Д.Өнөрболор: Манай холбогдох байгууллагууд эрч хүчтэй, шуурхай, тогтвортой ажиллах нь чухал
УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой ярилцлаа.
-Та Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн төрийн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан, айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд энэ айлчлал болсноороо онцлог. Бүхэл бүтэн зуун дамнасан яриа хөөрөө өрнөсөн айлчлал боллоо гэж үзэхэд болох байх. Хоёр талын харилцааны хөгжлийг дүгнээд зогсохгүй, цаашдын хөгжлийн зорилго, гол чиглэлээ тодорхойлж тунхаглал гаргалаа шүү дээ. Түлш, эрчим хүч, геологи, уул уурхай, дэд бүтэц, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, түүний дотор банк, санхүүгийн байгууллага хоорондын яриа хэлэлцээг урагшлуулах, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, эдгээр харилцааг чанарын шинэ шатанд гаргахад чиглэсэн санаачилгуудыг дэмжих шаардлагатай байгааг хоёр тал баталгаажууллаа.
Шинэ зуунд ОХУ хэмээх их гүрэнтэй харилцах харилцааны замын зураг зурагдлаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ямар шинэ агуулгаар баяжуулах вэ, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн яаж харилцан ашигтай оролцох вэ гэдгээ төрийн тэргүүнүүд ярилцлаа. Худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааг шинэ түвшинд гаргах, цаад талын хөрөнгө оруулалт, технологийн чадамжийг ашиглаж Евразийн эдийн засгийн холбоо болон бусад улс орнуудтай ашигт үйлийн коэффициент өндөртэй, өөрөөр хэлбэл манай улсад ашигтай байдлаар холбогдох, ачаа тээвэрлэлтийн шинэ чадамжийг бий болгох, хийн хоолойн асуудал, Монгол Улсын транзит боломжийг нэмэгдүүлэх гээд зүйрлэж хэлбэл дүүрэн ачаатай тэмээн жин хөтөлсөн хүн алсын бараа ширтээд зогсох шиг сэтгэлд их ойр айлчлал боллоо.
Даацтай, эрч хүчтэй ажиллаж чадсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг магтмаар байна. Одоо харин манай талаас УИХ, Засгийн газар хурдтай, ажил хэрэгч, эрчимтэй ажиллаж, ОХУ-ын боловсон хүчин, техник, технологийн чадамж, шаардлагад идэвхтэй хамтрагч болж чадаж ажиллах нь л чухал байна. Үүнд бидний ажлын арга барилаас их зүйл шалтгаална гэж хэлмээр байна. Ер нь хийн хоолойн асуудал гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д хийсэн айлчлалын үеэрээ хөндсөн асуудал. Хөрш гурван орны эдийн засгийн болон харилцан ашиг сонирхол хөндөгддөг. Бидэнд асуудал бүрт мэргэшсэн, чадварлаг, боловсролтой, эх оронч сэтгэлгээтэй боловсон хүчин хэрэгтэй байна.
-Та уг айлчлалын хүрээнд ямар ажил амжуулав?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд миний бие УИХ-ын Монгол-Оросын парламентын бүлэг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүний хувиар айлчлалын албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохын зэрэгцээ, өөрийн санаачилга, идэвх зүтгэл гаргаж буй ажлаа үр дүнд хүргэхийн тулд, монголын мянга мянган жижиг дунд бизнес эрхлэгчийн дуу хоолой болж, Оросын ЖДҮ-ийн корпорацтай ажлын түлхүүр уулзалт хийлээ.
Түүх өгүүлэхэд өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон “Санкт-Петербургийн Олон Улсын Эдийн Засгийн Форум-2021”-ын үеэр Монгол, Оросын олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийн «Их Тал» ТББ-ын “ЖДҮ-ийн төв” санаачилж “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Орос, Монголын олон улсын интеграци ба хил дамнасан хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тус Форумын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар” болон ОХУ-ын “ЖДҮ-ийг Хөгжүүлэх Холбооны Корпорац” төрийн хувьцаат компани хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан юм.
Энэ “Санамж бичиг“-ийг ажил хэрэг болгох үүднээс “Хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө” буюу “Замын зураглал” хэмээх стратегийн чухал баримт бичгийг ёсчлон батлах уулзалт хуралдааныг өнгөрсөн аравдугаар сард Москва хотноо бид зохион байгуулсан.
Үүгээр хоёр тал саналаа нэгтгэж, ЖДҮ-ийг дэмжих төрийн бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэх механизм болох “Экспортын чадамжийн төв” байгуулах ба 2021-2026 онд хоёр улс хоорондын ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хэрэгжүүлэх “Хамтарсан хөтөлбөр” байгуулахаар тохирч чадсан.
Харин сая Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд болсон ажлын уулзалтаар ЖДҮ-ийн бизнес эрхлэгчид Монгол болон Оросын зах зээлд, мөн гуравдагч орны зах зээл рүү гарахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх хамтарсан “Экспортын чадамжийн төв”-ийг байгуулах тухай “Протокол” дээр санал солилцох яриа өрнүүллээ. Энэ их чухал шүү. Манай ЭСЯ-ны холбогдох нөхөд ч сайн ажиллаа. Одоо манай холбогдох байгууллагууд хурдтай, эрч хүчтэй, шуурхай ажиллах шаардлагатай.
ОХУ-ын “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх Холбооны Корпорац” нь ЖДҮ-ийн салбарын санхүүгийн эрсдэл, банк болон бусад санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэлийн тодорхой хэсгийг хариуцаж өөрийн түнш, итгэмжлэгдсэн банкуудаар дамжуулан зээлийн баталгаа, батлан даалт ба өөр олон тооны санхүүгийн хэрэгслийн дэмжлэгийг үзүүлдэг Оросын төрийн бодлогын тэргүүлэх зэргийн ач холбогдол өгч буй өндөр түвшний эрх үүрэгтэй, үйл ажиллагаатай, хөрөнгө санхүүгийн асар өндөр чадамжтай төрийн өмчит корпорац юм.
Жишээ нь, тус корпорацын баталгаа ба батландаалтынбагц 2021 оныэхэлснээсхойш 1,5 дахиннэмэгдэж, 220 тэрбумрубльд (20.97 саяам.доллар) хүрсэннь 2015 ондбайгуулагдсанцагаасаахойшиххамгийнөндөрүзүүлэлтболж, нийт 9945 компанид 180.7 тэрбумрублийн (2.4 тэрбум ам.доллар) баталгаа, батлан даалтын үйлчилгээ үзүүлж, ингэснээр 350.4 тэрбум рублийн (4.72 тэрбум ам.доллар) зээлийн эх үүсвэр татах боломжийг олгосон байна. Ингэхдээ тус Корпорац Холбооны улсынхаа бүх 85 субъект, бүс нутгаа хамруулж, зээлийн баталгаа, батлан даалтын үйлчилгээ үзүүлсэн байна.
Оросын ЖДҮ-ийн хөгжлийн төрийн Корпорацын орлогч дарга Никита Борисович хоёр тал идэвхтэй, шургуу, хурдтай ажиллахын чухлыг онцгойлон захиж байна лээ.
“Экспортын чадамжийн төв” хоёр орны ЖДҮ-г тус тус улсынхаа зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх байнгын механизм болохоос гадна гуравдагч зах зээл рүү нэвтрэхэд дэм болох юм. Ийм механизмын хүрээнд талууд мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулж, хоёр улсын томоохон компаниудыг ЖДҮ-ээс худалдан авалт авах, нийлүүлэлтийн сүлжээндээ нэгтгэн оруулах, жижиглэн худалдааны сүлжээнүүдтэй харилцаа тогтооход туслах зорилготой.
Одоогоор Оросод 50 мянга орчим экспортлогч ЖДҮ бий. Мөн уг корпорац нь ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны иж бүрэн үнэлгээг хийдэг. Харин ирэх онд экспортын чадамжийн үнэлгээ хийж, тохирох санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгийн арга хэрэгслийг автомат тохируулгын системээр сонгох боломжтой болох юм байна. Ирэх оны эцэс гэхэд дор хаяж 2.4 мянган боломжит экспортлогч ийм төрлийн дэмжлэг авна гэж тооцоолжээ.
Манай улсын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн их хохирол, хүндрэлийг жижиг дунд үйлдвэрлэлийн салбар амссан. Монгол Улсад өдгөө 64 мянга орчим ЖДҮ эрхлэгчид улсын ДНБ-ий 17.8 орчим хувийг, нийт ажлын байрны талаас арай илүү хувийг буюу 52,5 хувийг бүрдүүлж, Монголын экспортод ЖДҮ-ийн эзлэх хувь дөнгөж 2.4 хувьтай байгаа нь ЖДҮ-ийн экспортын чадавх бүрэн хэрэгжихгүй байгаа, ямар их нөөц боломж цаана нь харуулж байгааг хэлмээр байна.
Бидний хувьд ОХУ-ын “ЖДҮ-ийг хөгжүүлэх төрийн Корпорац”-тай хамтран ажилласнаар хоёр орны ЖДҮ-ийг хөгжүүлэх хэтийн төлөв, боломжуудыг нээж өгч, бидний хамтын ажиллагаа нь хоёр орны харилцан ашигтайгаар, дараагийн зууны шинэ агуулга, шинэ үе, шинэ тооллын эхлэх нэгэн цэг болно гэдэгт итгэлтэй байна.
COVID-19 цар тахалтай холбоотой эдийн засгийн нөхцөл байдал цар тахлын үеийн болон түүнээс хойших нөхцөл байдлыг харгалзан УИХ хоёр Байнгын хороог шинээр байгуулсныг онцлон тэмдэглэмээр байна. Миний бие УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүний хувиар худалдааны болон үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнд хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр дээр дурдсан ажлуудад чадал, боломжийн хэрээр санаачилга гаргаад ажиллаж байна. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслүүдэд идэвхтэй оролцоод явж байна.
-Эцэст нь танаас асуухгүй байж болмооргүй нэг асуулт байна. Таны сельфи сошиал орчинд цацагдсанаар нэлээн дуулиан дэгдээлээ. Тэр ямар учиртай зураг байсан талаар та тайлбарлахгүй юу?
-За даа, үүнийг тайлбарлах хэрэг байна уу даа. Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өндөрлөөд, ёслолын арга хэмжээ бууж хэвийн байдалд шилжсэний дараа шүү дээ. Шинэ зуун жилийн эхлэл болсон арга хэмжээний дурсгалд ганц зураг дарсан минь шуугиан болжээ. Би гадаад харилцаагаар мэргэшсэн хүн. Төрийн ёслол хүндэтгэлийг үл ойшоох хүн биш гэдгээ хэлмээр байна.Энэ цагаас хойш маш их завгүй орчинд орно гэдгээ мэдэж байсан учраас л гадаа ганц зураг авсан хэрэг. Олон хүнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай. Маш их ачаалал дунд байсан учраас тухай бүрд нь хариулт өгөөд байх цаг зав гарсангүй ээ.