МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

2022 онд хүүхэд бүр баталгаатай, даатгагдсан “Хуримтлал”-тай болно
2021.11.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

2022 онд хүүхэд бүр баталгаатай, даатгагдсан “Хуримтлал”-тай болно

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг батлахтай хамт Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 2022 оны төсвийг баталсан. 

Ирээдүйн өв сангийн тухай хуульд нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлнэ гэж, “Алсын хараа-2050” болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж тус тус заасан.  

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргадаг судалгаанаас үзэхэд эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлаараа дэлхийд тэргүүлдэг Швейцар, Швед, ХБНГУ зэрэг орнуудын иргэд нь орлогынхоо тодорхой хувийг жил бүр хуримтлуулдаг байна. Эдгээр орнуудын хөгжлийн замналд иргэдийн хуримтлал нэн чухал байсан ба хуримтлалын ач холбогдол,  хуримтлуулах дадал зуршлыг хүүхэд наснаас бий болгосон байна. 

Монгол Улс “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг 1995 оноос зөвхөн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, зорилтот бүлэгт чиглүүлж хүүхдийн тэтгэмж олгож байсан бол 2006 оноос 0-18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 3.0 мянган төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 2007 оноос жилд нэг удаа 100.0 мянган төгрөг, 2009 оноос сар бүр 21.0 мянган төгрөг, 2012 оноос сар бүр 20.0 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож байсан.

Коронавируст цар тахлын үед хүүхэд багачуудыг хүнс, тэжээлийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, теле-хичээл, цахим сургалтад хамрагдах боломжоор хангах зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхэд бүрд сар бүр 100.0 мянган төгрөгийг олгож байгаа. 

Хэдийгээр цар тахлын үед дээрх арга хэмжээ нь цагаа олсон, хүртээмж, үр дүн өндөртэй байгаа боловч урт, дунд хугацаанд бэлэн мөнгө тараах халамжийн бодлогоос үе шаттайгаар татгалзаж, хүүхдийн хуримтлалын тогтолцоонд шилжих шаардлагатай гэж Монгол Улсын Засгийн газар үзсэн. 

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд

 

“2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавих төсөв юм. Энэ бодлогын хүрээнд байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай ирээдүйн иргэдийг одооноос бэлтгэж, Хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ.”

Тиймээс байгалийн баялгаас орох орлогын хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг Нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийг арилжааны банкин дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулахаар боллоо. 

Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлж, санхүүгийн баталгаатай ХУРИМТЛАЛТАЙ ХҮҮХЭД хөтөлбөр 

Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, Хадгаламжийн даатгалын сангаар даатгуулсан, хамгийн эрсдэл багатай системийн нөлөө бүхий банкуудад нэрийн дансны хуримтлалтай болж, хадгалах, хуримтлуулах дадал зуршлыг хүүхэд наснаас суралцахаас гадна 18 нас хүрээд нэрийн дансны хуримтлалаар өөрийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийх боломжтой болж байна. 

Хуримтлалтай хүүхэд хөтөлбөр үе шаттайгаар хэрэгжинэ. Хадгаламж нээлгэсэн хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл хүүхдийн нэрийн дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломжтой. 

Г.Занданшатар УИХ-ын дарга

 

“Хөтөлбөрийг эхлүүлснээр 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болно. Ингэхдээ хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломжтой.”

2022 оны төсвийн жилд, 1 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн хуримтлалыг 100,000 төгрөг хүртэл сонголтоор, харин 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр буюу хүүхэд бүрд нийт 100,000 төгрөгийг хадгална. 

Ирэх 2022 онд Ирээдүйн өв сангийн орлогын гол эх үүсвэр болох 
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 1,057.2 тэрбум төгрөг, 
  • Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгаар 404.5 тэрбум төгрөг, 

Нийтдээ 1,461.7 тэрбум төгрөгийг тус санд төвлөрүүлсэнээр “Хуримтлалтай хүүхэд” хүүхдийн мөнгөн хадгаламж бий болох юм.  

Ирээдүйн өв сангийн орлого, тэрбум төгрөг

 

Ирэх 2022 онд дэлхийн зах зээл дахь экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн таамаглал, экспортын биет хэмжээний төсөөлөл зэрэгтэй уялдуулан Ирээдүйн өв санд нийт 1,461.7 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа бөгөөд тус сангаас хүүхдийн мөнгөн хадгаламжид зориулан мөн хэмжээний дүнг Банкны тухай  хуулийн 3.1.20-д заасан банкин дахь хүүхдийн нэрийн дансанд шилжүүлнэ. Үүнээс хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгох дээд хэмжээг 1,096.3 тэрбум төгрөг, хүүхдийн нэрийн дансанд хуримтлагдах доод хэмжээг 365.4 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. 

Харин Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд, Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж мөнгөн хадгаламжаас тухайн сард хадгаламжид хуваарилсан дүнг дор дурдсан хугацаанд дараах  хувиар тооцож мөнгөн хэлбэрээр авах эрхтэй хэмээн заасан. 

Ингэхдээ,

Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх бөгөөд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр ч дээрх хугацаанаас хэрэгжиж эхэлнэ.

ШИНЭ МЭДЭЭ