МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
2021.11.17

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр (2021.11.17) хамтарсан хуралдаан хийж, хуралдаанаараа Засгийн газраас 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалав.

Хамтарсан хуралдаанд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хуулийн төслийн талаар танилцууллаа. Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021.07.01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуулийн төслийг үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт орууах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар мэдээлэл, мэдээллийн сан, цахим мэдээллийн системтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг 154 хуулиар зохицуулж буй боловч аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нэгдсэн зохицуулалтгүй учир кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх, аюул заналыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийг хамгаалах хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.

Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зайн орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн байна.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Саранчимэг, Б.Энх-Амгалан нар ажлын хэсгийн ахлагчаас болон хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал болон холбогдох байгууллагын удирдлагууд хариулт өгөв.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн болон хуралдааны үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, шийдвэрлэв. Ингээд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ