Оюутолгойн асуудлаар хоёр тал харилцан ойлголцолд хүрч, хамтарч ажиллахаа илэрхийллээ
2021.11.23
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Оюутолгойн асуудлаар хоёр тал харилцан ойлголцолд хүрч, хамтарч ажиллахаа илэрхийллээ

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны гишүүд /2022.11.22/-ны өдөр “Рио тинто” компанийн гүйцэтгэх захирал Якобс Статусхольм болон тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Хуулийн ерөнхий зөвлөх Кайл Рөүсай, Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Эндрью Лэйтам, Техник хариуцсан захирал Крэйг Стегман, “Туркойс Хилл Ресурсес” компанийн гүйцэтгэх захирал Стийв Тибоу нартай уулзлаа.

Уулзалтанд УИХ-ын Түр хорооны гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нар оролцож санал бодлоо илэрхийллээ. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 12 жил, Дубайн гэрээ байгуулснаас хойш 7 жилийн хугацаа өнгөрсөн боловч хүлээсэн үр дүн гарсангүй, төсөл хугацаандаа хэрэгжих боломжгүй нөхцөл үүслээ. Үүний үр дагаврыг тус компанийн удирдлагын менежментийг хариуцаж ирсэн танай компани хариуцах ёстой. Цаашид төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой байна гэдгийг гишүүд илэрхийлэв.

Үүнд:

  1. Монголын талын 34 хувьд ноогдож буй өрийн асуудлыг бүрэн тэглэх
  2. Дубайн хүрээнд хууль бусаар байгуулагдсан 3 гэрээг цуцалж, гэрээг дагасан өр, зээл, шимтгэл хураамжийг хүчингүй болгож бусад хохиролтой асуудлыг шийдвэрлэх
  3. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад баримт бичгүүдийн хуулийн зөрчилтэй асуудлуудыг нэг мөр цэгцлэх зэрэг асуудлуудыг шийдэх шаардлагатайг мэдэгдсэн байна.

Рио тинто компанийн удирдлагын зүгээс төслийн хэрэгжилтийн явцад алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, тулгамдсан асуудлуудыг хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэх боломжтой, бидний зүгээс тодорхой асуудлаар та бүхний саналыг хүлээн авахад бэлэн байна гэдгийг дуулгав. Хоёр тал Оюу толгойн хэрэгжилтэд Монгол улсын эрх ашгийг хангах тухай УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, хамтарч ажиллахаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ