“КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ” дээд хэмжээний зөвлөлдөх уулзалт боллоо
Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ” дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2021.12.14/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, агаар, орчны бохирдлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.
Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг хэлсэн үгэндээ, “Энэхүү уулзалтаар агаар, орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, “КОВИД-19” цар тахлын сорилт зэрэг бидэнд нүүрлэж буй асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байна. Мөн хүний амьдралын чанарыг сайжруулах, тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний зорилго.
Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахын тулд зоригтой, шат дараатай арга хэмжээ авсны үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлын зарим үзүүлэлт 40 хувь хүртэл буурсан. Гэвч агаар дахь хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэн. “КОВИД-19” цар тахал, агаарын бохирдол хавсарснаар хүний эрүүл мэндэд учрах эрсдэл, эндэгдлийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэйг судлаачид тогтоосон. Иймд агаарын чанарт мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд нүүрстөрөгч багатай, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, дулааны алдагдал багатай ногоон барилга, тогтвортой нийтийн тээврийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн орон нутагт байгальд ээлтэй ногоон ажлын байрыг бий болгож, амьжиргааг сайжруулах замаар төвлөрлийг сааруулах зэрэг эдийн засаг, нийгмийн асуудал, технологийн дэвшлийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй байна. Ингэснээр зөвхөн хүрээлэн буй орчны чанар төдийгүй хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна” хэмээн онцоллоо.
“КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ” дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтын хүрээнд төрөөс агаарын бохирдлыг бууруулах талаар баримталж буй бодлого, арга хэмжээний үр дүнг хэлэлцэж, санал солилцов.
Уг зөвлөлдөх уулзалтад “Агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, “Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилт” сэдвээр Сангийн сайд Б.Жавхлан, “Агаарын бохирдол-Эрүүл мэнд” сэдвээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “Агаарын бохирдол-зорилтот бүлгийн иргэд” сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар тус тус илтгэл тавилаа.
Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн хэргийг хамаарагч Сергей Диордица, Швейцарын хамтын ажиллагааны газрын дэд дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга Бенуа Мейер-Биш нар агаарын бохирдлын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажлууд, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар оролцогчдод мэдээлэл хийлээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “КОВИД-19” цар тахалтай энэ үед агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өмнө нь гаргасан ололт, амжилтаасаа ухрахгүй байхад анхаарах хэрэгтэй. Иймд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг сэргээх бодлого, хөтөлбөр, төсөв боловсруулах, хэрэгжүүлэхэд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дэд бүтэц, үйлчилгээ, байгаль орчны боловсролын арга хэмжээг тусгах хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэв.
Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн санхүүжилтийг оновчтой, үр дүнтэй зарцуулах, ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн доторх агаарын чанарыг сайжруулах, өрх гэрт болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагад ашиглаж байгаа үр ашиг багатай халаалтын зуухыг халж, байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уг зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа