МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Сүхбаатар: Технократ засаглал бүрдүүлэх гэж байгаа бол популист сайд нарын хэрэг байхгүй
2022.01.14
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Технократ засаглал бүрдүүлэх гэж байгаа бол популист сайд нарын хэрэг байхгүй

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа. Түүнийг өмнөх парламентад УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байхад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Тэрээр Үндсэн хуульд нийцүүлэн шинэчилсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага, түүний нэгжийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хуулийн ажлын хэсэгт ажилласан.

----------------------------------------------

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөрөө Үндсэн хууль зөрчсөн байж болох уу? УИХ-ын гурван гишүүн ийм асуудлаар Цэцэд хандаад, дунд суудлын хуралдаан эхлүүллээ.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөрөө хууль мөн үү. Эсвэл хуулиас өөр Үндсэн хууль юм уу. Ийм маргаан 20 жилийн өмнө гарч байсан.  Тухайн үед Н.Багабанди Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хориг тавьсан үе. Тэгэхэд хориг тавих эрхтэй, эрхгүй гэдэг маргаан бас өрнөсөн. Яагаад гэхээр Үндсэн хуульд өөрт нь хориг тавьж болохгүй. Ердийн хуульд бол Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй гэж. Үндсэн хуульд хуулиар л өөрчлөлт оруулдаг шүү дээ гэж яригдсан.

Харин бидний гаргасан агуулга юу юм бэ гэж. “Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Яг Ердийн хууль гэж үзэж болохгүй. Үндсэн хуулийн өөрийнх нь салшгүй хэсэг болоод Үндсэн хуульд суудаг учраас зарим хуульчдын хэлдгээр органик хууль. Тийм учраас ердийн хуультай адилтгаж болохгүй”. Энэ утгаар нь хандаад Үндсэн хуульд Үндсэн хуулиар өөрчлөлт оруулсан гэдэг утгаар нь хандвал Цэц энэ асуудлыг хянан үзэж болохгүй. Харин ердийн хууль хэлбэрээр өөрчлөлт оруулж байна гэж үзвэл хянаж үзнэ.  Эдгээр асуудлыг Цэц олон талаас нь авч үзээд шийдэх, Үндсэн хуулийн тайлбарыг онол, практик талаас нь тайлах шаардлага маргаан дунд яригдах байх л даа.

-Та бол бусдын өнцгүүд ярьж байна. Хуульч таны байр суурь юу вэ?

-10 жилийн өмнө Ө.Энхтүвшин нарын гишүүдийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуулиар бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь хууль хэлбэртэй байна гэж заасан байхгүй юу. Энэтэй бол зарим хүн сүүлд санал нийлээгүй юм бий. Ардын багш, гавьяат хуульч Б.Чимид бол “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль хэлбэрээр оруулна” гэж ярьдаг байсан. Яах вэ дээ, өмнөх парламентын үед хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол яг цэцийн маргааны субьект байж болох юм уу, үгүй юм уу гэдгийг Цэц өөрсдөө л авч үзэх байх. Цэцийн 20  жилийн өмнөх практик дээр бол хэлэлцээд шийдчихсэн асуудал байдаг. Тэр үед ч гэсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хууль гэж нэрлэхгүйгээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт гэдэг агуулгаар явсан байхгүй юу.

-Ш.Адьшаа, Н.Ганибал, Т.Доржханд гурвын Цэцэд гаргасан гомдол өөрсдийнх нь хүсэл зориг мөн үү. Танай МАН-аас захиалсан байж болох уу. Өмнө нь Т.Доржхандын гомдлоор Цэц хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль дээр дүгнэлт гаргаж, Х.Баттулгын сонгогдох боломжгүй байх болж байсан учраас асууж байгаа юм. Энэ дээр та улстөрчийн байр сууринаас хариулж болох уу?

-Тэр хүмүүс УИХ-ын гишүүн, өөрсдөө үзэл бодолтой Монгол Улсын иргэд. Тэр тусмаа Ш.Адьшаа, Н.Ганибал нар АН-ын бүлгийн гишүүн, Т.Доржханд гэхэд ХҮН-ын дарга хүн. Энэ утгаар нь хүндэтгэлтэй хандах учиртай. Ямар нэг талаас захиалсан юм гэхэд энэ хүмүүс чинь өөрийн толгойтой. Өөрсдөө дэмжээд, үзэл бодлыг тээгээд, сэдээд гаргасан шийдвэр нь. Хүн болгонд л таамаг дэвшүүлэх эрх хүмүүст байгаа. Би тэр гишүүдийн хэвлэлд өгсөн яриаг сонссон. Үндэслэл, шалтгаанаа өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна лээ. Т.Доржханд гишүүн гэхэд “Үндсэн хуулиар чагтлаад тавьчихсан зүйлс байна. Парламентын бүгд найрамдах улсыг хөгжүүлэх үүднээс бид хийх ёстой шүү дээ” гэж байсан.

Жишээ, өмнөх парламентын үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дутуу үлдээсэн зүйл байсныг бид бүгдээрээ л хэлдэг. Би гэхэд гурван ч парламент дамжин явсан энэ шинэчлэлийг дүгнэж яриа өгснөө санаж байна. Миний хүсэн хүлээсэн зүйлсийн 70 хувь нь нэмэлт өөрчлөлтөөр орсон байгаа ч энэ нь амжилт гэж. Энэ дүгнэлт маань хэвээр.

-Таны бодсоны 70 хувь нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр туссан гэж байна. Хуульд тусгаагүй 30 хувь гэвэл юу вэ?

-Нэг нь сонгуулийн тогтолцооны асуудал. Нөгөө нь УИХ-ын бүрэлдэхүүнийг өргөтгөх асуудал. Надад анх бол 10 жилийн өмнө 99 гишүүнтэй болъё гэж дуугараад шүүмжлэгдэж байсан зүйл бий. Манай парламент давжаа байна. Давжаа учраас бусад улсад ажилладаг механизм манайд ажиллахгүй байна гэж ярьж байсан. Харин одоо сонгодог парламентыг төгөлдөржүүлэх асуудлыг МАН сүүлийн 10 жил ярьж байна. Олон зүйл ч хийж чадсан. Тухайлбал, УИХ-ын, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан. Гүйцэтгэх эрх мэдлийн ажиллах чадварыг дээшлүүлсэн. Хажуугаар нь хяналт, хариуцлагын тогтолцоог нэмсэн. Нутгийн удирдлагын тухай гээд яривал их юм бий.

-Түрүүний яриа руугаа эргээд ороход, Үндсэн хуульд оруулсан давхар дээлтэй сайд нарт тавих тооны хязгаарыг байхгүй болговол одоо засаглаж байгаа танай намд л ашигтай биз дээ?

-Улс төрийн үйл явцыг улс төрөөс нь салгаж ярьж болохгүй байх. МАН эрх барьж байгаа учраас МАН-д ашигтай гэдэг гаргалгаа нээлттэй. Гэхдээ түрүүн дурдсан 3 гишүүн хууль буюу тоглоомын дүрмийн хүрээнд тоглож байна. Цаад хүсэл зорилго, ашиг сонирхол нь юу вэ гэдгийг олон нийт нээлттэй ярилцаж, шүүмжилж болно оо. Асуудал ийм замаар л явдаг.

-Цэц энэ асуудлыг шийдчихвэл энэ хавар танай нам дээр албан тушаалын бялуу хуваарилалт явж таарах уу. Цэцийн хурлын сургаар зарим гишүүн сайд болох гээд хөл нь хурдлаад эхэлсэн байсан?

-Тааж л ярья. УИХ-ын 4 гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэдэг хязгаарлалт байхгүй болчих юм бол мэдээж эрх мэдлийн шилжилт, хуваарилалтын үйл явцад нөлөөлнө. 76 гишүүнтэй буюу давжаа парламенттай байгаа нөхцөлд давхар дээлтэй гишүүдийн тоонд тавьсан хязгаарлалт зөв гэж би боддог. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа УИХ, Засгийн газар нь холилдохгүй байх, хяналт тэнцэлтэй байх талаасаа зөв гэж бид үзсэн. Харин гишүүдийн тоог 99 болон түүнээс дээш болгосон тохиолдолд УИХ-ын гишүүдийн 10-аас илүүгүй хувь Засгийн газарт орохыг үгүйсгэх аргагүй. Тухайлбал, 99 гишүүн байлаа гэхэд 9 гишүүн Засгийн газарт орж болно гэсэн үг. Ер нь тийм шаардлага бодит байдал дээр байдаг. Тэргүүлэгч, манлайлагч, улс төрийн бодлого тодорхойлогч улстөрчид нь парламентад ороод ирдэг. Тэд орж ирээд тодорхой салбарыг намын дэвшүүлсэн бодлогоор улстөрчийнхөө хувьд удирдаад явдаг нь Япон, Итали, Германд, Англид бол тогтсон ёс.

Бид зарим зүйлийг нөхцөлтэй ярих ёстой байхгүй юу. Жишээ нь, сонгогдсон тойрогтоо амьдардаг УИХ-ын гишүүн байх нь зөв гэж ярихад нөгөө талдаа энэ нь хоёр танхимтай парламентад зохимжтой. Яагаад гэвэл, дээд танхим нь нутаг дэвсгэрийн хуваарилалтаар тойргоо төлөөлдөг. Гэтэл манайх шиг нэг танхимтай парламентад тойргийн сэтгэлгээ харин ч улсын ашиг сонирхолд хортой байдаг. Тийм учраас тэр шаардлагагыг биелүүлж болохгүй гэдэг ч юм уу. Ийм байдлаар нөхцөл тавьж хандмаар байна.

Хэрэв цэц тэр 3 гишүүний хүсэлтийг эцэслээд шийдчихвэл УИХ дахь мэргэжлийн туршлага өндөртэй улстөрчдийн хувьд Засгийн газарт орж ажиллах боломж нээлттэй болж ирнэ. Үүнээс үүдэн гарах үр дагаврыг олон талаар ярьж болно. Би бол болгоомжтой хандаж байгаа. Яагаад гэхээр, бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа давхар дээлийн асуудлыг ярьчихсан. Нэмэлт өөрчлөлт оруулсан шалтгаануудын нэг нь яах аргагүй, давхар дээлийг тайлъя гэдэг шалтгаан байсан.

-Цэц Их суудлаараа УИХ-ын гишүүдийг сайдаар томилох тооны хязгаарыг эвдчихвэл салбар удирдах хүмүүс дээр юуг бодолцож анхаарах ёстой бол?

-Сайдаар хэн ажиллахыг Ерөнхий сайд мэднэ. Гэхдээ салбарын сайдад тавигдаж байгаа шаардлагыг ганцхан УИХ-ын гишүүн талаас нь харахгүйгээр яг тэр манлайлал аваад явах талаас нь, улс төрийн жин нөлөөг нь харгалзах шаардлага үүсэх байх. Одоогийн тохиолдолд улс төрийн капитал багатай хүнийг Засгийн газрын гишүүнээр тавьсан байгаа нь УИХ дээр бодлогоо хамгаалах, бодлогоо хэрэгжүүлэх, манлайлал үзүүлэх чадвар нь сул байна. Хоёрдугаарт, өөрийн биеэ даасан автономи байдал нь сул учраас зоригтой алхмуудыг хийхгүй байна гэсэн шүүмжлэл байна.

Гэхдээ би хүмүүсийг нөгөө талаас нь хараасай гэж хүсч байна. Одоогоор харахад ажил бол муугүй л явж байна. Сул харагдаж байна гэдэг бол хүмүүсийн л үнэлгээ. УИХ дээр тэгж харагдаж байгаа боловч ажил нь цаанаа өмнөхөөсөө сайн явж байгаа хүмүүс ч байгаа. Сайжруулах гээд муутгачих вий гэсэн болгоомжлол бас байна, надад.

Яагаад энэ олныг таны өмнө яриад суугаа билээ, би. Хувь гишүүн Ж.Сүхбаатар өөрөө үзэл бодлын хувьд биеэ даасан нэгэн боловч манай МАН-ын бүлэг хамт олны багийн бодлогын тоглолтоор ажилладаг.

Ер нь бол 30 дугаар Их хурлаа сая хийлээ, шийдвэрээ гаргаж, бодлогоо гаргалаа. Бодлогын сахилга гэж байдаг. Миний хэлж чадах нэг зүйл бол бид аливаа том үр дагавартаа бодлогын асуудлыг бүлгээс урьдчилаад сайн болон муу гэж зааглах боломжгүй.

Бидэнд бас сургамжаасаа авах зүйл бий шүү дээ. УИХ Засгийн газар хэт холилдоод УИХ-ын гишүүд нь Засгийн газартаа хэт давамгайлаад ирэх юм бол нийгмийн зүгээс ирэх шүүмжлэлээ яах билээ. Дээрээс нь бидний явуулж байгаа хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх бодлого яах билээ.

Авлигажсан байдал өөрөө эрх мэдлийн төвлөрлийг бий болгодог. УИХ, Засгийн газрын эрх мэдлийг төвлөрүүлсэн хүн бол илүү их шүүмжлэл, хардлага дагуулдаг. Нэг талаас эрх мэдлийн төвлөрөл ажил хийхэд дөхөм болдог ч ачаалал илүү ирдэг. Бүлэг дотроо ч бид энэ асуудлаар ярьдаг. Тааж ярьсан зүйл дээр бодлого бодоод, тэр төсөөлөл дээрээ бухимдаад, нийгмийг шүүмжлэлд татаад байх хэрэггүй юм.

-Тэгвэл Засгийн газар одоогийнхоороо ажиллахад хууль талаасаа хүч дутаад байна уу. Үндсэн хуулиар эрх мэдэл өгчихсөн, Цар тахлын хуулийг бусад хуулийн дээр тавиад өглөө. Ажил хийхэд хууль дутаад байна уу?

-Засгийн газарт бол эрх зүйн талаасаа дутсан юм бол байхгүй. Яагаад гэвэл Засгийн газар урд өмнө байгуулагдсан Засгийн газруудаас Үндсэн хууль болон бусад хуулиудаар эрх мэдэл үлэмж дээшилсэн. Харин үлэмж дээшилсэн эрх мэдэл дээрээ боловсон хүчнийхээ сонголтыг хийхэд УИХ-ын гишүүдээс буюу мэргэжлийн улстөрчдөөс татан оруулах бололцоо боогдмол байгаа тухай л сүүлийн үед яригдаж байна. Түүнээс биш боловсон хүчний сонголтоор хязгаарлагдсанаас бусад асуудлаар Засгийн газарт хүч дутаад байгаа зүйл алга.

Нэг зүйл дээр шүүмжлэл бодитой байна. Улс төрийн жин нөлөө буюу зангараг гэж манайхан яриад сурчихсан. Зангараг нь дутаад байгаа юм биш үү гэж яриад байна. Тэр хүний мууд биш. Угаасаа мэргэжлийн улстөрч биш шүү дээ. Бид технократууд энэ улсад засаглах ёстой гэж ярьж байсан. Технократ маягийн засаглал бүрдүүлж байгаа тохиолдолд тэд заавар популист, эсвэл намаар дамжсан байх албагүй. Технократ засаглалд их сургуулийн багш, тэр чиглэлийн судлаач, эрдэмтэн хэрэгтэй.

Тэр хүмүүсийг нийгэм хүлээн зөвшөөрөх, ялангуяа нам өөрөө хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Тэр хүнээ таниулах, нам өөрөө хүлээн зөвшөөрөхөд цаг хугацаа шаардана. Гэхдээ тэр хүмүүст өөрсдийгөө харуулах хугацаа хэрэгтэй байдаг. Яах вэ, таны хэлдгээр COVID-ын хуулиар бид ажлуудаа явуулахыг оролдоод байна. Ердийн үед яаж ажиллаж байхыг бид мэдэхгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөрөө үйлчлэлээ бүрэн дэлгэж нээх цаг нь бас болоогүй. Учир нь, түүнд нийцүүлж холбогдох хуулиудыг өөрчлөх ёстойгоор талыг нь ч бичиж дуусаагүй байна. Ийм нөхцөлд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ийм, тийм болж, Засгийн газар сул байна гэж ярих нь учир дутагдалтай.

Аливааг бодитоор аваад үзэхэд, Засгийн газар хүчтэй байна уу, сул байна уу гэдгийг хувь хүний хүчин зүйлтэй холбож ярьж байгаа болохоос бусад талаараа өмнөхөөсөө хүчирхэгжсэн. Одоогийн Ерөнхий сайдыг хэн сул гэх юм бэ. Өмнө нь Ерөнхий сайдыг огцруулах, гишүүдийг сугалаад сольдог байсан бол одоо тийм биш. Ерөнхий сайдтай хариуцлага тооцъё гэвэл 39 гишүүний санал хэрэгтэй. Одоогийн намын даргыг, Ерөнхий сайдыг явуулъя гэх бодитой хүч, сонирхол ч МАН-д байхгүй байгаа, жишээлбэл. Энэ утгаараа УИХ-ын дэмжлэг, бусад эрх зүйн орчноороо Засгийн газар хүчтэй, бас баталгаажсан.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн байвал тэрийг хүчингүй болгож болдог гэдэг жишиг өнөө Үндсэн хуулиар оруулсан өөрчлөлтийг 8 жил хөндөж болохгүй гэдэг хуулийг даваад тогтчих юм бол энэ хаалгаар дараагийн олон өөрчлөлтийг хийж магадгүй гэсэн яриа байгаа. Тэр гурван гишүүн танай намын захиалгаар Цэцэд гомдол гаргаагүй гэж та хэлж байгаа юм байна. Тэд бас дахиад олон өөрчлөлт хийх хэрэгтэй гэж ярьж байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг олон намын хамтын ажиллагааны хүрээнд хийсэн. Энэ бол ардчилалд байгаа хамтын соёлыг харуулсан үйлдэл. ХҮН-ын хамтрах гэж байгаа зүйлийг ойлгож байна. Олон намын тогтолцоог хөгжүүлээд сонгуулийн тогтолцоогоо либералчилъя, төлөөллийн ардчиллыг гүнзгийрүүлье гэж. Энэ санаанд нь би хамтран ажиллахад таатай байна. Биднийг ХҮН шүүмжилдэг. Чансаатай өрсөлдөөд НИТХ, дүүргийн ИТХ дээр хэд хэдэн суудал авчихсан нам. Тэгэхээр ХҮН бидэнд туслаад байна гэхээсээ илүүтэй хамтын ажиллагаа хөгжиж, соёл тогтож байна. Энэ нь нэгдэж нийлээд, эсвэл бидний гар хөл болж байгаа асуудал биш. Олон намын тогтолцоо гэвэл улс төрийн намын орчинд дор хаяж 4-5 нам хоорондоо өрсөлддөг байхыг хэлнэ. Энэ тогтолцоог хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах юу нь буруу гэж.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Улсболд

ШИНЭ МЭДЭЭ