НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн хэмжээнд болзошгүй гамшиг аюулаас 1343 хүний амийг аварчээ
2021.12.16
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Нийслэлийн хэмжээнд болзошгүй гамшиг аюулаас 1343 хүний амийг аварчээ

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар 2021 оны үйл ажиллагааны тайлангаа хэлэлцэж, 2022 оны бодлого, зорилгоо тодорхойллоо. Хуралд нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, НГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар оролцсон юм.

Энэ онд нийслэлийн Онцгой байдлын газар 1689 дуудлага, мэдээллийг хүлээн авч, хариу арга хэмжээг үзүүлэн ажиллажээ. Болзошгүй гамшиг, ослын аюулаас 1343 хүний амь насыг аварсан бол иргэд, аж ахуй нэгжийн 80 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газарт шаардлагатай техник хэрэгслийг хүлээлгэн өглөө

Нийслэлийн ИТХ болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гамшиг осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус байгууллагад шаардлагатай техник хэрэгслийг шийдвэрлэн ажилласан юм. Тухайлбал, явуулын ажлын байр, дуут цамхаг, ус соруулах насос зэрэг техник хэрэгслийн зардлыг олгожээ. Тэгвэл өнөөдрийн тайлангийн хурлын үеэр мөн утаа гаргагч төхөөрөмж, галын хор, ухаалаг төхөөрөмж зэрэг техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга, НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн хэмжээнд 2021 онд гарсан гамшиг осол, гал түймрээс нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэд, аж ахуй нэгжийн 76,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан нь өмнөх онтой харьцуулахад 3.8 дахин өссөн үзүүлэлт. Энэ нь гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийслэлийн төр захиргааны бүх шатны байгууллага, төрийн бус болон аж ахуй нэгж байгууллага, иргэд олон нийтийн оролцоог хангаж ажилласны үр дүн юм. Аливаа гамшигтай тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан нэг төгрөг ирээдүйн хор аюулыг арилгахад шаардагдах олон сая төгрөгийг хэмнэдэг. Тиймээс 2022 онд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд анхааран ажиллахыг уриалж байна” гэв.

ШИНЭ МЭДЭЭ