МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангийн асуулгын хариуг сонсож, хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв
2021.11.12
Улстөр

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангийн асуулгын хариуг сонсож, хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.12) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонслоо.

Мөн тэрбээр мэдээлэлдээ, “Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор говийн их дархан цаазат газрын Б хэсгийн нутаг дэвсгэрт ирвэс, тахь зэрэг нэн ховор амьтан, аргаль, янгир, хулан, хар сүүлтий зээр зэрэг ховор амьтад тогтвортой байрших, шилжилт хөдөлгөөн хийх, ашигт малтмалын үйл ажиллагаанаас хамгаалах зэрэг үндэслэлээр 911 мянган га талбайгаар өргөтгөж, нийт талбайн хэмжээ 1.8 сая га болсныг дурдав.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан энэ талаар мэдээлэл хийв.

1975 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлиг, 1995 оны УИХ-ын 26 дугаар тогтоолоор 927109.9 га талбай бүхий Говийн их дархан цаазат газрын Б хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсныг салбарын сайд мэдээлэлдээ онцлоод Байгаль орчны сайдын 1990 оны 98 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багт “Тахь үржүүлэх хэсэг”, Байгаль орчны сайдын 1996 оны 02 дугаар тушаалаар “Тахь нутагшуулах эрдэм шинжилгээний туршилтын төв”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 75 дугаар тушаалаар Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг байгуулж, Говийн их дархан цаазат газрын Б хэсэг , Алаг хайрхан уулын байгалийн нөөц газар, Шаргын байгалийн нөөц газруудыг хариуцуулан ажиллаж байна гэж байлаа.

Өнөөдрийн байдлаар тус дархан цаазат газарт 350 тоо толгой тахь сэргээн нутагшиж, 13000 орчим хар сүүлтий зээр, 9000 орчим хулан зэрэг ховор амьтад тогтвортой байршиж байна. Үүнтэй холбогдуулан дархан цаазат газарт хамгааллыг оновчтой, түргэн шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/45 дугаар тушаалаар зөвхөн Хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгон өөрчилж, байршлыг Ховд аймгийн Алтай суманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг Н.Уртнасан сайд мэдээлэлдээ онцолсон.

Говийн их дархан цаазат газрын А, Б хэсгийн хамгаалалтын захиргааг олон нийт маш их андуурдаг бөгөөд мазаалай, хавтгай, тахь аль хэсэгт амьдардаг талаар байнга төөрөлдөх зэрэг асуудал гардаг тул Хамгаалалтын захиргааны нэрийг холбогдох мэргэжлийн байгууллагын саналуудыг үндэслэн Зүүнгарын говийн дархан цаазат газар болгон өөрчилснийг салбарын сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ хамгаалалтын захиргаа нь Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талаас тус дархан цаазат газрын баруун хэсэг буюу Ховд аймгийн Булган суманд хүрч ажиллаж чадахгүй байгаатай холбоотойгоор хууль бус зөрчлүүд гарч, хяналт шалгалтын ажлыг илүү өртөг зардалтайгаар хэрэгжүүлж байгааг мэдэгдлээ.

Төрийн сан, шуудан, банкны үйлчилгээг Бугат сумаас авахад өнгөрсөн хугацаанд илүү шатахуун зарцуулдаг. Хамгаалалтын захиргааны дарга Төрийн сангийн үйлчилгээг Тахийн талруу шилжүүлэх талаар Сангийн яаманд хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу авсан.

Тус дархан цаазат газрын 65 хувь нь Ховд аймаг, 35 хувь нь Говь-Алтай аймагт тус тус харьяалагддаг ба дархан цаазат газар нутгийн 40 хувь нь Ховд аймгийн Алтай сум, 25 хувь нь Говь-Алтай аймгийн Бугат суманд хамаардаг тул Алтай сумаас хяналт шалгалтын ажлыг шуурхай хүргэх боломжтойгоос гадна өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа шинжилгээний ажлаар хулан, хар сүүлтий зээр хамгийн эрсдэлтэй өвлийн хугацаанд Ховдын нутагт өвөлждөг нь тогтоогдсон тул тухайн амьтдын хамгаалалтыг эрс сайжруулах бүрэн боломж нээгдэж байна гэж тооцоолсон.

Өнөөдөр албан хаагчдын хүүхдүүд Тахийн талын бага сургуульд 1-5 дугаар анги, Бугат сумын дунд сургуульд 6-9 дүгээр анги, Төгрөг, Есөнбулаг сумдын сургуульд 10-12 дугаар ангидаа суралцаж гурван шатны сургууль дамжин суралцаж байна. Тиймээс Ховдын Алтай суманд хамгаалалтын захиргааг байршуулснаар албан хаагчдын хүүхдүүд нэг сургууль, нэг ангид суралцан ерөнхий боловсрол эзэмших боломж бүрдэнэ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээлэлдээ онцлов.

Түүнчлэн тэрбээр, Олон улсын тахь групп төрийн бус байгууллага 1999 онд байгуулагдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай 2001-2021 хүртэл хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд Тахийн талд 225 м талбайтай, нэг давхар тоосгон барилгыг 2005 онд ашиглалтанд оруулан 2019 онд цэвэр усны шугамд холбон 10 кВаттын нарны эрчим хүчний станц суурилуулсан. Хамгаалалтын захиргааны албан хаагчдыг чадавхжуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах ажилд нийт 778 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

Ховд аймгийн Алтай суманд хамгаалалтын захиргааг шилжүүлснээс хойш одоогийн орон тоон дээр нэг мэргэжилтэн, 2 үйлчилгээний ажилтан нэмж ажиллуулахаар төлөвлөсөн. Тахийн талд Говь-Алтай аймгийг хариуцсан хамгаалалтын хэсэг, тахь нутагшуулах, судалгаа шинжилгээний төв байгуулж 2 мэргэжилтэн, 10 байгаль хамгаалагч, 2 үйлчилгээний ажилтан тогтмол ажиллуулна.

Ховд аймгийн Алтай суманд 1 га газарт хамгаалалтын захиргааны Сургалт сурталчилгаа-мэдээллийн төвийн нийт 825 м талбайтай барилгын зураг төслийг Олон улсын тахь групп нийгэмлэгийн санхүүжүүлтээр боловсруулан батлуулж, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төслийн хүрээнд 2022 онд барьж байгуулахаар төсвийг бүрэн шийдвэрлэсэн талаараа дурдлаа.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, Ш.Адьшаа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Бугат суманд амьдарч байгаа ард иргэд, алба хаагчдаас хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэх санал авсан эсэх тус захиргааг нүүлгэн шилжүүлсний цаана тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал, бусад лицензтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх зорилго агуулагдсан талаар илүүтэй тодруулж лавласан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хариултдаа, Хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэх асуудал нь 2021 оны 01 дүгээр сараас биш сүүлийн 10 жилийн хугацаанд буюу тусгай хамгаалалттай газрыг 911 га талбайгаар өргөтгөснөөс хойш яригдсан. Хамгаалалтын захиргааг хаана байрлуулбал оновчтой шийдэл болох талаар олон санал, асуулга явуулахад тус захиргаанд ажиллаж байгаа байгаль хамгаалагчдын 80 хувь нь хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаарх хурлын тэмдэглэлээ ирүүлсэн гэв. Мөн Бугат суман дахь нэгжид найман байгаль хамгаалагч, хоёр албан хаагч үлдэж, хамгаалалтын захиргааны нэгж хэсгийн үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдгийг нэмж тодотголоо. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малмтал эрэх, хайх зэрэг бүх үйл ажиллагааг хориглосон байдаг. Иймд Тахийн тал говийн их дархан цаазтай газрын Б хэсэгт ямар нэг байдлаар аж ахуйн нэгжүүд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг салбарын сайд хариултдаа онцолж байлаа.

Үргэлжлүүлэн асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурал шийдвэр гаргахдаа дархан цаазат газрын хилийн хэмжээг нэмснээс бус хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаагүй гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн хамгаалалтын захиргаанаас найман хүнийг үлдээгээд 34 байгаль хамгаалагчийг шилжүүлсэн шийдвэрийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр, 1991 оноос хөрөнгө, хүч зарцуулсан Тахийн нуруу хэмээн тахиар нэрлэгдсэн маш ховор амьтад байдаг энэ газар нутгийн хамгаалалтыг сулруулж байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэг шилжүүллээ

Дараа нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.

Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 11 дүгээр зүйлд 11.3 дахь “Улсын Их Хурлаас энэ хуулийн 11.2-т заасны дагуу Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг хагас жил тутамд Улсын Их Хуралд ирүүлэх ба түүнд Тамгын газар дүн шинжилгээ хийж, танилцуулгыг холбогдох Байнгын хороодод хүргүүлнэ.” гэж, төслийн 21 дүгээр зүйлд 21.5 дахь “Энэ хуулийн 23.4-т заасан тооцоог хийхэд шаардагдах Төсвийн тухай хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг тухайн хугацаанд, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн задаргааг зардлын эдийн засгийн ангиллаар, зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн задаргааны хамт тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх хугацаанаас өмнөх дараалсан 3 жилийн зэрэгцүүлсэн задаргааны хамт Улсын Их Хуралд ирүүлнэ.” гэсэн хэсэг тус тус нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн төслийн 32 дугаар зүйлд Хяналтын сонсголыг хүчинтэйд тооцох 32.1 дэх “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын, дэд, түр хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцсоноор тухайн сонсголыг хүчинтэйд тооцно.” гэж, төслийн 69 дүгээр зүйлд 69.9 дэх “Холбогдох албан тушаалтан энэ хуульд заасан сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, эсхүл холбогдох тайлбар, мэдээлэл өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол Төрийн албаны хуульд заасан хариуцлага хүлээлгүүлнэ.” гэсэн хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналууд тус тус дэмжигдэв.

Харин Ажлын хэсгээс гаргасан төслийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж болно.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх саналыг хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээс төслийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийг “45.3.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.1, 11.2-т заасан олонх, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.3-т заасан цөөнхийн төлөөлөл энэ хуулийн 45.2-т заасан зарчмын дагуу түр хорооны бүрэлдэхүүнд оруулах гишүүдийн нэрийг өөрөө тогтоож, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ. Байнгын хороо ирүүлсэн нэрийг өөрчлөхгүйгээр хэлэлцэнэ.” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.

Ингээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үргэлжлүүлэн “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан нар тус тус танилцуулсан.

Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан тус хуульд нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинээр баталсныг төсөл санаачлагч онцлоод Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар захирамжаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулах, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан гэж байлаа.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж заасантай нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн гишүүний бүрэн эрхтэй холбоотой 8 дугаар зүйл, гишүүний бүрэн эрхийн баталгаа, гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал, гишүүнд хориглох үйл ажиллагаатай холбоотой 40, 42, 43 дугаар зүйлийг боловсронгуй болгож шинэчлэн найруулж, улмаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хуралдааны дэгтэй холбоотой зохицуулалт, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагатай холбоотой 18 дугаар зүйлийг шинээр нэмсэн гэдийг төслийн танилцуулгад дурджээ.

Дээрх хууль тогтоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хариуцлагыг өндөржүүлэх, чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцдог байх, иргэд сонгогчдод Улсын Их Хурлын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэхэд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулах шаардлага бий болсон.

Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн төсөл 12 бүлэг 71 зүйл, 26 дэд заалттай бөгөөд дүрэм батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элчийн хувьд төр, олон нийтийн итгэлцлийг бий болгох, тэдний итгэлийг хүлээх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, өргөсөн тангарагтаа үнэнч байхад хөшүүрэг болох ач холбогдолтой гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцэн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал, С.Ганбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүд ёс зүйн дүрмээ баталж, манлайлайгч байна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдээд төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн хэм хэмжээ зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх талаар илүүтэй лавласан.

Төсөл санаачлагч гишүүн Б.Бат-Эрдэнэ хариултдаа, 2009 онд УИХ-аар баталсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” тогтоолд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэлд сануулга арга хэмжээ авахаар тусгасныг тодотгоод дүрмийн шинэчилсэн төсөлд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан гэдгийг онцолсон.

Ингээд “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг батлав

Хуралдааны төгсгөлд “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа тогтоолыг төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн тооны хоёрны нэгээс илүүгүй байна гэснийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамбын Батлут, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдинням, Лхагвын Мөнхбаатар нарыг Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн гэж байлаа.

Ингээд “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62,5 хувь нь дэмжсэнээр чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ