С.Ганбаатар:
2021.12.17
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: 'Рио Тинто' буулт хийж байгаа нэрийдлээр бас л хуурах вий

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай "Рио Тинтоо"-гоос ирүүлсэн таван саналын талаар тодрууллаа.

-"Рио Тинто" группээс Монголын Засгийн газарт таван санал тавьж, манайх хүлээн авах шийдвэр гаргалаа. Энэ таван саналыг манай ажлын хэсэг, Засгийн газрын зорилго мөн үү?

-"Рио Тинто" Монголын Засгийн газар, ард түмний өмнө буулт хийж байгаа нь олон жилийн, олон хүний хөдөлмөр. Үүнийг үнэлэх ёстой. Харин "Рио Тинто" буулт хийж байгаа нэрийдлээр бас л хуурчих вий. Эцсийн эцэст хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нь чухал. Бид зэсийн баяжмалыг нэг тонн нь 4200 ам.доллар байхад гэрээ хийж байсан бол одоо 10000 ам.доллар давчихсан. Цаашид 20000 ам.долларт хүрнэ гэж байгаа энэ баялгаараа ажилгүйдэл, ядуурлаа л байхгүй болгомоор байна. Тэдний тавьсан таван санал тус бүрд нь байр сууриа илэрхийлье.

Нэгд, Монголын талын 34 хувьд ногдох өрнөөс 2.3 тэрбум ам.долларыг тэглэе гэж байна. Энэ нь цаана нь бий болох 23 тэрбум ам.долларыг та нар төлөх хэвээрээ шүү гэсэн санаа. Энэ бол луйвар.

Тэд урагшаа 100 алхаж түрэмгийлж биднийг дээрэлхчээд хоёр алхмаар хойшоо ухарч биднийг баясгаж байна. Юун азаар хоёр алхам хойшоо ухарч байгаа юм бэ дээ. Олон хүний хөдөлмөрийг би хүндлэж байна. Гэхдээ "Рио Тинто" биднийг ингэж дээрэлхэж болохгүй. Хоёрт, Дубайн гэрээг цуцална гэж байна. Энэ гэрээг  угаасаа цуцлахаас өөр аргагүй. Энэ луйвар байсан. Үүнийг байгуулсан Монголын болон гадаадын хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. 

Дубайн гэрээг хийснээс үүссэн хор хохирлыг Монголын ард түмэн үүрнэ. Тиймээс энэ хохирлыг арилгах ёстой. Дубайн гэрээн дээр заасан олон луйврыг нөхөн төлүүлж, хохиролгүй болгох хэрэгтэй. Гуравт, далд уурхайн төслийн санхүүжилтэд аудит оруулна гэж байгаа. Энэ ямар ч гэрээнд байдаг л зүйл. Наад захын гэрээнд байдаг асуудлыг "Рио Тинто" харж үзэж оруулж байна.

Ийм дэмий юм ярилгүй Монголын талын ТУЗ-ийг хяналт тавих эрхтэй болгооч ээ. Бид хяналт тавьдаг баймаар байна. Хяналтгүй хүч бол үхэл гэдэг. 600 тэрбум ам.долларын баялгийг захиран зарцуулахад Монголын тал ямар ч хяналт тавьж чадахгүй байна гэдэг бол өр гэсэн үг. Тиймээс хяналттай байх ёстой. Дөрөвт, далд уурхайн хөрөнгө оруулалтыг 100 хувь "Рио Тинто" хариуцна гэсэн байна.

Гэтэл Монголын тал 34 хувийн өрийг хариуцаж байгаа. 100 хувь буруу хөрөнгө оруулалтаас бид дараа нь 100 хувь алт, зэсээрээ төлдөг. Тавд, Оюутолгой, далд уурхайн төслийн хяналтыг сайжруулна гэж байна. Дандаа ийм ерөнхий санал тавьдаг. Хамгийн гол нь гэрээнд л өөрчлөлт оруулах ёстой.

-Хөрөнгө оруулалтын гэрээнд үү?

-Тийм ээ, хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Олон хүний олон жилийн хөдөлмөрийг ийм захидлаар хуурдаггүй юм аа. Буулт хийж байгаад баярлалаа. Манай Засгийн газар ч сайн ажилласан.

-Манай Засгийн газар Арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ зургаан сар хойшлуулах шийдвэр гаргасан гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлсэн. Энэ зөв үү?

-Сөрөг нэхэмжлэл хатуу хэвээрээ шүү. Засгийн газрыг дарамтад оруулж сөрөг нэхэмжлэлийг татах байдалд оруулбал Монголын Засгийн газар, Ерөнхий сайдыг өмөөрч ард түмэн маш том тэмцэл хийнэ. "Рио Тинто" Монголын Засгийн газрыг битгий дарамтад оруулаарай. Хүүхэд чихрээр хуурч байгаа юм шиг ийм зүйлээр хуурахгүй шүү. Сөрөг нэхэмжлэл бол бид 600 тэрбум ам.долларын баялагтаа дахиад эзэн байж, "Рио Тинто"-той дахин хэлэлцээрт орох боломжийг олж авах гарц. Та нар урагшаа 100 алхаж, хойшоо ганцхан алхаж байна.

Манай тал зургаан сараар сөрөг нэхэмжлэлээ түдгэлзүүлье гэж байна. Татгалзъя гэсэн санаа биш. Монголын Засгийн газар шахаанд орчихсон байна. Шахаанаасаа мултрахын тулд ард түмнийхээ өмгөөлөл, хамгааллыг хүсч байна гэж харж байна. Засгийн газраа ард түмэн хамгаална. Сөрөг нэхэмжлэлээс татгалзаж болохгүй. 

-Та 34 хувиас ихийг Монголын тал авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг байсан. Хэд болгох ёстой вэ?

-Монголчууд Оюу Толгойгоос 34-өөс дээш хувийг бид авах ёстой. Энэ хамгийн энгийн зүйл. Эрдэнэт үйлдвэр 51 хувийг эзэмшихдээ нэг ч төгрөгийн өрөнд ороогүй, мөнгө төлөөгүй. Баялгаа өгснийхөө төлөө Эрдэнэт  үйлдвэр  оросуудаас хувиа авсан. "Рио Тинто" оросууд шиг бай л даа. Хувиа нэмэгдүүлж, үүнийгээ роялтид шилжүүлэх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ