Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар "90 нас" хүрлээ
2021.12.24
Барилга, Хот байгуулалт

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар "90 нас" хүрлээ

Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал /2021.12.24/-нд төрийн ордонд боллоо.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, Улсын геодези, зураг зүйн газрын ууган ажилтнууд, ахмадууд, багш нар, аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 500 гаруй хүн оролцсон юм.


Хурлын үеэр 90 жилийн түүхийг харуулсан үзэсгэлэнг танилцуулж, “Геодези, зураг зүй-90” жил баримтат киног нийт зочдод үзүүллээ. Мөн салбартаа өндөр хувь нэмэр оруулсан ажилчид болон ахмадуудад Төрийн дээд одон медаль, бусад шагналыг гардуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Жамцад төрийн дээд одон медаль Хөдөлмөрийн баатар цол тэмдэг, Г.Нямдорж, Б.Дэмбэрэл, М.Саандарь, Я.Сэрэвжаа, Д.Дамдинсүрэн нарт төрийн дээд одон медаль Гавьяат барилгачин цол тэмдэг, Б.Энхмаад Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, П.Хишигсүрэнд төрийн дээд Алтан гадас одонг гардууллаа.

Түүхээс дурдвал тэртээ 1930 онд Улаанбаатар хотыг зурагжуулахаар агаараас газрын зураг авч байжээ. Энэ үеэс Монгол улсад Геодези, зураг зүйн салбарын үүсэл хөгжил эхэлсэн аж.

Геодези, зураг зүйн салбарын үүсэл нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин Рагчаатай салшгүй холбоотой юм. Б.Рагчаа гуай нь 1970 оноос эхлэн 1990 он хүртэл Улсын геодези, зураг зүйн газрын даргаар тасралтгүй 20 жилийн хугацаанд ажиллаж нийт 765 инженер, техникийн ажилтантай болтол нь хөгжүүлж, Геодези, зураг зүйн салбарын бат бөх суурийг тавьжээ.

Геодезийн мэргэжилтнүүд 1300 метрийн гүн дэх Оюу толгойн ордын барилгын болон уурхайн геодезийн ажилд хүчин зүтгэж байна. Өнгөрсөн хугацаанд 500 орчим газрын зураг, атлас хэрэглэгчдийн гарт очсон байна. Эдгээр бүтээлүүдээс онцлох бүтээл нь Монгол улсын үндэсний атлас юм.

Монгол Улс нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөлд байдалд шилжсэнээр геодези, зураг зүйн ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн компаниуд гүйцэтгэх болсноор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд дэлхий нийтээр хэрэгжиж буй шинэ технологийг амжилттай нэвтрүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ