МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Цэрэнпунцаг: Бидний гэсэн өв соёл, ёс заншлыг үгүйсгэж байгаа нь харагдахгүй байна уу?
2021.12.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ц.Цэрэнпунцаг: Бидний гэсэн өв соёл, ёс заншлыг үгүйсгэж байгаа нь харагдахгүй байна уу?

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Богд Зонхова” бурхны хөшөөт цогцолборыг Тасганы овоонд 32 тэрбум төгрөгөөр барихаар ирэх оны төсөвт тусгасан нь олны шүүмжлэл дагуулж байгаа. Энэ цогцолборыг УИХ-ын дарга Г.Занданшатар, гишүүн Ц.Анандбазар нарын хамт та санаачилсан юм билээ. Төсөв нь яагаад анх төлөвлөснөөсөө ийм их хэмжээгээр нэмэгдчихэв?

-Бид гурав 2020 онд бүрэн эрхийнхээ дагуу 5.5 тэрбум төгрөгөөр барих санал оруулсан юм. Тухайн үед зураг төсөл нь гараагүй байсан. Цогцолборын хэмжээ бага байсан. Сүүлд зураг төсөл нь нарийвчлан гарсан. Төсөв нь 32 тэрбум төгрөг болж нэмэгдсэн асуудлыг Барилгын хөгжлийн төвөөс тайлбарласан. Соёлын яамнаас ч тайлбарласан байна лээ. Гадна талын тохижилт, Тасганы овоо руу татаж буй дэд бүтцийн ажил гээд нэмэгдэж байгаа юм байна. Асуудал олны анхаарал татсан учраас би төсвийн задаргааг нь харсан. Зөвхөн гадна талын 1.6 га газрын тохижилт нь битүү гэрэлтүүлэгтэй бүтээн байгуулалт болох юм байна.

Улаанбаатар хотын залуучууд очиж, чөлөөт цагаа зарцуулах сайхан орчин болох юм билээ. Тасганы овоо нь түүх дурсгалын газар гэсэн мөртлөө одоо улаан шороо эргэсэн газар байгаа. Түүнчлэн Тасганы овооны газрыг тал талаас нь ухаж аваад дуусаж байгаа юм билээ. Өмнө нь Тасганы овооны газар дээр зочид буудал барих гээд Хятадын компани зураг төсөл гаргачихсан явж байсныг харин ч авч үлдэж, олон нийтэд зориулсан цэцэрлэгт хүрээлэнтэй соёл дурсгалын төв болох гэж буйд нь баяртай байгаа.

 -Таны санаачилсан хөшөөт цогцолборын үнэ хэд дахин нэмэгдсэн байхад та яагаад олж харж, анзаарсангүй вэ?

-Олж харалгүй яахав. Төсөвт 32 тэрбум төгрөг туссаныг харсан. Нарийвчилж хараагүй байсан. Сая холбогдох дүнг нь авч харлаа. Анх цогцолборыг Залаатын амны уулын орой дээр хийхээр төлөвлөж байсан. Байгаль орчны яамны зөвшөөрөлтэйгөөр уулын орой дээр хэрэгжүүлэх гэж байгаа гээд оюуны өмчийн бүтээлийг эзэмшдэг төрийн бус байгууллага нь хандив авах, төрийн туслалцаа шаардлагатай гэж байсан. 

Соёлын өв бүтээнэ гэж хандсан. Гэвч уулын оройд цогцолборыг бүтээх боломжгүй гэж бид үзсэн. Уулын оройд бурхны цогцолбор барих баг ч манайд байхгүй. Дээрээс нь дэд бүтцийг нь яах юм гээд Үндэсний соёл амралтын хүрээлэн ч юм уу, эсвэл бурхан шашны үүх түүхтэй газар зөвшөөрлийг авч байгуулах хэрэгтэй гэж зөвлөсөн.

Төрийн бус байгууллагынхан Соёлын яам, Нийслэлийн соёлын газраар яваад Тасганы овооны жаахан газарт барихаар болсон. Тасганы овоо нь түүхийн дурсгалт газар юм билээ. 1992 онд Засгийн газрын тогтоол гарч, түүхийн хувьд чухал дурсгалтай газар учраас хөрөнгө оруулалт, тохижуулалт хийх ёстой гэж үзсэн байдаг юм. Үүнийг ямар хүн эсэргүүцээд байдаг юм бол. Ер нь нэг зүйлийг хэлэхэд, наадам хийх гэхээр “No Naadam” гээд хөдөлгөөн гэнэт гараад ирсэн. Соёлын өв, монгол зан заншил, гүн ухаан, шашны асуудал ярихаар зохион байгуулалттай  ч юм шиг дайраад байдаг. Бидний гэсэн өв соёл, ёс заншлыг үгүйсгэж байгаа нь харагдахгүй байна уу.

-“Богд Зонхова” бурхны хөшөөт цогцолборын төсвийг царцаах асуудлыг танай намын бүлгийн хурлаас ярьсан. Соёлын яамны сайд ч хөрөнгө оруулалтыг зогсоох тухайгаа мэдэгдсэн. Та энэ ажлыг санаачилсан хүний хувьд цаашид бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх саналтай байна уу, эсвэл намынхаа шийдвэрийг дагах уу?

-Цар тахлын хүнд үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна. Ирэх оны төсвийг харвал, боловсрол, эрүүл мэндийн салбарт их наяд, их наядаар нь төсөв тавилаа. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй. Яг хэрэгтэй зүйлдээ, хүрэх ёстой хүндээ хүрч чадаж байна уу гэдгийг анзаарах шаардлагатай. Боловсролын салбарт хоёр их наяд гаруй төгрөг төсөвлөсөн байх. Эрүүл мэндийн салбарт 1.2 их наяд орчим төгрөг баталсан. “Бүхнийг фронтын төлөө” гэдэг шиг эрүүл мэндийн салбарт ихэнх төсвөө зарцуулж, бүх анхаарлаа хандууллаа шүү дээ. Эрүүл мэндийн салбарт хангалттай төсөв тусгаж байна. Үүнийг үр ашигтай зарцуулах ёстой.

Европт дөрөв, тав дахь давлагаа эхэлж байна. Цаашдаа ч хэд дэх хувилбар гарч ирэхийг үгүйсгэхгүй. Бидний амьдрал үргэлжилж байна. Бүгдийг зэрэг авч явах хэрэгтэй. Цар тахлын хажуугаар жуулчид ирээд юу үзэж, харах уу. Дэлхийн улс орнууд нээгдээд эхэлсэн байна. Өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх ёстой. Энэ том төсөл явах ёстой гэж харж байгаа. Цаашид хэрхэх асуудлаар Засгийн газар, УИХ нь шийдвэрээ гаргана биз

.-Хөшөөт цогцолборт өмнө нь төсөвлөсөн 5.5 тэрбум төгрөг энэ жил төсвөөс гарсан юм уу?

-Улсаас нэг ч төгрөг бүтээн байгуулалтад зарцуулаагүй байгаа.

-Тэгээд ямар мөнгөөр бүтээн байгуулалт эхлүүлчихэв?

-Мэдэхгүй байна. “Богд Зонхова” гэж төрийн бус байгууллага бий. Анх хандиваар барина гэж байсан. Тэр хүрээнд хандивын мөнгөөр бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлсэн юм байна гэж ойлгосон. Бурхны хөшөө дурсгалын архитектор нь давтагдашгүй бүтээл юм билээ. Урлагийн бүтээл, соёлын өв болох ёстой. Улаанбаатарт урлагийн шинэ өв болж, хүмүүсийн очдог газар болох хэрэгтэй. Ард түмэн очдог газартай байх ёстой. Залуучууд нь спорт цогцолборт очиж тоглож наадна. Өвчин зовлонтой хүмүүс нь гандан хийдэд очдог. Хурим найраа хийсэн ч ёс заншлаа дагаад гандан хийд орж, Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг. 

Жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд Гандан дээр очно. Тэгэхээр хотынхоо төвд байгаа энэ газраа сэргээж, түүх соёлын дурсгалт газраа хүн очиход, тэр дундаа гаднынхан ирэхэд нүүр улайхааргүй болгох хэрэгтэй. Өөрсдөө ч өвчин зовлонтой үедээ гуниг харууслаа тайлдаг, баяртай үедээ баяр жаргалаа хуваалцдаг газар нь Гандантэгчинлэн хийд гэж харж байгаа. Энэ цогцолбор нь дотроо номын сан, музейтэй байх юм. Ард түмнийг соён гэгээрүүлэх олон нийтэд үйлчлэх газар шүү дээ

.-Цар тахлын хүнд үед заавал ийм өндөр өртгөөр хөшөө дурсгалын цогцолбор барих уу. Таны сонгогдсон тойрогт, жишээ нь Завхан аймгийн төрөх эмнэлэг халаалт, дулааны тасалдалтай байгаа юм билээ?

-Манай аймгийн төрх эмнэлэг халаалттай ч хүйтэн байдаг. Энэ талаар яривал, 2013 оны үед би хөрөнгийг нь гаргаад уурын зуух нь барьж өгч байсан. Энэ барилга долоон жил болсон. Өвөлдөө айлын гэр, майхан шиг хүйтэн болчихдог чанаргүй барилга барьдаг тохиолдол олон бий. Тэдний адилаар чанаргүй барилга барьсан байсан. Ямар компани барьсныг нь мэдэхгүй. Дахин хөрөнгө оруулалт оруулж, засвар хийх асуудлаар “Өвсний үндэс” хөтөлбөр болон гадагш, дотогшоо хандаж байна.

-Та одоо ямар хуулийн төсөл дээр ажиллаж байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Банкууд удаан хугацааны хөрөнгө оруулалтын зээл гаргах санхүүгийн эх үүсвэр дутмаг байгаа. Хууль өмнө нь гарч хэрэгжих явцад сайн тал юу байв, сул тал нь юу байв гэдгийг судалж байна. Удаан хугацаатай санхүүгийн эх үүсвэр бизнес эрхлэгчдэд хэрэгтэй. Манай улсад санхүүгийн ийм эх үүсвэр дутагдалтай. Хөрөнгийн зах  зээл сайн хөгжөөгүй байна. Тиймээс удаан хугацаатай санхүүгийн эх үүсвэрийг босгох ажлыг банкны салбар л хийнэ. Банкуудаа төрөлжүүлэх, чадваржуулах ойрын шаардлага бий.

-Банкны тухай хуульд энэ оны эхэнд өөрчлөлт оруулсан. Ирэх оны дунд үеэс банкууд хувьцаат компани болно. Хэрэгжилтийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Арилжааны банкууд хувьцаат компани болох эрх зүйн өөрчлөлт нь мэдээж зөв шийдвэр.

 Банк ард иргэдээс хадгаламж авч татаад, эргээд зээл хүсэгчдэд олгох маягаар зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ ажлаа хийх ёстой байтал татан төвлөрүүлсэн мөнгийг банкны эзэд өөрсдийн хувийн бизнестээ хөрөнгө оруулж ашигладаг. Энэ нь том эрсдэл үүсгэдэг. Тиймээс банк хувьцаат компани болж, хувьцаа эзэмшигчдийн тоогоо нэмснээр хяналттай, ил тод болгох юм. Банк хийх ёстой ажлаа л хийнэ гэсэн үг.

-Засгийн газар цар тахалтай тэмцэх ажлаа хэр зохион байгуулж байна гэж та дүгнэх вэ?

-Маш сайн ажиллаж байна. Хамгийн гол нь ард түмэн гурав дахь вакцинаа хийлгэх ёстой. Цаашид цар тахал давлагаалаад явахыг үгүйсгэхгүй нь. Тиймээс ковидтой зохицон амьдарч, вакциндаа идэвхтэй хамрагдаж хариуцлагатай хандах хэрэгтэй. Цар тахалтай ч аж ахуй, амьдралаа аваад явах шаардлагатай байна.

-Цар тахалтай тэмцэх чиглэлд Засгийн газрын зарцуулж буй төсөвт УИХ хэр хяналт тавьж байгаа вэ?

-УИХ хяналт тавих ёстой гэдэгтэй санал нэг байна. Монгол Улсын Их хурлын Хяналт шалгалтын тухай хуулийг чуулганаар хэлэлцэж байгаа. Төсөв мөнгөтэй холбоотой, улсын мөнгийг шамшигдуулах асуудал гарч байна уу гэдэгт араас нь хяналт тавих ёстой. Иймээс дээрх хуулийн төслийг боловсруулж байгаа. Монгол Улсын Их хурлын Хяналт шалгалтын тухай хууль удахгүй батлагдах байх. Тэгэхээр Засгийн газрын төсөв хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлыг хянах талаасаа хууль эрх зүйн хувьд илүү боломжтой болно. Мөн яамд, төсвийн ерөнхийлөн захирагч нар руу хариуцсан асуудлаараа асуулга явуулна. Засгийн газрын хэрэгжүүлэх ажлын төсвийг УИХ баталж, гүйцэтгэх засаглал үр ашигтай зарцуулах ёстой. Араас нь УИХ хяналт тавих үүрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ