2021.12.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Х.Болорчулуун: Газар тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг нэмэх нь зүйтэй

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.12.15/ боллоо. Хурлаар  /“Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ажлын хэсэг Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгаар ихэвчлэн ажиллаад иржээ. Газар тариалангийн компаниуд уулзалт хийж, уулзсан хүн бүр адуу мал тариа ногоонд орох ажил их байна гэдгийг хэлж байна гэжээ. Малын хөлийн татварыг газар тариалангийн бүс нутагт нэмэх нь зүйтэй гэсэн асуудлыг миний хувьд зөв гэж бодож байна. Бид малын хөлийн татварын хэмжээг бага тогтоосон. Орон нутгийн ИТХ, сумд өөрөө тогтоодог. Гэхдээ 1 малаас 2000 хүртэл гэж заахаар бага байгаа юм.

Адуу болон ямаанд, ялангуяа адуунд 10000 байлгах ёстой гэж байх нь зохимжтой. 100 адуутай хүн 1 сая төгрөг буюу 1 адууны 1 хувийн хураамж төлж байна гэсэн үг. 5000 байлаа ч 0.5 хувийн татвар. Газар тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг илүү нэмэх асуудлыг эргэж харж, татварын хуулинд нэмэлт болгон оруулж ажилламаар байна гэдгийг байнгын хороонд хэлье.

Энэ жил 150 тэрбум төгрөг хүртэлх хөнгөлттэй зээлээс тосны ургамалд хэр өгсөн бэ гэдгийг асууя. Ер нь гадны зээл тусламжийг ашиглаад тосны үйлдвэр монголд сайн ажиллахад бэлэн болсон юм байна. Энэ жил 20 000 тонн тосны ургамал арабаас авсан гэж байна. энэ чинь тосныхоо 50-60 хувийг дотоодоос хангана гэсэн үг. Тэгэхээр эндүү бол зээл өгөх ёстой байх, зөвхөн улаан буудайд бус. Хэдэн төгрөгний зээл өгсөн бэ гэдгийг асууя.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирлаас асууя. Танайд ер нь төлөгдөөгүй авлага хэд байна вэ? Миний сонссоноор 200 гаруй тэрбумд хүрсэн гэсэн. Энэ 200 гаруй тэрбумын авлагаас техник тоног төхөөрөмжид хэдэн хувь нь байна? Үр бордоо, урсгал зардалд хэдэн хувь байгааг хэлж өгөөч?

Цаашдаа тариалан дэмжих сан техник тоног төхөөрөмж оруулж ирэх хэрэггүй гэж боддог. Техник тоног төхөөрөмжийг 5-7 жил буюу олон жилээр өгнө. Үүнд л өр үүсч байна. Дистрибьютор, диллерүүд нь зах зээлийн журмаараа хөгжиг л дөө. Улс дундуур нь орж яахын? Оросын компаниуд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үнээс илүү бишээр худалдаж байна. Харин сан маань үр бордоо, урсгал зардалд дэмжиж ажиллавал тариаланчид болоод л явчихна.

Энэ жил 237 мянган тонн улаанбуудай импортоор авсан. Ковидоор далимдуулаад нөөц бүрдүүлнэ гэж байж авсан нь намрын авах будаанд төдийгүй үнэд нөлөөлсөн.

Гаднаас 800 гаран мянган төгрөгөөр ОХУ-аас валют зарж байж авсан мөртлөө дотоодын улаанбуудайнхаа үнийг доош нь дарчихсан. Заримыг нь 600, чанар муу гээд 500-н хэдээр авсан. Ийм байвал газар тариалан яаж хөгжих юм бэ? Цаашид дотоодын улаанбуудай дууссан цагт л авах тухай ярихаас биш намар угтуулж авдаг байдлыг тас хориглох ёстой гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны асуултад холбогдох албаны хүн хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ