МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүрэгт Улсын төсвөөр 2 гүүрэн гарц баригдана
2021.11.12
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Баянгол дүүрэгт Улсын төсвөөр 2 гүүрэн гарц баригдана

2022 оны Улсын төсөв батлагдлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудад өндөр цензуртэй хандсан төсөв боллоо гэж дүгнэж буйгаа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар илэрхийлсэн юм.

Ж.Ганбаатар гишүүний хувьд тойрогтоо нэн шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын ажлуудын төслийг хуулийн шаардлагад нийцүүлэн бэлтгэж, холбогдох төсвийн захирагч нарт уламжлан, төсөвт нь тусгуулах талаар идэвхийлэн ажилласны дүнд 2022 онд Баянгол дүүрэгт олон ажлууд хийгдэхээр боллоо.

Үүний дотроос дараах 2 “ГҮҮРЭН ГАРЦ”-ын бүтээн байгуулалтыг онцлон танилцуулъя.

Алтай хотхон-Нарны хороолол дундах төв авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарц-1.5 тэрбум төгрөгийн төсөвтэй;

Нарны хорооллоос хойшхи төмөр зам дээгүүрх явган хүний гүүрэн гарц-1.5 тэрбум төгрөгийн төсөвтэй.

Авто замын ачаалал ихтэй эдгээр хэсгүүдэд гүүрэн гарц хийснээр явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ замын ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Төсөв батлуулах нэг хэрэг. Ажил хэрэг болгох тал дээр Та бүхэнтэй хамтран хяналт тавьж, шахаж ажиллах болно оо. Гүүрэн гарцын хувьд стандартын шаардлага хангасан, хөгшид, хүүхэд, тусгай хэрэгцээт хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангахуйц байх ёстой гэдгийг өөрийн цахим хаягаараа дамжуулан илэрхийллээ.

Нийслэлийн төвлөрөл жил ирэх тусам нэмэгдэж, автозамын ачаалал ихсэж байгаагаас үүдэн явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдэх шаардлага үүссэн.

Тэгвэл уг асуудлыг шийдэх аюулгүй, ухаалаг арга нь явган зорчигчийн гүүрэн гарц байдаг. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр нийслэлийн зам тээврийн ослын шалтгааны 16.5 хувь нь явган зорчигчид уулзвар, гарц нэвтрэх журам зөрчсөнөөс үүдэн гардаг аж. Үүнээс сэргийлэх, шийдэл болгож явган зорчигчийн гүүрэн гарцыг барих болсон бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт таван гүүрэн гарц баригдсан бол Ж.Ганбаатар гишүүний санаачлагаар Улсын төсвийн хөрөнгөөр ахин 2 гүүрэн гарц нэмж баригдахаар болж байна.

ШИНЭ МЭДЭЭ