МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам: Аав минь зүүдэнд ортол, маш нухацтайгаар хоёр зүйлийг захисан
2021.11.11
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ч.Ундрам: Аав минь зүүдэнд ортол, маш нухацтайгаар хоёр зүйлийг захисан

 УИХ-ын гишүүн Чинбатын Ундрамтай ярилцлаа. Төрсөн аав Ч.Чинбат гэдэг хүнээр овоглохоос гадна төрөөр овоглож хууль батлалцах их үйлст хувь нэмрээ оруулж яваа залуу бүсгүйн хувьд амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээж яваа. Түүний яриа хатуу зөөлөн хосолсон аялгуу эгшиг мэт нэгэнтээ чангарч, нэгэнтээ зөөлрөх нь сонирхолтой байсан.

 Банкны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж арилжааны банкны хувьцааны худалдан авалтын байдалд шалгалт хийх Ажлын хэсэг байгуулах санал тавина   

-Парламентад анх удаа сонгогдсон гишүүний хувьд шийдлүүдийг гаргахад ямар бэрхшээл тулгарч байна вэ. Таны хувьд асуудалд хандахдаа, асуулт тавихдаа нэлээд бэлтгэлтэй, тооцоо судалгаатай ханддаг тань анзаарагддаг. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт нэгдсэн чуулган дээр энэ тооцоо судалгаагаа дурдан Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн хариултад нэлээд бухимдалтай байгаа харагдлаа?

-ААН-үүд орлогогүй, иргэдийн амьжиргааны нөхцөл хүндэрч буйд нөлөөлж байгаа гол шалтгаан нь эдийн засгийн бодит өсөлт байхгүй болчихсонтой холбоотой юм. Хэдийгээр цар тахлаас шалтгаалсан хүндрэлийг үгүйсгэх аргагүй ч ААН-үүдийн орлогыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлж байж татварын орлого, ажлын байр нэмэгдэх гарц олох ёстой. Хоорондоо уялдаатай эдгээр шалтгаан нөхцлүүд хуримтлагдаж нийгмийг “өвчлүүлж” байгаа учраас шат дараатай, хурдтай, зөв шийдэх нь төрийн үүрэг мөн. Тиймээс үүнд чиглэсэн төсвийн болон мөнгөний бодлого уялдаатай байх тал дээр шүүмжлэлтэй хандахаас аргагүй байна. Тооцоо судалгаа нь худлаа, гишүүдэд өгч буй мэдээлэл нь хангалтгүй, бодит бус, ялангуяа сүүлийн үед бодлого “хийхгүй”, “улстөр хийгээд” байгаа мэт санагдах боллоо. Тиймээс би бухимдалтай байна. Би ард иргэдийн төлөөлөл. Ийм мэдээлэл дундаас шийдэл гаргахад оролцоход учир дутагдалтай байгаа учраас Монголбанкны өнөөгийн арга барил, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандахаас өөр аргагүй байна.

-Жишээ нь сонгуулиар та мөрийн хөтөлбөрөө ярьж явахдаа хамгийн их ярьсан, амласан сэдвүүдийн нэг нь ипотекийн зээлийн хүү. Гэтэл орон сууцны үнэ өсчихлөө. Тэр үед ярьсан зүйлийг тань ажил хэрэг болгоход амаргүй нөхцөл үүссэн. Таны амлалт биелэх гэхээсээ илүүтэй МАН-д итгэж саналаа өгсөн иргэд илүү сайн нөхцөлд хүрч чадахгүй байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Амлаж байсанчлан ипотекийн зээлийн хүү 6 хувь боллоо. Гэтэл цар тахлын нөлөө болон гааль, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас болоод барилгын материалын үнэ, улмаар орон сууцны үнэ өсчихлөө. Банк болохоор хүүг бууруулаад хүмүүсийн төлж байгаа мөнгөний үнэ цэн 20 хувиар буурсан гэсэн мэдээ, тайланг УИХ-ын гишүүдэд өгч байна. Энэ бол худлаа. Монголбанк үүнд бодлогын тохиргоо хийх ёстой. Ингэж ажиллахгүй байна. Тэгсэн хэрнээ нөгөө талдаа улс төрийн шинж чанартай, ашиг сонирхлын агуулгатай зөвшөөрөл олгох зэрэг асуудал дээр илүү анхаарч ажиллаад байна.

-“Худлаа” гэдэг үг ноцтой сонсогдож байна. Үүнтэй холбогдуулаад асуухад Банкны тухай хуулийг өргөн барьж батлуулсан гишүүдийн нэг нь та. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүд арилжааны банкны эцсийн өмчлөгчийн талаархнийгэмд тархсан мэдээлэл үнэн бодитой эсэх талаар асуулт тавиад, өөрсдийн баталсан Төв банкныхнаас шийдвэртэй хариу сонсож чадахгүй байна. Мэдээлэлгүй байна уу, мэдээллийг нуугаад байна уу. Нууж байгаа бол төрийн эрх барих дээд байгууллагаас улс орны эдийн засаг, иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой мэдээллийг нуун дарагдуулж болох уу?

-Тийм ээ, би парламентад анх орж ирээд эдийн засагч хүний хувьд Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай тогтоолыг боловсруулах Ажлын хэсэгт орж ажилласан таван гишүүний нэг. Үүнтэй холбоотойгоор банкны салбартай холбоотой хоёр хуулийг өргөн барьсан. Үүгээр бид банкны зах зээлийн доминант буюу хэт ноёрхсон байдлыг болиулахын тулд олон улсын жишгийг дагаж “Нэг субъект нэг банкны 20-иос илүү хувийг эзэмшиж болохгүй”, “Нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэх зэрэг хязгаарлалтуудыг оруулсан.

Банкны шинэчлэлийг хийхэд амар байгаагүй, залуу гишүүд бидний хувьд өөрсөд дээрээ багагүй “гал авсан”, дотроо маш олон тооцоо судалгаа хийж байж батлуулсан. Гэтэл энэ хуулийг зөв хэрэгжүүлэхгүй, дахиад л банкаа нэг хүний атганд өгөх хэмжээний шийдвэр гаргасан тухай асуудал яригдаж байна. Энэ бүхний эцэст ард иргэд л хохирдог. Нэг хүн, нэг субъект тэр том банкийг атгачихаар манай улсын санхүүгийн тогтолцоо түүнээс хараат болж цаашид хөгжиж чадахгүйд хүрдэг. Ийм нөхцөл байдал үүсгэж байгаад маш их бухимдаж байна.

-Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр мэдээлэл өгөхдөө мэдээллээ нууцлаад байгаа мэт санагдсан. Гэтэл өөрийнх нь гарын үсэгтэй албан бичгүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаар байна. Та бүхний томилсон Төв банкны удирдлага энэ эмзэг асуудлаар мэдээллийг бүрэн дүүрэн өгөхгүй байгаа нь Төр Төв банкаа, Төв банк нь арилжааны банкаа хянаж чадахгүй байгаагийн илрэл биш гэж үү. Одоогоор УИХ-ын гишүүний хувьд та “Хаанбанкны 60 хувийг хэн худалдаж авсан” тухайд хэр мэдээлэлтэй байна вэ?

-УИХ-ын гишүүн миний хувьд одоогийн байдлаар чуулган дээр яригдсан болон хэвлэл мэдээллээс авсан мэдээлэлтэй л байна. Олон Улсад 2008, 2009 оноос эхлэн ultimate beneficiary буюу эцсийн өмчлөгчийн асуудлыг чухалчлан тавьдаг болсон. Манай санхүүгийн системийн нэг нөлөө бүхий банкны эзэмшигч нь нөгөө нөлөө бүхий банкны хувьцааг эзэмшиж болохгүй. Тиймээс Төв Банкны Ерөнхийлөгч эцсийн өмчлөгчийг тогтоох сүүлийн алхамыг хийх тухай УИХ-ын чуулганд хэлсэн, тэр ажлаа хийж Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой. Эцсийн өмчлөгчтэй холбоотой асуудлыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд тодорхой тусгасан байгаа. Бид энэ асуудлыг хариуцлагатайгаар судалж тогтоохгүй бол Монгол Улс буцаад “саарал жагсаалт”, магадгүй “хар жагсаалт”-д орох эрсдэлтэй юм. Төв банк бол УИХ-ын харьяа байгууллага шүү дээ. Энэ бүх зүйлд бид хяналт тавьж шалгалт хийх ёстой. УИХ-ын үндсэн чиг үүргийн нэг нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Тиймээс энэ талаар шалгалт хийх Ажлын хэсэг байгуулах тухай саналыг УИХ-ын даргад тавья гэж бодож байна.

-Ипотекийн зээлийн тухай сэдэвтээ эргээд оръё. Засгийн газар 10 их наядын төлөвлөгөөг танилцуулж байхдаа барилгын материалын үнэ өсөхгүй, барилгын салбарыг уналтад орохгүй байх, орон сууцны үнэ өсөхгүй талаар олон тайлбар, баталгааг амлаж байсан. Өнөөдөр үнэнд гүйцэгдэж хил хаасан учраас барилгын материал хомсдож, үйлдвэрлэл хөгжих гэхээр татварын дарамт өсдөгөөс болж барилгын салбар уналтад орсон дүр зураг харагдаж байна. Өнөөх 6 хувь болсон зээлийн хүүгээс илүүтэй, орон сууцны үнийн өсөлтөө яаж тогтворжуулах вэ гэсэн мухардал хэвээрээ үлдлээ. Үүн дээр та Монголбанкийг худал мэдээлэл өглөө гэж бухимдсан шүү дээ?

-Орон сууцны үнийн өсөлтийн хамгийн гол шалтгаан нь цар тахлаас үүдсэн хил гааль, ложистикийн асуудлаар өдөөгдсөн барилгын материалын үнийн өсөлт шүү дээ.

-Үүнтэй холбоотой дараагийн асуудал бол төмөр замын асуудал байна. УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг бүлгийн хурал дээр хаалттай хэлэлцсэн. Тодорхой шийдэл гарав уу.Жишээ нь Засгийн газраас мэдээлээд байгаа Богдхан төмөр замд холболтын цэгийг яаж шийдэх вэ, боомтуудыг яаж байгуулж хэрхэн хөгжүүлэх вэ. Эдгээрийг шийдэхгүйгээр дээр дурдсан тулгамдсан асуудлууд шийдэгдэхгүй шүү дээ?

-Хаалттай хэлэлцсэн учраас тэнд ярьсан бүхнийг ярьж болохгүй. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг бүлгийн хурал дээр хаалттай хэлэлцсэн нь үнэн. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, төмөр замын болон бусад боомтыг нэмэгдүүлж, терминалууд байгуулах нь манай эдийн засагт хэрэгтэй. Хоёр өөр царигтай төмөр замаа боомтуудтайгаа хэрхэн холбох цэгээ хоёр улс тодорхой болгосон байгаа. Хэрэв цаад талаас хөрөнгөө гаргаж Монголын газар дээр ачаагаа буулгая гэвэл манайд илүү сайн.

Учир нь боомтыг дагаад жижиг бизнесүүд хөгждөг. Тиймээс Хятадын талтай яриад нарийн царигийг нь манай хилээр оруулж ирээд сая нэмж барьсан төмөр зам дээрээ боомтоо байгуулах хэрэгтэй. Миний хэлж болох зүйл гэвэл ямар ч байсан төмөр замын тээврийг хөгжүүлж боомтын бүсүүдийг холболтыг шийдэх ёстой. Хөрш улсуудтайгаа тохирсон ёсоор боомтын цэгүүдээ тохирох, одоо баригдсан төмөр замаа ашиглахад яарах ёстой. Нэг боомтоос хараат байж болохгүй, Хятадын зах зээл рүү гэхэд дор хаяж гурваас дөрвөн боомтоор гарцтай болоход яарахгүй бол бид өнөөдрийн тулгамдсан асуудлаа шийдэх боломжгүй.

Хувийн сургуулиудыг ашгийн бус болгохыг уриалж байна

-Дээд боловсролын тухай хуулийн төслийг та ахлан ажиллаж байна. Энэ сэдвээр ярихдаа та өөрөө хаана, хэрхэн боловсрол эзэмшсэн тухай, үүнээс юуг нь үндэсний боловсролынхоо эрх зүйн орчинд нутагшуулахаар зорьж байгаагаас эхэлье?

-Би Боловсролын тухай багц хуулийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн, Боловсролын ерөнхий болон бага дунд боловсролын тухай хуулийн Ажлын хэсгийн гишүүн, дээд боловсролын тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар тус тус ажиллаж байна. Шаталсан сургалтын систем учраас багцаар нь авч үзэх ёстой тул бүх шатныхыг нь судалж ажиллах ёстой. Би өөрөө эхлээд 23 дугаар сургуульд, дараа нь Америкт ерөнхий боловсрол эзэмшсэн, дараа нь бакалавр, магистрын зэрэгт Англид хувийн сургуульд, Японд төрийн сургуульд тус тус суралцсан. Орон орны боловсролыг, сайн, саар талыг нь өөрийн биеэр туулаад үзчихсэн гэж хэлж болно. Одоо УИХ-ын гишүүний хувиар Сэлэнгэ аймгийн тойргуудаар яваад багш нартайгаа тун ойр ажилладаг. МУИС-д багшилж, удирдах түвшинд нь ч ажиллаж жаргал, зовлонг нь мэдэрсэн. Миний хүсдэг зүйл гэвэл сурагч, оюутан бүрт амьдралд ороход нь тэгш гарааны боломж олгоё, боломжийг нь олгосон байхад түүнийг авч чадах эсэх нь өөрсдөөс нь шалтгаалдаг байх нь шударга гэж үздэг юм.

Өнөөдөр бол хувийн сургууль гээд маш сайхан орчинд, гадаадын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж багш нарыг нь өндөр цалингаар сайн бэлдээд сургаж байна. Миний хоёр хүүхэд ч тэнд суралцдаг. Тэдний дийлэнх нь гадаадын нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцах боломжтой. Нэлээд хувь нь тухайн улс орондоо ажиллаж амьдраад үлдчих ч боломжтой. Яагаад гэвэл багаас нь сэтгэлзүй нь тухайн орны хэл, соёлоор дамжаад америкаар, англиар, японоор, хятадаар бодож сэтгэдэг, тэр орноо бишрэн шүтдэг болчихдог талтай. Тэд эргэж ирээд улс орныхоо төлөө зүтгэх эсэх нь эргэлзээтэй. Ийм хүмүүсийг бид бэлтгэж байна.  

-Тухайлбал, Кембрижийн хөтөлбөрийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Кембрижийн хөтөлбөр бол сайн хөтөлбөр, сурах бичиг, заах арга зүй, үнэлгээний тогтолцоо нь гайхалтай. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгийг Кембрижийн хөтөлбөрөөр суралцагчид болон Сэлэнгэ аймгийн Түшиг суманд, эсвэл Баянзүрх дүүргийн гэр хороололд сурч амьдарч байгаа хүүхдүүдэд ялгаатай зарцуулж байгаа. Кембрижийн хөтөлбөрөөр заадаг багш нар, тухайн сургуульд ажилладаг үйлчилгээний ажилчид, бүх ажилтан бусад сургуулийнхаас 40-60 хувиар илүү буюу өндөр цалин авдаг.

Тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх орчинг бүрдүүлэхийн тулд тэр шүү дээ. Хөтөлбөр хэрэгжээд, лаборатори сургууль гээд арван жил боллоо, одоо сурсан биз дээ? Харин одоо сурсан мэдсэнээ бусад сургуулиудыг уг хөтөлбөрөөр хичээллэдэг болгоход зориулж түгээн дэлгэрүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл “айлын хүүхдүүдэд ижил хэмжээний төсөв зарцуулъя”, доороос нь дээшээ өргөе гэдэг шаардлагыг дэвшүүлж байгаа юм. Хүүхэд бүрт тэгш боломж олгохын тулд ер нь манай сургуулиуд бүгдээрээ ашгийн бус болохыг би уриалж байна.

-Хувийн мөртлөө ашгийн буссургуулиудтай болохыг уриалж байна гэсэн үг үү?

-Тийм. Ийм сургууль олон бий. Хувийн өмчийн сургууль мөртлөө орлогоо тухайн байгууллагынхаа орчныг сайжруулахаас гадна сургалтын чанарыг сайжруулах, нийгмийн сайн сайхны төлөө судалгаа шинжилгээ хийх зэрэгт зарцуулдаг.

-Өнөөдөр манай хувийн сургуулиудын орлого зарцуулалтыг сонирхож үзсэн үү. Өөр чиглэлд зарцуулсан фактууд хэр байна?

-Тэгэлгүй яахав. Би санхүүгийн баримтуудыг нь авч үзсэн. Зарим хувийн сургуулийн удирдлага тансаг амьдралын зардлаа сургуулийн баланс дээр тусгадаг буюу сургалтын төлбөрөөсөө санхүүжүүлдэг. Хувийн сургууль хуулиараа ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлөгддөг, зарим сургууль нь төрөөс хувьсах зардал аваад санхүүгийн тайлан нь эцэг эхэд хаалттай. Тэгэхээр энэ бол арай дэндээд байна. Бүх сургууль биш л дээ, зарим сургуулийн санхүүгийн мэдээлэл нь ил тод, цэгцтэй байдаг.

Дэлхийн хамгийн либераль орны гэх Харвард, Стэнфорд зэрэг хувийн мөртлөө ашгийн бус зорилгоор ажиллаж улсдаа их хэмжээний орлого оруулж буй чанараараа тэргүүлэгч сургууль олон бий. Тус сургуулиудыг дагаад бизнесүүд өсч цэцэглэдэг. Жишээ нь дагаад гаднаас очиж суралцагчид сургуулийнхаа орчимд байр түрээсэлж байна, худалдаж авч байна, хүнсний зах зээл тэлнэ. Ингэж боловсрол, шинжлэх ухааны хөгжилд болон улсынхаа эдийн засагт түлхэц өгч болдог. Гайхалтай судалгаанууд тэр сургуулиудад хийгдэж байна. Тиймээс би бүгд биш гэхэд зарим хувийн сургууль ашгийн бус болооч гэж уриалж байна.

-Үүнд бодлогын ямар зохицуулалт байж болох вэ?

-Хувийн өмч, гэхдээ ашгийн бус бол татваруудаас чөлөөлж, санхүүгийн дэмжлэг өгөх, санхүүгийн тодорхой хязгаарлалтуудыг тогтоох зэрэг байж болно. Мэдээж тухайн сургуульд ажиллаж байгаа өмчийн эзэх цалингаа авна харин бусад ашиг нь хуульд зааснаар, эргээд сургуулиа болон боловсролын салбарыг хөгжүүлэх үйлст зарцуулагдана. Ашгийн төлөө бус байвал төр хувьсах зардал өгч болно шүү дээ.

-Одоогоор нэг сурагчид ногдох хувьсах зардал хэдэн төгрөг болсон бэ. Тэдгээр нь тухайн сурагчийн эрх ашгийн төлөө хэрхэн зарцуулагддаг, хэн хяналт тавьдаг бол?

-Хувийн сургуулийн төлбөр нь 10 сая төгрөгөөс доош бол сурагч тутамд сургуулийн төлбөр, байршилаас хамаараад дундажаар 400 орчим мянган төгрөг өгч байна. Улсын сургуульд сурч байгаа хүүхдийн хувьд аймаг тус бүрийн онцлогоос шалтгаалж, жишээ нь Дархан, Эрдэнэтэд нэг хүүхдэд 900 мянга орчим төгрөг зарцуулж байгаа бол Говь-Алтай, Булган аймагт нэг сурагчид 1.9 сая орчим төгрөг, харин Сэлэнгэ аймагт 800 мянга, нийслэлд 600 орчим мянган төгрөг зарцуулагдаж байна. Энэ нь сурагчдад хүрч нөлөөлөх эсэх нь бас асуудалтай.

Сурагчдын тоогоор бодож төсөвлөөд сургуулийг нь санхүүжүүлэхээр сургууль нь хэрэгтэй хэрэггүй арга хэмжээ зохион байгуулаад хүүхдэд хүрэх нөлөөлөл нь чамлалттай байх тохиолдол маш олон. Хувьсах зардал нэмэгдээд байхад хүүхдийн боловсролын дүн, чанар дээшлэх, суралцах орчин нь сайжрах ёстой байтал тэгдэггүй. Тэгэхээр БШУЯам, Сангийн Яам сургуулийн санхүүжилтийг зөв болгох хувилбар дээр ажиллаж байна. Харин хувийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьд ашгийн төлөө ажиллаж, татвараас чөлөөлөгдөж, тэгсэн мөртлөө татвар төлөгчдийн мөнгө болох хувьсах зардал авч байгаа ч санхүүгийн мэдээлэл нь эцэг эхэд хаалттай байна. Тиймээс ашгийн төлөө ажиллавал хувьсах зардал авахаа болиод, татвараа төлдөг болох нь зүйтгэй юм.

-Энэ өөрчлөлтийг хийхийн тулд хувийн сургуулийн эзэдтэй буюу энэ салбар дахь хувийн хэвшлийнхэнтэй санал солилцож байсан уу. Тэд ямар саналтай байна вэ?

-Миний саналыг буруу ташаа ойлгосон тал бий. Энэ талаар бид нээлттэй хэлэлцүүлэг тун удахгүй хийж ярилцана.

Аав надад “Ард түмэнд өрөө төлөөрэй”, “Гадаад хүн төрүүлэхгүй шүү” гэж захисан

-Та өндөр хөгжилтэй орнуудад сурч боловсрол эзэмшээд өнөөдөр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Өнөөдөр яг ийм замналаар явж улс орноо удирдалцана, мөрөөдөж байснаараа улсаа хөгжүүлнэ гэсэн эрмэлзэлтэй залуус цөөнгүй. Тэдэнтэй би санал бодлоо солилцож тогтмол уулзахад өндөр зардлаар мэдлэг боловсрол эзэмшиж байна, төгсөөд хаачих вэ гэдэг. Жишээ нь ямар замыг туулж байж тан шиг болох бол, энэ талаас нь өөрийнхөө тухай ярьж болох уу?

-Би ч бас яг тан шиг тэдгээр залуустай ярилцаж, санал бодлоо солилцох дуртай байдаг. Миний хувьд Англид бакалавр, магистр хамгаалсан. Явахаас өмнө миний аав яг нүд рүү минь харж байгаад хоёр зүйлийг л захьсан даа. Нэгдүгээрт, би гадаадад ажиллаж амьдрах хүн бэлтгээгүй, чи Монголдоо ирж амьдарна шүү. Яагаад гэвэл чи Монголын татвар төлөгчдийн мөнгөөр өдий зэрэгт хүрсэн. Тиймээс ирж ард түмэнд өрөө төлөх ёстой гэсэн. Хоёрдугаарт, “Чи гадаад хүн төрүүлэхгүй шүү” гэсэн. Монгол хүнтэй гэрлээрэй гэсэн үг. Аав минь нэлээдүндэсэрхэг үзэлтэй хүн шүү дээ. Энэ хоёр зүйлийг л маш нухацтайгаар, зүүдэнд ортол захьсан даа. Суралцаад ирэхдээ би очоод ямаршуу ажил хийж, хэрхэн амьдрах бол, аавынхаа захьсан сургаал, итгэсэн итгэлийг дааж чадах болов уу гэдэг талаар нэлээд айдас тээсэн бодолтой ирсэн.

-Хувийн зардлаараа суралцсан уу?

-Миний хувьд хувийн зардлаар сурч байгаад яваандаа сурлагын дүнтэйгээ уялдаатайгаар тэтгэлэгт хамрагдаж суралцсан. Суралцахын зэрэгцээ бусдын л адил цагийн ажил хийдэг байлаа. Аавын ажил байдал ч багагүй хүндрэлд орсон байсан учраас зовоохгүйг хичээсэн. Уг нь тэндээ нэгэн зочид буудлын сүлжээний маркетингийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан. Ингээд 2005 онд гэртээ ирлээ. Үс зүс шингэрээд нэлээд ядаргаанд орчихсон байна гэж гэрийнхэн угтаад амрахыг зөвлөсөн. Гэтэл тэнд байхдаа байнгын ажиллаад сурчихсан болохоор зүгээр сууж чаддаггүй. Сонин уншиж байгаад “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас гэр хороололд бичил бизнес эрхлэгчдэд хичээл заах ажлын байрны зар олж хараад “Болж байна” гэж үзээд хэдийгээр маш бага цалинтай боловч шалгалт өгч тэнцээд ажиллахаар боллоо.

Эндээс гадаадад сурч төгссөн ганган жаахан охин монголчуудын эгэл боргил амьдралтай танилцсан даа. Бүх гутлынхаа өсгийг элэгдэж дуустал Долоон буудал, Шар хад, Багануур, Налайхт очиж бичил бизнес эрхлэгчдэд санхүүгээ хөтлөх, менежмент, маркетинг хийх талаар хичээл заадаг боллоо. Амьдрал нь хүнд, эмэгтэйчүүдэд гэр бүлийн элдэв дарамт хүчирхийлэл мундахгүй, орлого бага, яаж энэ хүмүүсийн амьдралд өчүүхэн ч атугай тус нэмэр болох вэ гэдэг бодлоор “өвчилж”, тухайн үед 22-хон настай би “стресстэж”, сүүлдээ бие муудаж гэрийнхэн эрүүл мэндээ бод гээд ажлаасаа гарсан. Дахиад л сонин эргүүлж байгаад Голомт банкинд нөөцийн газарт мэргэжилтнээр ажилд орлоо.

-Аав бол огт туслахгүй байна уу?

-Туслахгүй. Дуугүй л ажлаа хийгээд яваад байсан. Ажилд орох бүртээ зар мэдээллийн дагуу, зохих шалгалтыг өгч тэнцээд орж байсан. Ингээд талбайн хажуу талын гоё байшинд ажилд орлоо. Эндээс бизнес эрхлэгчид ямар нөхцлөөр зээл авч, ямар байдалтай өрнөдөг, гадаад улс оронтой бизнесийн харилцаатай компаниудын санхүү ямар байна, бэрхшээл юу байна гэдгийг мэдэрлээ. Монголын банк санхүүгийн тогтолцоог мэддэг болж, Засгийн газрын бонд, бусад арилжаа яаж явагддагийг судалж мэдсэн. Дараа нь “MCS” группийн охин компанид менежер хийхээр боллоо, цалин ч овоо өндөр, 700 гаруй мянган төгрөг байв. Гэтэл Японы Засгийн газрын тэтгэлэгтэй докторын хөтөлбөрийн шалгалтыг сониноос харлаа. Би их сонин уншдаг байсан, одоо ч хэвээрээ, бүр хэвшил болчихсон юм. Ингээд найз бүсгүйтэйгээ хамт шалгалт өгөөд тэнцэж докторын хөтөлбөрт суралцахаар болов.

-Ажлаасаа, гэрийнхнээсээ “чөлөө хүсэв” үү?

-Тэгсэн. Компанийн удирдлагаас нэг нь суралцахаа хойшлуулж эндээ хоёр жил ажиллачихвал магадгүй нэг охин компанийг удирдаад явах боломжтой гэлээ. Эргэлзсэн. Доктор болох уу, охин компанийн Гүйцэтгэх захирал болох уу. Гэрийнхэн бөөн баяр. Гэр бүлийн хурал зарлаад хэлэлцлээ. Аав ээж заавал докторт суралц, сурахгүй бол бараг л харилцаа тасална гэх нь холгүй шаардаж байна. Энд ажиллавал магадгүй нөхөр хүүхэд гээд ажил, сургууль тасалдана гэцгээв. Ингээд докторын хөтөлбөртөө суралцлаа. Японд очоод баруунд сурч байхдаа би төвтэй хүн болсон байжээ гэдгээ ойлгож, ямар олон зүйлийг мэддэггүйгээ мэдэж авлаа. Заримдаа би юу ч мэддэггүй тэнэг байж гэж бодов. Хожим нь сонсоход докторантад сурч байхад хэн хүнгүй л тэгж боддог байсан бололтой. Ингээд доктороо ч хамгааллаа.

-Төгсөж ирээд хаачив?

-Тэндээс “Би их сургуульд багшлах ёстой юм байна. Энд сурсан зүйлээ тэнд аваачих ёстой” гэж шийдсэн. Докторантад сурч байхад МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирлын урилгаар багштайгаа хамт илтгэл тавьсан. Үүний дараа тус сургуульд багшаар урьсан. Цалин тэр үед тун бага, хаанаа ч хүрэлцэхгүй. Гэтэл би гэрлээд ээж болчихсон байдаг. Удалгүй дэд профессор, профессор, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны дарга гээд шат дараалалтайгаар ахиж дэвшээд л байлаа.

Сургалтын албаны дарга байхдаа хөтөлбөрөө яаж хөгжүүлэх вэ, яаж сайжруулбал энэ хөтөлбөрөөр суралцсан оюутан хүссэн ажлын байрандаа тэнцэж ажиллах вэ гэдгийг бодож боловсруулж эхэлсэн. Үүгээрээ тэнхимийн эрхлэгч байхаасаа илүү монголын дээд боловсролыг харж, бодож, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг хангасан, олон улсын жишигт нийцсэн байхын төлөө шинэчлэл хийж давхардлыг арилгасан. Профессоруудын өмчлөөд авсан хичээлүүдийг байхгүй болгож, оюутнуудыг сонголттой болгож, элсэлтийн тогтолцоог ил тод, нээлттэй болгож өөрчиллөө.

Наад зах нь сургалтын албаны дарга оюутны байрыг хуваарилдаг байсныг онлайнаар хүсэлтээ гаргаж болдог болгосон. МУИС ийнхүү сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт, реформыг хийснээр багагүй эсэргүүцэлтэй тулгарч жагсаал цуглаандаа хүрлээ. 

-Энэ үеэс л улс төрд орох шийдвэр гаргасан уу?

-Яг тэр үед би удирдлагын багт ажиллаж байв. Эндээс Монгол Улсын боловсролын тогтолцоог харж эхэлсэн. Жишээ нь жил бүрийн элсэгчдээс манай сургууль математикийн хичээлийн түвшин тогтоох шалгалтыг түүврийн аргаар авдаг байсан бөгөөд жил бүр элсэгчдийн чадвар, чансаа буурах хандлагатай байсан. Дээд боловсролын чанарыг сайжруулъя гэвэл ЕБС-ийн чанарын асуудлыг ярихаас өөр аргагүй байлаа.

Гэтэл би зүгээр л нэг багш. Монголын хэмжээнд боловсролын тогтолцоо руу нь орох боломжгүй. Эндээс би улс төрд орох ёстой юм байна. Хууль эрх зүйн орчныг нь өөрчлөхгүйгээр зорьсон өөрчлөлтөө хийх боломжгүй юм байна гэж бодсон. Энэ тухайгаа гэр бүлийнхэндээ хэлэхэд тэд маань дэмжсэн. Мэдээж би хэн нэгний хараат, “халаасны” улстөрч байхыг хүсээгүй учраас гэр бүлийн зүгээс санхүүгийн талаас нь дэмжиж миний ард баттай зогсож өгөөч гэж хүссэн. Ингээд л сонгуульд өрсөлдсөн дөө.

Энэ хугацаанд надад тосоод авсан ажлын байр, хамт олон, цалин хангамж гэхчлэн бэлэн зэлэн юу ч байгаагүй. Зөвхөн “Чи өөрөө л өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ёстой” гэсэн дүрэм үйлчилж, энэ зарчмаар л өнөөдрийг хүртэл сурч, ажиллаж амьдарч байна.

-Илэн далангүй, сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Төрийн их ажилд тань амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ