УБЕГ “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: Асуудал ба шийдэл” эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл хэлэлцүүлэв
2021.12.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УБЕГ “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: Асуудал ба шийдэл” эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл хэлэлцүүлэв

Монгол Улсад шинэ цагийн Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: Асуудал ба шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг ХЗДХЯ-ын харьяа агентлаг, байгууллага түүнчлэн прокурор, шүүх, нотариат, өмгөөллийн байгууллагуудыг хамруулан зохион байгуулав.


Тус эрдэм шинжилгээний хуралд УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан оролцож “Улсын бүртгэлийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, цахим шилжилт” гэсэн агуулгын хүрээнд илтгэл тавьлаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хувьд цахим шилжилтээрээ түүчээлж байгаа төрийн байгууллагын томоохон төлөөлөл юм. УБЕГ нь хууль тогтоомжид заасны дагуу иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлдэг байгууллага бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж буй анхдагч мэдээлэл нь бүртгэлийн тухай хууль журамд заагдсаны дагуу бүртгэгчээр дамжин шалгагдаж, холбогдох бусад бичиг баримт, мэдээлэлтэй тулгагдан анхдагч баримт бичиг болон хадгалагдаж, архивлагддаг.

Төрийн үйлчилгээний суурь нь болох иргэн, хуулийн этгээдийн анхдагч мэдээллийг бүртгэн баталгаажуулж, тэдгээр баримтын санг хадгалагч, хамгаалагч нь Улсын бүртгэлийн байгууллага. Тиймээс төрийн үйлчилгээний цахимжилтад хамгийн чухал, хамгийн үнэн, бодит мэдээллийн суурь болсон Улсын бүртгэлийн байгууллагын цахим шилжилт нь бусад төрийн байгууллагуудын цахим шилжилттэй харьцуулахад онцгой үүрэгтэй, чухал ач холбогдолтой, хариуцлагатай үйл ажиллагаа юм. 2018 онд Улсын бүртгэлийн багц хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэнээр бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх боломж бүрдсэн. 2020 онд ХХМТГ-аас үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем болох e-Mongolia-г нэвтрүүлж, улсын бүртгэлийн байгууллага burtgel.mn-ээр үзүүлж байсан бүх үйлчилгээгээ холбож, тус системээр дамжуулан бүртгэлийн 24 төрлийн лавлагаа, иргэний бүртгэлийн 3 үйлчилгээг иргэдэд хүргэж байсан бөгөөд одоогоор 100 хувь цахимаар авах боломжтой 32 төрлийн үйлчилгээ, нэг талдаа шуудан хүргэлттэй 4 төрлийн үйлчилгээ, хоёр талдаа шуудан хүргэлттэй 23 төрлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна. Иргэний улсын бүртгэлийн газрын Иргэний үнэмлэх болон гадаад паспортын бүртгэлийг цахимд нэвтрүүлэн хэрэгжиж байсан бол шинээр Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг мөн цахимд нэвтрүүлж, Төрсний бүртгэл, Гэрлэсний бүртгэл, Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл, Гэрлэлт сэргээсний бүртгэл, Эцэг /эх/ тогтоосны бүртгэл, Үрчилсний бүртгэл, Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл, Нас барсны бүртгэл, хүйс өөрчлөгдсөний бүртгэл зэргийг шуудан хүргэлт, цаг захиалга үйлчилгээний төрлөөс сонгох боломжтой байхаар зохицуулалт хийж байна. Ингэснээр иргэн заавал өөрийн биеэр ирэхгүйгээр, цаг хугацаагаа хэмнэх боломжтой болж байгаа бөгөөд энэхүү үйлчилгээний программ хангамжийг IV улиралдаа багтаан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн Барьцааны гэрээ бүртгэх үйлчилгээг цахим хэлбэрээр бүртгэх программ хангамж боловсруулагдаж дууссан бөгөөд программ хангамжийг турших, хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн дэмжлэгтэйгээр бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа ба цахим хэлбэрээр үзүүлж болох зарим үйлчилгээг тусгайлан гаргаж нэг талт болон олон талт үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхээр төлөвлөн, шат дараатай зохион байгуулж, Улсын бүртгэлийн байгууллагын нийт 130 гаруй бүртгэлийн үйлчилгээ, лавлагааг цахим болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн, улсын бүртгэлийн цахим үйлчилгээний танхимтай болох, улсын бүртгэлийн дугаар, тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдэл бүртгэх системийг шинэчлэн хөгжүүлэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөн шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Өмнө нь төрийн үйлчилгээг авахын тулд иргэд олон хоног, олон цагаар урт дараалалд зогсох, цаг хугацаа, мөнгө санхүү их зарцуулдаг байсан бол одоо цагт иргэд гар утас, компьютерээ ашиглаад л цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч өөрт хэрэгтэй мэдээлэл, лавлагаа үйлчилгээгээ авдаг болсон нь сайшаалтай, үр дүнтэй бөгөөд иргэдэд төрийн үйлчилгээ ойртож буйгийн нэгэн илрэл юм.

Ийнхүү Улсын бүртгэлийн байгууллагын өнөөгийн байдал болоод цахим шилжилтийн талаар УБЕГ-ын дарга илтгэлээ хэлэлцүүлж дууссаны дараа холбогдох асуултад хариулт өгөв.

Хурлын төгсгөлд “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: Асуудал ба шийдэл” эрдэм шинжилгээний хуралд оролцогчид Хууль зүйн салбарын одоо цагаа дүгнэн, ирээдүйн чиг хандлагаа тодорхойлж, тулгамдаж буй асуудлаа шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоож, гарц шийдэлээ хэлэлцсэнээр хурал өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ