ШЕЗ-ийг нэг намаас хамааралтай болгохгүйн тулд цөөнхөөс байнгын хяналт тавьж ажиллана
2021.11.25
Хууль, эрх зүй

ШЕЗ-ийг нэг намаас хамааралтай болгохгүйн тулд цөөнхөөс байнгын хяналт тавьж ажиллана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн шүүгч бус гишүүдийн томилгооны сонсгол хэлэлцэх асуудалд тав хоногийн завсарлага аваад байгаа.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2021.11.23/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдэд нэр дэвшигч Н.Отгончимэг, Н.Баасанжав, Д.Эрдэнэчимэг, Р.Онончимэг нартай уулзаж, мэдээлэл, тодруулга авлаа.

Уулзалтад Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат, мөн ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс ажиглагчаар оролцсон Р.Хатансайхан нар хүрэлцэн ирэв. ШЕЗ-ын шүүгч бус гишүүдийг томилох ажиллагаанд иргэдийн оролцоо хангалтгүй, хуульд заасан ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой заалт хэрэгжээгүй гэдэг үндэслэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан гэдгийг уулзалтын эхэнд бүлгийн дарга Д.Ганбат хэллээ. Нэр дэвшигчдийн зүгээс “Сонгон шалгаруулалт нь дэвшилтэт алхам бөгөөд соёл болж үлдээсэй гэж хүсэж байна. Өнөөдрийн уулзалтыг сонгон шалгаруулалтын нэг хэсэг гэж бодож, цөөнхийн бүлэгт мэдээлэл өгөхөөр ирсэн” гэв.

Уулзалтад ирсэн нэр дэвшигчид нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсны дараа ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгээ өгсөн бөгөөд сонирхлын зөрчлийг ийнхүү шалгаж байгаа нь бас нэг дэвшилтэт алхам гэдгийг онцоллоо. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нэр дэвшигч эмэгтэйчүүдийг маш олон шалгуурыг давж эмэгтэйчүүд олонхийн саналаар ШЕЗ-д шалгарч байгаад талархаж буйгаа илэрхийлээд, шударгаар ажиллаж байгаа дараа дараагийн эмэгтэйчүүддээ боломж нээж, зөв үлгэрлэл үзүүлэн, шударга ажиллахыг хүслээ.

Бүлгийн дарга Д.Ганбат Ардчилсан Монгол Улсад хүний эрхийн асуудлыг нэгдүгээрт тавих ёстой. Нэг намаас хамаарал бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл бий болох вий гэдгээс болгоомжилж, цөөнхийн зүгээс байнгын хяналт тавьж ажиллахаа анхаарууллаа. “Шүүгч солигдоход гарсан шийдвэр нь дагаад солигдоод байдаг байж болохгүй. Энэ бол зарчмын том асуудал” гэдгийг бүлгийн дарга Д.Ганбат нэмж хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ