МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.01.12
Улстөр

“Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.11.12/ хуралдаанаар Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

Журмын төслүүдэд дараах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ Үүнд: 1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын төсөлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нэгжийн иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах, иргэдийн саналын авах, дүнг мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар; 2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах үндэслэл, эгүүлэн татах асуудлыг санаачлах, эгүүлэн татах санал хураалт зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар; 3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын төслөөр Зөвлөл нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлыг тусгасан байна.

Тогтоолын төсөл болон танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Н.Энхболд нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж дууссанаар “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 01 дүгээр сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, тогтоолын төслийг батлая гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг батлав.

ШИНЭ МЭДЭЭ