МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЭЗБХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2021.12.15
Эдийн засаг, Худалдаа

ЭЗБХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.12.14) хуралдаан 18 цаг 31 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, тус хуралдааны даргалагч Б.Баттөмөр танилцууллаа.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар 2021 оны арван хоёрдугаар сарын 2-ны өдөр хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны арван хоёрдугаар сарын 2-ны өдөр хуралдаж, хуулийн төслийг Байнгын хорооны хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн санал нэг бүрийг төсөлд нэмж тусгасан бөгөөд хуулийн төслийн агуулгыг хөндөхгүйгээр найруулга болон техникийн шинжтэй зарим засварыг хийжээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөрийн танилцуулсан дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн юм. Иймд Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо

ШИНЭ МЭДЭЭ