Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ
2021.12.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.12.01) хуралдаан 14 цаг 15 минутад эхэлж, Засгийн газраас 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тус хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021.11.19-ний өдөр хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлээд байсан юм.

Хуралдааны эхэнд хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа. Ажлын хэсэг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үеэр Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй найман саналыг хэлэлцэж, томьёоллыг дахин боловсруулсан байна. Түүнчлэн зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулсантай холбогдуулан хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулж зарчмын зөрүүтэй дөрвөн санал, найруулгын нэг саналыг бэлтгэжээ.

Үүнд, төслийн 6 дугаар зүйлийн 6.3-д Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журмыг Засгийн газрын гишүүн баталдаг байхаар, төслийн 7 дугаар зүйлийг 8 дугаар зүйл болгож Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт “хуулийн этгээд зөрчлийн хууль зөрчсөн эсэх тодорхойлолт” гэж томьёолсон байсныг илүү тодорхой болгож Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль зөрчих” гэсэн Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлд заасан зөрчил гэж тодотгожээ.

Мөн дотоодын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан Засгийн газраас зарим салбарт зуучлах үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болохоор, хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах гэж Дипломат албаны тухай хуульд заасан байгаа учир энэ хуульд зөвхөн хөдөлмөрийн атташегийн тусгай орон тоо бүхий Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт хөдөлмөрийн гэрээгээр явсан монгол иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлийг тусгасан байна.

Ажлын байрны ангиллыг илүү оновчтой тодорхойлж, “Монгол улсын олон улсын гэрээний дагуу ажиллах...” гэснийг “олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдах ажилтан, ажилтан, сайн дурын ажилтан” болгон томьёолжээ. Ингэснээр НҮБ болон түүний салбар байгууллагууд хамаарагдахгүй бөгөөд зөвхөн Гадаадын иргэн харьяатын газар бүртгүүлж зөвшөөрлөө аван ажиллаж байгаа 80 гаруй гадаад улсын ТББ хамаарч буй юм байна. Жишээлбэл Конрад Аденаурын сан, Дэлхийн зөн, Ханнс Зайделийн сан зэрэг байгууллагууд Монгол Улсад хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, одоогийн байдлаар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөгддөг аж.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг эдийн засгийн салбараар жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдөр баталдаг байх нь зүйтэй бөгөөд Улсын төсөвтэй уялдуулан хугацааг өөрчлөх шаардлагагүй гэж үзжээ. Уг саналыг боловсруулахдаа ажил олгогчдын саналыг харгалзсан байна.

Ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөхдөө гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдах ажилтан, ажилтан, сайн дурын ажилтан, гамшгийн үед шаардлагатай тохиолдолд авах гадаад ажилтан, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах эмч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн багш, дасгалжуулагч авч ажиллуулах ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлхөөр зохицуулжээ. Түүнчлэн Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, С.Одонтуяа нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй найман саналын томъёолол болон бусад саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэв. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Ингээд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийгдсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааран хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ 12 дугаар сард тус Байнгын хороо Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр цаглаварт тусгажээ. Хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэнээр хуралдаан өндөрлөв.

ШИНЭ МЭДЭЭ