МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэж байх ёстой
2021.03.17
Улстөр

Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэж байх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалтай ярилцлаа.

-Засгийн газраас 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж эхэллээ. УИХ-ын гишүүний хувьд гүйцэтгэх засаглалын энэ зоримог шийдвэрт ямар байр суурьтай байна вэ?

-10 их наяд төгрөгийн төлөвлөгөө иргэдийн амьжиргааг дэмжих, эдийн засгаа сэргээх том ажил. Хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийн үндсэн салбаруудыг сэргээнэ гэж ойлгож байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг оруулахаар болсон. Түүний 200 тэрбум төгрөгөөр нь ноолуур бэлтгэхэд, 100 тэрбумыг нь газар тариалангийн салбарыг санхүүжүүлнэ.

Ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлд хоёр их наяд төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл гаргахаар шийдвэрлэсэн. Мөн банкууд хүүгээ бууруулж 10.5 хувийн хүүтэй нийт хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор боллоо. Төв суурин газруудад орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, барилгын салбарыг дэмжих, ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд нийт гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулна. Стратегийн томоохон бүтээн байгуулалтыг дэмжихэд хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Цар тахалтай холбоотойгоор хэсэгчилсэн дэглэм, хорио тогтоосон. Үүнийг дагаад иргэдийн амьдрал, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд бэрхшээл учирсан. Эдийн засаг агшиж байна. Тиймээс цар тахлыг эрсдэл багатай даван туулах, буцааж эдийн засгаа сэргээхийн тулд хоёр их наяд төгрөгийг баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгохоор боллоо. Барьцаа хөрөнгөгүй аж ахуйн нэгжүүдэд Батлан даалтын сан баталгаа гаргахаар болж байна.

Энэ зээлийг Төрийн банк, ХААН банкаар дамжуулж олгож эхэлсэн. Манай улсын эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрнөлийн үе ирж байна. 

Мал төллөлт, ноос ноолуур бэлтгэх, газар тариалангийн цаг ирлээ. Энэ ажлуудын бэлтгэл болгож, тодорхой хөрөнгө гаргах, уг салбарт ажиллагсдынхаа үйл ажиллагааг дэмжих, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ технологийн цаг хугацаанд нь чанартай бэлтгэх, ингэснээр бид ирэх жилийнхээ хүнсний хангамжийг сайжруулах боломжтой юм. Нэг зүйлийг тодотгоход цар тахлын хүнд үед хөдөө аж ахуйн салбарынхан маань ард түмнээ гурил, мах, ногоогоор тасалдуулахгүй хангаж, хүнсээр хомстолд оруулаагүй.

-10 их наяд төгрөгөөс га зар тариалангийн салбарт багагүй хөрөнгө оруулалт тусгасан. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгөх байх?

-Цар тахал Монгол Улсад бүртгэгдсэн хүнд цаг үе нь эдийн засаг, нийгмийн асуудлыг хэвийн авч явахад бид юун дээр чадаж, юу нь дутуу байгаа юм бэ гэдгийг ямар ч нөлөөлөлгүй ойлгуулж өглөө. Хүнсний ногоо гэхэд 43 хувийг нь дотоодоосоо хангаж байна. Иймд 15-аас доошгүй хувиар нэмэгдүүлье. Энэ оны намрын ургац хураалтаар 60 орчим хувийг хангадаг байя гэдэг бодлого, зорилтыг ХХААХҮЯ-наас гаргаж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос дэмжсэн.

Энэ оны төсвийг батлахдаа хүнсний ногооны тариалалтыг дэмжих, үрийн шинэчлэлийг хийхэд гурван тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан.

Засгийн газрын 10 их наяд төгрөгөөс 100 тэрбумыг газар тариалангийн салбарт зарцуулахаар боллоо. Хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа бүтээгдэхүүнээ ахиу тариалж, хурааж авах бодлого баримталж байна. Энэ онд 530 мянган га-д тариалалт хийхээс 490 мянган га-д үр тариа, 18 мянган га-д төмс, 10 мянган га-д бусад хүнсний ногоо, 70 мянган га-д малын тэжээл хийх бодлого барьж ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн салбарын анхаарал хандуулах ёстой нэг зүйл нь малын тэжээл. Улсын хэмжээнд 70 сая мал бэлчээрлэж, дээр нь эрчимжсэн аж ахуйнууд үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бэлчээрийн малаа байгаль цаг уурын хүндрэлээс хохирол багатай авч гарах, эрчимжсэн аж ахуйнуудын ашиг шимийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөхөд малын тэжээлийн тариалалт, үйлдвэрлэл онцгой үүрэгтэй. Тэжээлийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Мөн уламжлалт гар аргаар тэжээл бэлтгэх ажлыг бодлогоор дэмжих, малчидтай хамтран ажиллах шаардлагатай. 

Байгаль цаг уурын өөрчлөлт өвс тэжээлийн хомстлыг бий болгож байна. Өвөл, хавар болдгоороо болно. Байгаль цаг уурын өөрчлөлт, хүндрэлийг даван туулахын тулд бэлтгэл ажлыг хангах ёстой.

-Шинэ парламент намрын чуулганаар нийгэм, цаг үе, улс орны хөгжилд тулгамдсан олон асуудалд эрх зүйн өөрчлөлт оруулсан. Та хэчнээн хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцов?

-Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Иймд Үндсэн хуулийг бүрэн хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэл хийгдэж эхэлж байна. Намрын чуулганы гол анхаарал хандуулсан асуудлын нэг нь шударга ёсыг тогтоох, шүүхийн эрх мэдлийг хараат бусаар ажиллуулах нөхцөл бололцоог Шүүхийн тухай хуульд тусгасан. Тиймээс Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, шүүх тогтолцооны томоохон шинэчлэл хийгдсэн гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, миний гол анхаарал хандуулсан зүйл нь орон нутгийн хөгжлийн асуудал байв.

Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Энэ хуулийн гол агуулга нь орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, чиг үүргийг тодорхой болгох, төсөв хөрөнгө, боловсон хүчнийг нь нэмэгдүүлэх бололцоог бүрдүүлсэн. Орон нутгийн үндсэн хууль гэж хэлж болохоор томоохон хуулийг баталлаа.

Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалттай нийцэж бусад салбарын хууль шинэчлэгдэн гарна. Ингэснээр орон нутаг өөрөө бие даан хөгжих боломж нь бүрдэх ёстой. Тэр хэмжээгээр улс орны хөгжил урагшилна. Гуравдугаарт, дэлхий нийтээрээ тэмцэж буй цар тахалтай улсаараа аль болох хүндрэл багатай даван туулах бэлтгэл зохион байгуулалтыг хангаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, үндэсний эдийн засгаа унагачихгүй байх бодлогыг парламент хэрэгжүүлж ажилласан.

Ковидын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, даван туулахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн бодлогын шийдлүүд хийж хэрэгжүүллээ. Хамгийн гол авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь өрхүүдийн цахилгаан, дулаан, усны хэрэглээг тэглэлээ. Үүгээр дамжуулж өрх гэрээс гарч байгаа зардлыг багасгаж, тэр хэмжээгээр иргэд, аж ахуй нэгжид ирэх дарамт буурсан.

-Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуульд УИХ өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгч энэ хуулиудад хориг тавьсныг парламент хүлээж аваагүй. Та шударга ёсыг тогтоох хуулийн шинэчлэл болсон гэлээ. Гэтэл УИХ, Засгийн газрын харьяа байгууллагын албан хаагчид хамгийн их авлига, албан тушаалын хэрэгт холбогддог. Гэвч тэднийг шалгаж, шүүх ёстой байгууллагын даргыг УИХ, Засгийн газраас санал болгож томилох нь зөв үү?

-1990 оноос хойш бий болсон хөгжил, энэ үеийн эрх зүйн шинэ харилцаа зохицуулалт нь амьдралд хэр нийцэж байгаа юм бэ гэдэг дээр бүх ард түмнээрээ хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт улс төрийн нам, эвслүүд бүгд оролцож, том дүгнэлт хийгээд Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зөвхөн Үндсэн хуульд заасан эрх хэмжээнд нь байлгах, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалтыг эцэг хуульдаа тодорхой зохицуулсан.

 Нийгэмд шударга ёсыг тогтоох, үнэн зөвийг олдог тогтолцоо бүхий шүүх байх ёстой гэдэг зарчим Үндсэн хуулийн үзэл санаанд туссан. Энэ үзэл санааны дагуу Шүүхийн тухай хууль батлагдсан. Түүнээс УИХ-д олонх бүрдүүлсэн улс төрийн хүчин хуульд дур зоргоороо гар хүрч буй зүйл биш. Үндсэн хуулиа амьдралд бүрэн хэрэгжүүлэхийн тулд салбар хуульдаа өөрчлөлт оруулж буй үйл явц гэдгийг зориуд хэлмээр байна.

-Хаврын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон. Хуульд ямар өөрчлөлт оруулахаар боловсруулж байгаа юм бэ?

 -Ерөнхийлөгчийн тухай хууль нь Үндсэн хуульд заасанчлан Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэйгээ нийцэж, тэр институцийг зохицуулсан байдлаар хууль өөрчлөгдөн батлагдах ёстой юм. Ер нь Үндсэн хууль баталснаас хойш явж ирсэн практикийг эргээд харахаар хуульчид, судлаачид нэг хууль гаргахдаа Үндсэн хуульд байхгүй эрх мэдлийг аль нэг институцид нэмж олгоод байсан нь өнөөдрийн харилцааны төвөгтэй байдлыг бий болгожээ. Тийм учраас Үндсэн хуульдаа нийцүүлж институциудынхээ үйл ажиллагаанд яв цав нийцүүлж, эрх зүйн харилцааг нь зохицуулж өгөх ёстой.

Жишээлбэл, өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилээр хоёр удаа сонгогддог байсан бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зургаан жилээр нэг удаа сонгогддог байхаар болсон. Ганцхан Ерөнхийлөгчийн институцтэй холбоотойгоор ч биш өөр олон харилцаанд өөрчлөлт орсон. Энэ хавар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Шинэ Ерөнхийлөгч сонгогдож, тангаргаа өргөөд ажилдаа орох ёстой. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэж байх шаардлагатай. Тийм учраас хуульд өөрчлөлт оруулна.

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Улс төрийн намууд төлөвших, улс орны хөгжлийн бодлогыг зөв тодорхойлох бодлогын нам болох талаас нь хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой вэ?

-Бид өнгөрсөн практикаа эргээд харахаар Улс төрийн намын тухай хуульд намын санхүүжилт тодорхой, ил тод байх ёстой. Тэгж байж нийгэмд шударга ёсны үнэлэмж бий болно. Намууд бодлого үйл ажиллагаа нь хэр цэгцэрч, ил тод явж чадна тэр хэмжээгээр нийгмийн зохицуулалтын харилцаа илүү тодорч ирэх ёстой.

Тийм учраас Улс төрийн намын тухай хуулийг шинэ нөхцөл байдалдаа тулгуурлаж, өмнөх үйл явц дээрээ үнэлэлт өгч, сайжруулах хэрэгтэй. Нөгөө талдаа намын санхүүжилтийг тодорхой болгож өгөх шаардлагатай. Нам гэдэг бол хэдэн хүний нэгдэл биш. Улс төрийн нам гэдэг бол улс орны хөгжлийг тодорхойлох үзэл баримтлалаа хэрэгжүүлэх томоохон хүч юм. Тиймээс нам үзэл баримтлал нь тодорхой, түүнийгээ хэрэгжүүлж чадах хүний нөөц, чадамжтай байх ёстой. 

Нам хэдий хэмжээнд хөгжиж, бойжиж чадна төдий чинээ нийгмийн амьдрал урагшлах учиртай гэж ойлгож байгаа. Тэгэхээр намуудын санхүүжилтийг шилэн, ил тод болгоход анхаарах шаардлагатай. Мэдээж гишүүд итгэл үнэмшлээрээ намын хөрөнгө, санхүүгээ бүрдүүлдэг байх ёстой. Дээр нь намуудын төлөвшлийг хангахад төрөөс санхүүжилт шийдэх хэрэгтэй. Ингэж байж намуудын төлөвшил хангагдах учиртай гэж ойлгож байна.

-Төв аймагт Аж үйлдвэр, технологийн парк байгуулах ажил эхэлсэн. Энэ ажлын хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

-Төв аймаг өөрийн хөгжлийн загвараа тодорхой болгосон. Тэр тусмаа эдийн засгийн үндсэн салбар болсон хөдөө аж ахуйн хөгжлийн бүсчлэл, үйлдвэржилтийн стратеги төлөвлөгөөгөө батлаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, дэмжүүлсэн.

Төв аймаг онцлогтой. Нийт 1.5 сая хүн амтай том хотын хүнс, амьжиргааны дийлэнхийг хангадаг. Тийм учраас бид хөдөө аж ахуйн салбарыг бүсчлэн хөгжүүлэх, үйлдвэрлэл бэлтгэн нийлүүлэлтийн кластерыг хөгжүүлэх, үүн дээрээ суурилж үйлдвэр технологийн парк байгуулах тухай асуудал юм. Бэлчээрийн мал аж ахуйн бүс нутагт малын үйлдэр угсааг сайжруулахын зэрэгцээ өсвөр малаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. 

Байгаль орчинтойгоо ээлтэй зохицох асуудлыг авч үзэж байна. Хүн амын төвлөрөлтэй эсвэл газар тариалангийн бүс нутагтаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлье. Ойрын хугацаанд 12 мянган үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулъя. Ингэж байж Улаанбаатар хотын сүүний хангамж нэмэгдэнэ. Махны хангамжид тодорхой үүрэг гүйцэтгэнэ.

Эрчимжсэн аж ахуйг нэг дор хөгжүүлэх нь ямар учиртай вэ гэхээр бүтээгдэхүүнээ боловсруулдаг үйлдвэр кластераар хөгжих боломж бүрдэнэ. Тэжээлийн үйлдвэр, хуурай сүүний үйлдвэр, өсвөр гунж бойжуулдаг аж ахуйг нь байгуулъя. Дагуулаад мах бэлддэг үйлдвэрийг нь байгуулах хэрэгтэй.

Хоёр ч байршил дээр эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагаа явж байна. Сумдад дундын хоршоо байгуулсан. Сумдын хоршоог дэмжиж авч явдаг Үйлдвэр, технологийн паркийн бүтэц зохион байгуулалтыг хийнэ.

ШИНЭ МЭДЭЭ