Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлсэн үр дүнг танилцууллаа
2021.12.31
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлсэн үр дүнг танилцууллаа

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран 2015 оноос “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг хэрэгжүүлж ирсэн.

“Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн үйл ажиллагаа энэ онд дуусаж байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны нэгдсэн үр дүн, тайланг тус газарт хүлээлгэн өгсөн. Үндэсний чуулганыг 2021 оны тавдугаар сард амжилттай зохион байгуулж, идэвхи санаачлагатай ажилласан орон нутгийн байгууллага, албан хаагчдыг урамшуулсан юм.

Мөн “Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн үндэсний тайлан” ном /Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн үндэсний тайлан (gazar.gov.mn)/-ыг хэвлүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгоод байна.

Тус газраас “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 2021 онд нийт 110’850’353.2 га бэлчээрийн газрыг хамруулсан 5163 фото мониторингийн цэгт хийж гүйцэтгэлээ. Хээрийн хэмжилт судалгаа, боловсруулалтын ажлыг 320 сумын Газрын даамал, дүүргийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд холбогдох журам, аргачлалын дагуу зохион байгуулан ажилласан билээ.

2021 оны ажлын үр дүнд нийт бэлчээрийн газрын 12 хувь нь байгалийн унаган төрхөө алдаагүй, 45 хувь нь бага зэрэг доройтсон, 18 хувь нь дунд зэрэг доройтсон, 17 хувь нь хүчтэй доройтсон, 8 хувь нь маш хүчтэй доройтсон байгааг тогтоосон. Эл дүгнэлтийг 2020 онтой харьцуулахад бага зэрэг доройтсон талбай 2 хувиар өссөн, дунд зэрэг доройтсон талбай 3 хувиар буурсан, хүчтэй доройтсон талбай 1 хувиар буурч, маш хүчтэй доройтсон талбай нь 2 хувиар өссөн байна.

Мөн 2020 оны үр дүнд үндэслэн хүчтэй доройтсон бэлчээрийн газрыг нөхөн сэргээх ажлыг нийслэл, 21 аймгийн хэмжээнд нийт 6’521’337.3 га талбайд зохион байгуулан ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ