МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Энхтүвшин: Говийн бүсийн иргэдээ хүнсний ногоогоор хангахад анхаарч ажилламаар байна

Өнөөдөр /2021.12.15/ Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Одоо бид говь руугаа анхаарахгүй бол болохоо байлаа. Ялангуяа говийн бүсэд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, иргэдийг нь төмс хүнсний ногоогоор хангахгүй бол болохгүй болжээ. Хэдхэн хоногийн өмнө би хөдөө сумдаар явж, сургуулийн багш нартай уулзлаа. Ярьж байгаа зүйл нь дотуур байрны хүүхдүүд төмс, хүнсний ногоогоо олж идэж чадахгүй болсон гэж байна. орж ирж буй төмс, хүнсний ногоонууд өндөр үнээр очиж байгаа тухай Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яаманд хэлж өгөөч гэж байна.

Газар тариалан ярихаар Дархан, Сэлэнгэ гээд байдаг. Говийн бүсээ хаячихсан. Тэр говийн бүсэд хүмүүс амьдарч байгаа шүү дээ. Тийм учраас хүлэмжийн аж ахуйд онцгой анхаарах хэрэгтэй. Говийн зарим устай, атаршсан газарт шар буурцаг, ногоон тэжээл тарих бололцоо боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй.

150 тэрбум төгрөг хувааж өгдөг хэдэн аж ахуйн нэгж нь хуваагаад авчихдаг. Говийн бүсийн аж ахуйн нэгжид очдог мөнгө төгрөг гэж байна уу? Говьд хүлэмж эрхлэх гэж байгаа, хүлэмжийг бий болгож төмс, хүнсний ногоо тарих гэж буй хүмүүст бололцоо боломж байдаг уу? Энэ талаар та хэд анхаараач ээ. Цаашдаа ч гэсэн бид газар тариалангийн асуудлыг ярихдаа газар тариалангийн бүс нутгаас нь гадна говийн бүсээ дагалдуулж ярьж байхгүй бол болохгүй юм байна.

Тийм учраас зээлийн асуудлыг говьд ногоо, тариалан тарьж буй хүмүүс олгох, тоног төхөөрөмжийг ч гэсэн олгох хэрэгтэй байна. Урамшууллын асуудлыг ч гэсэн шийдмээр байна шүү дээ. Хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байгаа, үнэтэй ус хэрэглэж байгаа ард иргэдээ төмс хүнсний ногоогоор хангаж буй аж ахуйн нэгжээ бодлогоор дэмжиж явах ёстой шүү. Онцгой анхаараарай гэж хэлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ