МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хиймэл оюун ухааны хөгжил, ирээдүй
2021.12.24
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Хиймэл оюун ухааны хөгжил, ирээдүй

УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.БАТТӨМӨР доктор /ScD/


Хиймэл оюун ухаан, технологийн хөгжлийг дагаж цахим орчин дахь гэмт хэрэг, улс төрийн сөргөлдөөн, дээрэм тонуул, хүч хэрэглэх явдал сүүлийн таван жилд их хэмжээгээр нэмэгдсэн гэдгийг энэ чиглэлийн экспертүүд баталж байна. Хиймэл оюун ухаан орчин үед хоёрдмол зориулалтаар буюу энхийн болон цэрэг зэвсгийн зориулалтаар цөмийн зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис болон хакердах зорилгоор ашиглагдаж эхэллээ. Хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний эсрэг ашиглавал асар хүчтэй зэвсэг болох ба ийм төрлийн аюултай хүн төрөлхтөн өмнө нь нүүр тулж яваагүй юм

Artificial intelligence AI буюу хиймэл оюун ухааныг хөгжлийн зорилгоор ашиглаж, түүний учруулж болох хор уршгаас сэргийлэхийн тулд эрхзүйн зохицуулалт хийх шаардлага улс орнуудын өмнө тулгарч байна. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүссэн бүхнээ цахим орчинд хийж болох нөхцөл бүрдээд байна. Хакерийн эсрэг түүнийг ашиглаж болох боловч санхүүгийн луйвар хийхдээ амархан өртөхүйц хохирогчоо сонгоход мөн ашигладаг. Үүнд зөвхөн технологийн автоматжуулалт хэрэгтэй болно.

Фейсбүүктэй адилхан алгоритмийг ашиглан сошиал сүлжээнд вирустэй линк тараах эсвэл вирустэй хавсаргасан материалыг татаж авах замаар хэрэглэгчийн сүлжээг доголдуулна. Тэсрэх бодистой дрон хөөргөх, автомат удирдлагатай нисэх төхөөрөмжийг ашиглан хүний амь насанд хүрэх зэргийг илрүүлэхэд нэн төвөгтэй болно. Уг нь хиймэл оюун ухаан цахим орчны аюулгүй байдлыг хамгаалахад онцгой чухал үүрэгтэй ч түүний учруулах хор хохирол багагүй. Улс төрийн сөргөлдөөнийг өдөөх, үндэстэн ястны хооронд яс хаяхын тулд үндэслэл муутай эсвэл зориуд цуурхал тараасан мэдээллийг цацах тохиолдол түгээмэл байна.

Ялангуяа сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг гутаан доромжлоход нийгмийн сүлжээг өргөнөөр ашигладаг болсон байна. Фейсбүүк, твиттерээр дамжуулан бусдыг гутаан доромжлох, улс үндэстний хоорондын итгэлцэл, харилцан хүндлэлийг алга болгох аюул эрсдэл нүүрлэж байгааг ойлгох ёстой. Хуурамч мэдээлэл асар түргэн хугацаанд нийгэмд түгж, бухимдал, дургүйцлийг өдөөж, залруулах боломжгүй болгох нь нийгэм эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх аюултай. Олон улсын болон үндэсний хэмжээнд эрх зүйн хэм хэмжээ, хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг хайх шаардлага урган гарч байна.

Хиймэл оюун ухаан бүх салбарт аппликейшнээр дамжуулан нэвтэрч байна. Эрүүл мэндийн салбарт гэхэд л машинууд хүнийг асар түргэн оношилж, зардлыг хэмнэж байна. Тухайлбал, Японы эрдэмтэд хүний биеийн чухам юу өвдөж байгааг харуулж чадах нано материал ашиглан хийсэн сунамтгай чанартай, микро LED гэрэлбүхий электрон арьс бүтээжээ.

Ингэснээр хүнд өвчтэй хүмүүст олон тооны төхөөрөмж залгаж, хянахын оронд зүгээр л арьсных нь оронд байрлах “дэлгэц”-ээс мэдээлэл авна.

Хиймэл оюун ухааныг бизнест робот төхөөрөмжөөр дамжуулан ашиглаж байна. Хүний хийж чадахгүй олон дахин давтагдах үйлдлийг робот хийж, онгоц, машинаас эхлээд бичил эд ангийг угсарч, асар их зардал хэмнэж байна.

Вебсайтад чатботоор дамжуулан хэрэглэгчид мэдээлэл хүргэж, тэр бүү хэл дуу зохиож, дуулж, уран зураг зурж, загвар зохион бүтээж, бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлж байна.Боловсролын салбарт мэдлэг чадварыг үнэлэх, сургахад автоматжуулалтыг өргөнөөр ашиглаж, багшгүй сургалтыг зохион байгуулж байна.

Санхүүгийн салбар, үнэт цаасны зах зээл, хөрөнгийн зах зээлд програм хангамж арилжаа наймаа, зээл, төлбөр хийх үндсэн хэрэгсэл болж байна. Хууль эрх зүйн салбарыг автоматжуулснаар мэдээллийн баазад түргэн хугацаанд нэвтэрч, цаг хэмнэх боломжтой болсон байна.

Хиймэл оюун ухаан хүний амьдралыг орвонгоор нь өөрчилж, сайн сайхан амьдралд хүргэх боловч дроныг пуужин болгох, хуурамч бичлэгийг нийгмийн сэтгэл зүйг өөрчлөхөд ашиглах, автомат хакерийн систем үүсгэх зэрэг аюул занал бас байсаар байна.

Ийм учраас засгийн газрууд хиймэл оюун ухааныг буруугаар ашиглахаас сэргийлэх бодлого явуулах, судалгаа хийх, бусад орны жишээнээс суралцах шаардлага тулгарч байна.

Хиймэл оюун ухаан, робот анх гарч ирснээсээ эхлэн нийгмийн дунд хурц маргааныг дагуулсан түүхтэй. Тэдгээрийг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь зайлшгүй боловч хэт их зохицуулалт нь инновацийн хөгжлийг хязгаарлаж болзошгүй гэж болгоомжлох нэг хэсэг байна.

Харин үүний эсрэг бодолтнууд хиймэл оюун ухаан болон бөөнөөр устгах чадвартай автомат машины судалгааг хориглох саналтай байдаг. Эрхзүйн зохицуулалтыг хийх оролдлого үндсэндээ хоёр чиглэлийг хамаарсан байдаг. Нэгдүгээрт, хууль эрх зүйн үүднээс хиймэл оюун ухаан болон роботын хэрэглээнд зохицуулалт хийх, тухайлбал, хүлээх хариуцлага, хувийн нууцын хамгаалалт, цахим орчны аюулгүй байдал гэх мэтийг зохицуулах сонирхолтой байна. Харин хоёрдахь чиглэл нь технологид хамаарах ба тухайн технологийг ямар зориулалтаар ашиглахыг зохицуулахад анхаарсан, тухайлбал, жолоочгүй машин, онгоц, дрон, нийгмийн роботууд гэх мэт.

Түүнчлэн роботын ёс зүй болон роботын хуулийг ялгаж салгах хэрэгтэй юм. Үндсэндээ технологийг бүтээхдээ түүнд шингэсэн зүйлс хууль дүрэм зөрчихгүй байхаар бүтээгдэх ёстой юм. Роботын тухай хууль нь хиймэл оюун ухаан болон роботын үйл ажиллагааг нийгэмд нэвтрүүлэхтэй холбогдсон асуудлыг зохицуулдаг. 2017 онд Европарламент Робот технологийн тухай Иргэний хуулийн заалтын тухай тогтоол гаргасан байна.

Хиймэл оюун ухаан болон роботын тухай хууль эрх зүйн баримт бичиг гаргаж мөрдөх нь эдийн засагт төрөөс зохицуулалт хийхтэй нэг адил зохицуулалт юм.

Ихэнх орнуудад хиймэл оюун ухааныг зохицуулахын тулд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжуудаа эргэн харж, ерөнхий болон салбарын хуулиудын заалтыг шинэ орчинд нийцүүлэхэд анхаарч байна. Аль ч тохиолдолд бүтээгдэхүүний аюулгүй байдал, ялангуяа цахим орчны аюулгүй байдал, зөрчил гарсан тохиолдолд хүлээх хариуцлага, хэрэглэгчийг хамгаалах, оюуны өмч, хөдөлмөрийн хууль, иргэний хууль, эрүүгийн хууль, даатгал болон татварын хуулийн хүрээнд асуудлыг зохицуулахыг хичээж байна.

Тухайлбал, хиймэл оюун ухаан дуу зохиосон бол оюуны өмчийн хуулийн хүрээнд зохиогчийн эрхийг хэрхэх вэ гэдгийг шийдэх асуудал гарч ирнэ. Ингэхлээр оюун ухаантай машинд зохиогчийн эрхийг олгох уу гэдгийг яаж зохицуулах вэ? Оюуны өмчийн хуулиараа бол зөвхөн хүн л оюун ухааныг өмчлөх эрхтэй. Зарим судлаачид хүнд зориулсан хуулийг машинд хэрэглэж болохгүй гэсэн саналтай байна. Оюун ухаантай машины бүтээлийг тэгвэл яах вэ? Ирээдүйд ухаалаг машин, роботууд хүний хийдэг олон төрлийн ажлыг булааж, ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдсээр байх болно гэдгийг судлаачид одооноос анхааруулсаар байна.

Хиймэл оюун ухааны хөгжлийн цар хүрээнээс харахад 2030-аад он гэхэд тээвэр, үйлчилгээ, эрүүл мэнд, боловсрол, байгалийн баялаггүй орнууд, аюулгүй байдал, ажлын байр, ажил эрхлэлт, роботын үйлчилгээ, зугаа цэнгэлийн орчинд хиймэл оюун ухааныг их хэмжээгээр нэвтрүүлж ашиглах юм байна. Хиймэл оюун ухааны оролцоо хувь хүний нууц, инновацийн бодлого, иргэний хариуцлага, эрүүгийн хариуцлага, тусгай зөвшөөрөл олголт, хөдөлмөрийн салбар, татварын салбар болон улс төрд илүү их нэмэгдэнэ.

Ингэснээр тусгай зөвшөөрөл олгох, автоматаар татвар тооцох, сонгуульд санал өгөх зэрэгт эрх зүйн хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой учир эдгээрийг зохицуулах эрх зүйн зохицуулалт шаардлагатай.

Инновацийн бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй хариуцлагын тогтолцоо, үг хэлэх эрх болон патентын хуулийн асуудал хөндөгдөнө.

Технологийн хөгжил урагшилж, робот технологи ажил, амьдралын орчинд өргөнөөр нэвтрэх үед роботын ёс зүйн асуудал чухлаар тавигдаж ирэх юм. Технологийн талаар мэргэшээгүй хуульчид энэ асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй тулгарах нь тодорхой. Ямар ч тохиолдолд эрх зүйн зохицуулалт нь инноваци, судалгаа шинжилгээ, хөгжлийн хөрөнгө оруулалт, шинийг зохион бүтээх сэдлийг бууруулахгүй, харин ч эсрэгээр дэмжих ёстойг мартаж болохгүй.

2017 оны байдлаар хиймэл оюун ухаан хүний яриаг ойлгох, оюун ухааны тоглоомоор хүнтэй өрсөлдөж ялах, машин жолоодох, хүргэлтийн үйлчилгээ эрхлэх, цэргийн сургуулилтыг төлөвлөж хэрэгжүүлэх, маш нарийн төвөгтэй мэдээллийг боловсруулах зэрэг чадвартай болоод байна.

Кварц сэтгүүлийн уншигчдын дунд 84 оронд явуулсан санал асуулгаас харахад хүмүүсийн ихэнх нь ойрын 5 жилд роботод ажлаа алдана гэсэн айдастай байна. Ажлаа алдахгүй юмаа гэхэд робот босстой байх магадлал өндөр байгаа тул эрх зүйн зохицуулалт хийж, робот ашиглалтыг хязгаарлах сонирхол их байна. Тесла компанийн захирал Элон Маскийн үзэж байгаагаар хиймэл оюун ухааны хөгжил дэлхийн 3 дугаар дайныг өдөөх магадлалтай гэнэ.

Шиновейшн Венчурес пүүсийн Кай-Фу Ли хиймэл оюун ухаан ойрын арван жилд нийт ажлын байрны 50 хувийг авна гэж төсөөлж байгаа аж.

Ингэхдээ гол төлөв дунд болон доод түвшний ажлыг булааж авах учир үүнийг зохицуулах ажлыг одооноос хийх хэрэгтэй байгаа ажээ.

АНУ-д ажлын байрны 47 хувийг робот гүйцэтгэх дүр зураг харагдаж байгаа юм байна. Гол төлөв дахин давтагддаг, угсрах, зар сурталчилгаа хийх, зөвлөгөө өгөх, хоол хийх зэрэг ажлууд юуны өмнө алга болно.

Татварын тооцоо хийх ажил бүрэн автоматчлагдаад байна. Түүнчлэн хуулийн зөвлөгөө өгөх ажил бүрэн компьютержинэ. Ингэснээр татварын байцаагч, хуулийн зөвлөх, банкны теллер, орчуулагч зэрэг ажил алга болох магадлал өндөр байна. Машин дэлхийн 100 гаруй хэл рүү шууд хүний дуу хоолойгоор орчуулдаг болж байна.Ойрын 20 жилдээ роботод булаагдахгүй ажлын нэгдүгээрт жинхэнэ бүтээлч чанар шаардах ажлууд, тухайлбал уран зураач, жүжигчин, эрдэмтэн, бизнесийн шинэ стратегич зэрэг хүний оюун ухааны царыг сорьсон ажлуудорж байна.

Хоёрдугаарт,олон хүмүүстэй харьцаж, тухайн нөхцөлд зохицож ажиллах ажлууд, тухайлбал, асрагч, сувилагч, бизнес эрхлэгч гэх мэт зайлшгүй олон хүнтэй харьцаж хийдэг ажлууд хэвээр үлдэх ажээ. Гуравдугаарт, мэргэжлийн онцгой ур чадвар, төсөөлж болохгүй нөхцөлд ажилладаг хүмүүс ажилтайгаа үлдэх магадлал байна, тухайлбал сантехникч, гал сөнөөгч, аврагч гэх мэт яаралтай, гэнэтийн ослын үед дуудагддаг хүмүүсийн чадварыг ямар ч робот орлож чадахгүй ажээ.

Автоматжуулалт өргөнөөр нэвтэрсэн бусад бүх салбарт хүний хийдэг ажлыг ажлыг робот орлох магадлал өндөр байна. Ингэснээр 2023 оноос эхлээд ажилгүй болсон хүмүүсийг өөр газруудад дахин байршуулах хөтөлбөрийг өргөнөөр хэрэгжүүлж эхлэх ажээ.

ШИНЭ МЭДЭЭ