МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Боловсролын ерөнхий хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2021.11.16
Хууль, эрх зүй

Боловсролын ерөнхий хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын багц хуулийн төсөлд санал авах цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төслийг өнгөрөгч 06 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг (шинэчилсэн найруулга) боловсруулсан юм.

Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий долоон ажлын хэсгийг УИХ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар байгуулсан бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг ахалж байна.

Өнөөдөр (2021.11.15) Боловсролын ерөнхий хуулийн төслийн (шинэчилсэн найруулга) хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ч.Ундрам, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд, Ажлын дэд хэсгийн ахлагч Г.Ганбаяр болон нийслэлийн бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтнууд, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн арга зүйч нарын төлөөлөл оролцож, хуулийн төслийн талаар санал солилцлоо.

2020-2021 оны хичээлийн жилийн байдлаар манай улсад төрийн болон төрийн бус өмчийн1454 цэцэрлэг, 839 ерөнхий боловсролын сургууль, 88 их, дээд сургуульд нийт 1.075.170 суралцагч суралцаж, 50.043 багш ажиллаж байна. Энэ нь манай улсын нийт хүн амын 32 хувийг эзэлж байна. Боловсрол эзэмших нь хүний амьдралын туршид явагддаг тасралтгүй үйл явц бөгөөд уг эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д “Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” хэмээн зааж баталгаажуулсан байдаг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Боловсролын тухай хуулийг 2002 онд, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг 2008 онд, түүнчлэн 1995 онд батлагдсан Бага, дунд боловсролын тухай хуулийг 2002 онд шинэчлэн найруулж, Дээд боловсролын тухай хуулийг 2002 онд тус тус баталсан. Энэ хугацаанд Боловсролын тухай хуульд 26 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 6 удаа, Бага, дунд боловсролын тухай хуульд 13 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа тус тус нэмэлт, өөрчлөлт оржээ. Энэ олон удаагийн өөрчлөлт цаг үеийн хөгжлийн шаардлагыг хангахгүй байгаа тул салбарын эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэх хэрэгтэй.

Боловсролын ерөнхий хуулийн төслөөр боловсролын салбарын засаглал, тогтолцооны хөгжлийн загвар, багш бэлтгэх болон үнэлгээний тогтолцоо, сургуулийн өмнөх, бага, дунд болон дээд боловсролын бодлогын шинэчлэл, насан туршийн боловсрол, цахим шилжилт, удирдах албан тушаалын томилгоо, боловсролын санхүүжилт зэрэг үндсэн найман чиглэлд шинэчлэл хийхийг зорьж байгааг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг онцоллоо.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүргийг хамарсан цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал авсан. Хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, ирэх хаврын чуулганаар багц хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Боловсролоор дамжуулж хүүхэд бүрд амьдралын тэгш гарааны боломжийг олгох ёстой. Хаана төрж, өссөн, ямар яс үндэстэн, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хүүхэд бүр чанартай, сайн боловсрол эзэмших ёстой. Боловсролын багц хуулийн төслөөр хүний эрхийн мэдрэмжтэй боловсролын тогтолцооны суурийг бэлдэхийг зорьж байна. Өмнөх үеийн ололттой сайн туршлагуудаасаа суралцаад засах залруулах асуудлаа цаг үеийн хөгжлийн шаардлагад нийцүүлээд шинэчлэх ажлыг ажлын хэсгийн гишүүд хийхийн тулд цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хэллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос суурь боловсролыг тодорхой заах, гадаад хэлийг хэд дүгээр ангиас үзэхийг хуульд тусгах, ерөнхий боловсролын сургуулиуд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулах боломжтой байх, боловсролын үнэлгээний стандартыг нарийн тогтоох, багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй болох, цалин урамшууллын нэмэх зэрэг саналуудыг хэлж байлаа. Тухайлбал,

“Русский лицей” сургуулийн захирал С.Баярсайхан: Өмчийн хэлбэр үл харгалзан боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг жигд дэмжих хэрэгтэй. Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Нэг ангид 40-50 хүүхэд суралцаж байгаа. Улсын сургуулийн ачааллыг хувийн сургуулиуд тодорхой хэмжээнд хуваалцаж байгаа.

Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал: Боловсролын салбарын суурь харилцааг зохицуулах хууль бол Боловсролын ерөнхий хуулийн төсөл болж байна. Хүний эрхэд суурилсан хандлагад чиглэсэн зохицуулалтыг энэ хуулийн төсөлд тусгах ёстой. Ялангуяа сургуулийн орчинд хүүхдийн эрхийн хамгааллын асуудал ямар байгааг судлах хэрэгтэй. Хүүхдийн эрхийн хамгааллын асуудлыг ярьдаг ч төсөв, санхүүжилтийг нь шийдэлгүй орхидог. Сургуулийн нийгмийн ажилтнууд өөрсдийн цалингаасаа эрсдэлд орсон хүүхдүүдээ хамгаалаад явж байна. Тиймээс багц хуульд энэ асуудлыг тусгах хэрэгтэй.

Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн захирал С.Эрдэнэбаатар: Боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах гэдэг ойлголтыг хэт туйлшруулж ирсэн тал бий. Сүүлийн жилүүдэд ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бусад хүүхдүүдтэй хамт сургах болсон. Тэгш хамруулах нэрийдлээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг зөрчиж байна. Жишээлбэл, “Энгийн” ерөнхий боловсролын сургуульд сурагчдаа бэлдээд явуулахаар дийлэнх нь буцаж ирдэг. Шалтгааныг нь судлахаар ерөнхий боловсролын сургуулийн багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ялгаатай заах арга зүйд суралцаагүй байна. Энэ нь багшийн ачааллыг нэмдэг. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч тэнд тэгш хамруулах нэрийн дор “үзүүлэн” болдог. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн эрх чөлөө, сонголтыг хүндлэх хэрэгтэй. Тиймээс Боловсролын ерөнхий хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид тусгай анги, бүлгээр, тусгай сургуулийн хэлбэрээр, тэгш хамруулах хэлбэрээр, ганцаарчилсан сургалтын хэлбэрээр, зайн сургалтын хэлбэрээр суралцаж болох эрх зүйн зохицуулалтыг оруулах нь зүйтэй.

Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн Сургалтын менежер н.Лхагваа: Багшийн цалинг үр дүнд суурилж, гүйцэтгэлээр өгдөг болох зохицуулалт эерэг, сөрөг хоёр үр дагавартай. Сайн ажиллаж байгаа багшид цалин, урамшуулал хангалттай өгөх нь зүйн хэрэг. Гэвч нөгөө талаар үр дүн муу ажиллаж байгаа багшийн цалинг хасах тухай асуудал яригдаад ирэхээр үнэлгээний араас хэт хөөцөлдсөн, хуурамч дүгнэлт гаргадаг байдалд шилжих эрсдэл байна. Энэ нь урт хугацаандаа багшлах хүний нөөцийн хомстолд орно. Мөн багш нарыг бэлтгэх тогтолцоог сайжруулах хэрэгтэй байна. Сургууль бүр харилцан адилгүй дадлагын хугацаатай байна. Тиймээс багшийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг төгсөх ангиас нь эхлүүлэн жилийн турш дадлагажигч багшаар ажиллуулах хэрэгтэй. Ингэхдээ тухайн оюутан өөрсдөө сургуулиа сонгоод туршлагатай нэг багшийг дагалдаж ажиллавал сайн багшийг бэлдэх боломжтой. Тухайн оюутны сургалтын төлбөрийн тодорхой хувийг дадлагажуулагч багшид цалин болгож өгдөг хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй.

Нийслэлийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн захирал А.Мөнхчимэг: Сургууль, цэцэрлэгийн захирлуудын томилгоог сүүлийн жилүүдэд хэт улстөржүүлдэг болсон. Босоо тогтолцоотой болох хэрэгтэй. Мөн багш нарын цалин урамшуулал, нийгмийн асуудлыг шийдэхгүй бол багшлах хүн олдохгүй болсон. Сургууль бүр багшийн дутагдалтай байгаа. Улсын сургуулийн цалинг голдог. Сайн багш нарыг хувийн сургуулиудад алддаг. Боловсролын цахим шилжилтийг маш сайн бодож, тооцоолж, өнгөрсөн хоёр жилийн алдаагаа засахад анхаарч хийхгүй бол ахиц дэвшил байхгүй байна. Алслагдсан дүүрэг, гэр хорооллын хүүхдүүд цахим хичээлээс маш их хоцорсон. Ерөнхий боловсролын сургуулийн стандартыг хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ