“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо
2021.11.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо. 1921 оны 11 дүгээр сард Ардын Засгийн газраас Судар бичгийн хүрээлэнг байгуулах нугалбар бичгийг Богд хаанд өргөн мэдүүлж, хүрээлэнгийн захирлаар Онхуд овогт С.Жамъян гүнг томилон ажиллуулснаар манай улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллагын суурь тавигдсан түүхтэй.

Өнгөрсөн 100 жилд Монгол хүн сансарт нисэж, персонал компьютер угсарч үйлдвэрлэн, экспортод гаргаж, их энергийн физикийн туршилтын үр дүнг боловсруулахад онолын шинэ үр дүнг бий болгож, Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг, Монгол угсаатан хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож, 2500 жилийн настай археологийн олдворууд, Монгол орны биологийн олон янз байдал, экосистем, биологийн нөөц зэрэг олон чиглэлээр судалгааны ажил хийж, ард түмний амьдрал ахуй, улс орны хөгжлийг хурдасгасан үр дүнг гаргасан билээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүндэтгэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ цаашид уламжлал, шинэчлэлийг хослуулсан шинэчлэлийг эхлүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын менежментийг боловсронгуй болгож, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжүүлэх замаар салбарын хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор, технологи, инновацийн кластер, шинжлэх ухааны парк, салбар дундын нээлттэй лабораторийг байгуулах зэрэг шаардлагатай дэд бүтцийг бий болгох замаар судалгааны орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий эрдэмтэн судлаачдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг онцоллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар шинжлэх ухааны түүхт ойн баярын үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар илгээлт ирүүллээ.

Энэ үеэр “Монгол Улсын шинжлэх ухааны тогтолцооны хувьсал”, “Бүтээлч санаачилга ба төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” зэрэг олон илтгэлүүд тавигдлаа.

ШИНЭ МЭДЭЭ