МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.10
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Энх-Амгалан: Баруун бүсийн тог цахилгааны асуудал маш хүнд байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2021.12.10/ боллоо. Хурлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Хэлэлцэж буй асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Монголын төр баялагтаа эзэн байх цаг нь болсон. Ноён уулыг хамгаалалтад авах гэтэл сумын ИТХ-ын тэргүүлэгчид эрс эсэргүүцэж байсан тохиолдол бий.

Говь-Алтай аймагт ардчиллын үед хувьчлаад авчихсан услалтын систем байдаг. Жишээлбэл, Гуулингийн услалтын системийг худалдаад авчихсан хэр нь 20 гаруй жил юу ч хийгээгүй. Энэ нь иргэн, тухайн орон нутаг, нийгэм эдийн засагт асар их хор хохирол учруулж байдаг. Үүнээс шалтгаалж, Сэлэнгэ, Дорнодоос өвсөө зөөж байна. Яг ийм нөхцөл байдал Ховд аймагт давтагдаж байгаа харагдана.

Төр гэж байдаг бол нийтийн эрх ашиг, Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө анхаарах цаг нь болсон.

Тайшрын усан цахилгаан станцыг хүмүүсдээ үзүүлэх хэрэгтэй. Анх баригдаж байхад Эрээн нуурын экосистемд хортой нөлөө үзүүлж байна гэж байв. Өнөөдөр дэлхийн газрын зурагт Гэгээн нуур гэж шинээр үүссэн байгаа. Говь-Алтай аймаг усаа дагаад чийгшилтэй болсон.

Эрээн нуур луу урсаж байгаа Завхан голын урсацын суваг хийхэд БОАЖЯ анхаарах ёстой.

Стратегийн ач холбогдлоо бодох хэрэгтэй. Баруун бүсийн тог цахилгааны асуудал маш хүнд байна.

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ