эмчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, хувийн зүгээс 500 мянган төгрөгийг өгсөн юм.  

 

ШИНЭ МЭДЭЭ