МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.14
Эрүүл мэнд

П.Анужин: Омикроны хувилбар бүртгэгдсэн тохиолдолд иргэд бүүстер тунг дахин хийлгэх үү?

Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны өнөөдөр /2021.12.14/-ийн хамтарсан хуралдаанаар /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.

Хурлаар :

· Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийж,

· Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонссон юм.

Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, холбогдох хүмүүсээ хариултаа авсан юм.

УИХ-ын гишүүн П.Анужин: Омикрон орж ирэхгүй гэдэгт биш орж ирэх нь цаг хугацааны асуудал юм гэж хариултууд, илтгэлээс ойлголоо. Надад 4 асуулт байна.

Нэгдүгээрт, Бид хүн хөгжих, боловсрох зүйлүүдээ хаахаа урьтал болгодог. Өвдөх эрсдэх юмнуудаа боломжтой хэмжээгээр нь нээгээд байгаа энэ шийдвэрт ард түмэн ихээр дургүйцэж байгаа. Жишээлбэл, хүүхдийн сургууль цэцэрлэгийн асуудал. Олноороо ёолк тэмдэглэхээр энэ вирус халдахгүй. Хүүхдүүд олноороо сургууль хийхээр халдана гэж үзээд хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлчихэж байгаа юм уу? Энд ард иргэд маш дургүй байгаа. Логик уялдаагүй шийдвэрүүдээ тайлбарлаж өгөөч ээ. УОК-оос асуухаар ЭМЯ-ны зөвлөгөөний дагуу гэдэг учраас та бүхнээс асууж байна.

Хоёрдугаарт, хүн төрөлхтөн удаан хугацаанд маск зүүсний эрсдэл тодорхой хугацааны дараа гарна гэж бодож байна. хамраараа бид агаарыг чөлөөтэй амьсгалж байх ёстой. Тэгтэл дотор, гадна орчинд таглаад 2 жил болж байна.

Гадны орнууд омикроныг гарахаас өмнө гадуур явахдаа маскгүй битүү дотор орчинд масктай байна гэсэн. Манайх зүүлгээд л байсан. Омикрон гадаад агаараар хурдтай тархана гэдгийг ойлголоо.

Тэгвэл энэ вирус агаарт хэр тэсвэртэй юм бэ? Омикронтой хүний амьсгалсан агаар хэр хугацааны дараа эрсдэлгүй болох юм бэ?

Гуравдугаарт, иргэдийн вакцинд эргэлзэж байгаа 2-3-хан зүйл бий. Гурван тун хийлгэсэн хүмүүс өвдсөн  шүү дээ. Эргэн тойрон өвдсөн нь нэгдүгээр эргэлзээ. Омикронд тусдаа вакцин хэрэгтэй боллоо гэж дөнгөж сая хэлсэн. Тэгсэн хэрнээ бүүстер тун хийлгэ гээд байх юм. Энэ хоёрын хоорондох уялдаа нь юу вэ? Бид нар бүүстер тунг 4, 5 хийлгээд л байх юм байна. Цаашдаа вакцинтай ертөнц болох юм байна гэж энэ ярианаас ойлгогдохоор байна.

Бүүстер тун хийлгэсэн хүмүүс омикроны вакцин гарахаар ахиад хийлгэ гэх үү. Бид мэдээллийн урсгалд энэ тэрний зөвлөмжийн дагуу яваад байх юм уу? Ард иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон судалгаан дээр үндэслэсэн юм хэлж эргэлзээг нь тайлах юм уу?

Дөрөвдүгээрт, Ковидын дараах хүндрэл? Би ковидтой холбоотой хурал бүхэн дээр асууж байгаа. Ард түмэнд чиглэсэн жирийн иргэдэд ойлгогдохоор ямар зөвлөмж өгч байгаа юм бэ? Асуухаар бид нар мэдэж байгаа, эмчилгээ хийж байгаа гэдэг.

Хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүсээ эмчлээд, зөвлөөд байгаа бололтой  байдаг. Эмнэлгээс гараад нөгөө хүн чинь цус өтгөрөл нь байнгын явсаар тодорхой хугацааны дараа хорвоог орхиж байгаа хүмүүс байна шүү дээ. Үүн дээр зөвлөгөө хангалтгүй байна гэж үзэж байна.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд өдөртөө  шингэн юм тэдэн литрийг ингээд уугаадах гэсэн энгийн зүйлүүдийг хэлээч. Ард иргэдэд ийм зүйл хэрэгтэй байна. энэ талаар маш олон асууж байна. хариулт үнэхээр хангалтгүй байгаа учраас өнөөдөр бас тодруулж асууж байна.

Дөрвөн асуулт асуусан, дөрвөн асуултандаа бүтэн хариулт авахыг хүсч байна.

Түүний асуултад холбогдох албаны хүмүүс хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ