МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.25
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Энэ хуулийг баталснаар Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн загварыг боловсруулах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Хөгжлийн бодлгого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Гэтэл 2020 онд батлагдсан тус хуульд 2021 онд өөрчлөлт оруулна гэдэг бол бид ямар хууль батлаад байгаагаа эргэж харах хэрэгтэй гэсэн үг.

Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд 550 гаруй бичиг баримт боловсруулж, мөрдсөн. Баримт бичгийн хэрэгжилт, үр дүн маш муу явж ирсэн. Жишээлбэл, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын үр дүн, хэрэгжилтийн мэдээлэл байхгүй. Тогтвортой хөгжил 2030 баримт бичгийн хэрэгжилт муу байгаа.

Урьд нь баталж, мөрдөж байсан хөгжлийн баримт бичгүүдэд дундаж давхаргыг бий болгох,  ядуурлыг буруулах, халамжийн бодлого үр дүн өгөөгүй. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, экспортыг дэмжих, баялгын менежментийг сайжруулах зэрэгт анхаараагүй. Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн загвар бодлого тодорхой бус байгаа.

Энэ хуулийг баталснаар Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн загварыг боловсруулах уу?

Хуулийн шинэчлэлээр шийдэх ёстой асуудлын хөгжлийг хурдасгах боломж бий юу?

2020 онд баталсан хуульд ямар алдаа дутагдал байсан бэ?

Нэмэлт өөрчлөлтийг аль хувилбарт суурилж хийсэн бэ? зарчмын хувьд ялгаа бий юу?

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд мониторинг хийх чиглэлээр ямар асуудлыг тусгасан бэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ