МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Манай улс ЖДҮ-ийн салбарыг дэмжиж, сэргээхэд онцгойлон анхаарал тавих шаардлагатай
2021.12.23
Гадаад харилцаа

Манай улс ЖДҮ-ийн салбарыг дэмжиж, сэргээхэд онцгойлон анхаарал тавих шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Өнөрболор албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохоос гадна ОХУ-ын ЖДҮ-ийг хөгжүүлэх Холбооны Корпорацийн удирдлагуудтай ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулаад ирлээ. 

Ковид-19 цар тахлын дараа дасан зохицох чадварыг бэхжүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах, дан ганц уул уурхайгаас хараат бус төрөлжсөн эдийн засгийг бэхжүүлэх, үүнд ЖДҮ-ийн салбарыг дэмжиж, сэргээхэд онцгойлон анхаарал тавих шаардлага гарч байна.

Манай улсын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн их хохирол, хүндрэлийг жижиг дунд үйлдвэрлэлийн салбар амссан билээ. Дэлхийн нийт бизнесийн 90 орчим хувь, ажлын байрны 50 гаруй хувийг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг.

Д.Өнөрболор гишүүний хувьд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүний хувиар үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнд хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр санал, дүгнэлт гаргах бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд анхаарал хандуулж байна.

Өнгөрсөн 6 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар” болон ОХУ-ын “ЖДҮ –ийг Хөгжүүлэх Холбооны Корпорац” төрийн хувьцаат компани хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан. Хоёр талаас байгуулсан “Санамж бичиг“–ийн хүрээнд хийгдэх дараагийн шатны ажил болох “Хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө” буюу “Замын зураглал” хэмээх стратегийн чухал баримт бичгийг ёсчлон батлах уулзалт хуралдаанд Д.Өнөрболор гишүүн өнгөрсөн 10 дугаар сард Москва хотноо болоход зорьж оролцсон юм.

Энэхүү уулзалтаар хамтын ажиллагааны төлөвлөгөөний дараагийн чухал үе шат болох ЖДҮ-ийн бизнес эрхлэгчид Монгол болон Оросын зах зээлд, мөн дараагаар гуравдагч орны зах зээл рүү гарахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх хамтарсан “Экспортын чадамжийн төв”-ийг байгуулах тухай “Протокол” дээр санал солилцох яриа өрнүүллээ.
Мөн ОХУ-ын “ЖДҮ-ийг хөгжүүлэх төрийн Корпорац”- тай хамтран ажилласнаар хоёр орны ЖДҮ-ийг хөгжүүлэх хэтийн төлөв, боломжуудыг нээж өгч буй энэхүү хамтын ажиллагаанаас харилцан үр ашигтай, бодит, амжилттай үр дүн гарна гэсэн итгэл дүүрэн хүлээлттэй байна.

ШИНЭ МЭДЭЭ