МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2022.01.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.04) хуралдаан 10 цаг 20 минутад 52.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Энэ өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан ч МАН-ын бүлгийн хуралдаанаас ажлын хэсэг дээрээ нухацтай хэлэлцэхээр шийдвэрлэж, хойшлуулсныг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлэв.

Өнөөдрийн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гурван гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны 2021.06.15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бол чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021.06.17-ны өдөр хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн, Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулав. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Ц.Туваан нар ажиллаж байгаа бол ажлын дэд хэсэгт Эрүүл мэндийн яам, Соёлын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх ухааны академи, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн болон эрдэмтэн, судлаач, эмч нар орж ажиллажээ.

Ажлын хэсэг Тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн санал болон Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөлөвлөлтийн баримт бичгүүд, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан бөгөөд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн байна. Үүнд: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Монгол хүний удмын санг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүний генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлын талаар холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах, хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, сургалт, мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг тусгасан талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу Тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцэн, гишүүд төслийн тухайн зүйлтэй холбогдуулан ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан, Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен монгол хүний удмын санг хамгаалах талаар одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр байна уу гэдгийг болон удмын сангийн аюулгүй байдлын асуудал, тэр дундаа цус ойртолтын асуудлаар тодорхой ажил хийж буй эсэх талаар тодруулж хариулт авахын зэрэгцээ монгол хүний удмын санг хамгаалахын тулд генетикийн судалгааны лабораторийг байгуулж, хромосомын хэмжээнд судлах нь маш чухал талаар санал хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан хоёр хөрш орон хүн амаа өсгөх бодлого тавьж байна. Энэ асуудал дэлхийн бусад улсуудад мөн нэг номерийн асуудал болсон. Эл цаг үед монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих асуудлыг хэлэлцэж буй нь чухал. Ургийн бичгийг цаашид хөтөлдөг болох талаар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд манлайлан явах нь зөв гэсэн байр суурийг ажлын хэсгийн гишүүний хувиар илэрхийлэхийн зэрэгцээ төрөлттэй холбоотойгоор ураг байх үед нь удамшлын өвчтэй эсэхийг нарийвчлан оношлох, энэ боломжийг нээлттэй болгох талаар саналаа хэлэв. Мөн хөдөөд залуу гэр бүлийн, ялангуяа залуу эмэгтэйчүүдийн амьдрах нөхцөлийг сайжруулах талаар Тогтоолын төсөлдөө чухалчилж тусгах талаар санал хэллээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Тогтоолын төслийг зүйл бүрээр уншиж танилцуулан, ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулж, шийдвэрлэв. Ингээд “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, Ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаагаар ахлуулан байгуулав

ШИНЭ МЭДЭЭ