Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдвэрлэхгүй
2022.01.24
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Бат-Эрдэнэ: Агаарын бохирдлын асуудлыг дан ганц шахмал түлшээр шийдвэрлэхгүй

Агаарын бохирдлын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх арга хэмжээний шийдлийг олох Эрдэмтэн, судлаачдын баг байгуулсан тухай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв. 

 

Засгийн газрын тэргүүний шийдвэрээр БОАЖ-ын сайд, дэд сайд, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарыг бүрэлдэхүүнээр нь сольсон. Шинэ удирдлагууд ажлаа аваад гурав хонож байна. Энэ хугацаанд агаарын бохирдолтой холбоотой дүн шинжилгээ гаргах ажлыг зохион байгуулсан талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллийн эхэнд тодотголоо. Ингэхдээ, Тавантолгой түлш ХХК-ийн зүүн болон баруун бүсийн үйлдвэрт очиж ажилтай нь танилцсан байна. Тэрбээр, "Шинжилгээний эхний үр дүн гарч байна. Шахмал түлшний үйлдвэр 2020 онд миддлин (угаасан нүүрс, бентонит шавар, барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул, ус зэрэг түүхий эд)-ээ орой татаж авсан байна. Энэ нь хатаах горим, чийгшилтэй холбоотой асуудал дагуулж байгаа юм. Гэхдээ дан гац шахмал түлшээр агаарын бохирдлын асуудлыг шийднэ гэж ойлгож болохгүй. Үүнд цогц арга хэмжээ авах ёстой" хэмээн тодотголоо. 

Эл асуудлаар ажиллах Эрдэмтэн, судлаачдын баг байгуулж, утааны стандартыг тогтоох судалгаа хийхээр болжээ. Улмаар, хамгийн их утаа гаргаж байгаа газруудын тоон судалгааг гаргаснаар ажлаа эхлүүлнэ гэдгийг тэмдэглэв.

БОАЖЯ-наас утаа их гаргаж байгаа газарт цаашид хий, газ, цахилгаанаар халдаг халаалтыг шийдвэрлэх тооцоо, судалгааг ЭХЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

Утааны асуудлаас гадна бусад орчны бохирдлын асуудлыг авч үзэх шаардлагатай байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллийн үеэр онцлов. Тухайлбал, ноднингийн 11 дүгээр сарын 25-ны байдлаар, Монгол Улсын хэмжээнд нэг сая 250 мянган хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Тэдгээрийн 625 мянга нь Улаанбаатар хотод байгаа юм. Мөн Улаанбаатар хотод нам даралтын 182 зуух байна. Тиймээс 2022 оны тавдугаар сарын 15-наас хойш хийн, газ, цахилгааны хэлбэрт шилжүүлэх үүргийг Дэд сайдаар ахлуулсан ажлын багт чиглэл болгосон талаар сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ тэмдэглэлээ. Түүнчлэн тээврийн хэрэгсэл агаарт нөлөөлж байгаа судалгааг авч тодорхой үр дүнтэй ажил төлөвлөхийг дэд сайдад үүрэг болгожээ. 

Мөн тоос, тоосонцортой холбоотой орчны судалгаа, шинжилгээг эхлүүлэхийг мөн дээрх ажлын багт өгсөн байна.

Сайд Б.Бат-Эрдэнэ "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт өнөөдөр ажилласан бөгөөд энэ оны намар гэхэд тус үйлдвэрийн ажлыг зогсоохоор шийдвэрлэв. Харин тус компанийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж нэг үйлдвэрийг зургаа орчим сарын дотор шинээр барихыг үүрэг болголоо.

Шинэ үйлдвэр ашиглалтад ормогц одоо Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байсан баруун бүсийн үйлдвэрийн хэсэгт ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулан хөрс, орчны бохирдлыг багасгах ажлын багийг дэд сайдаар ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа шуурхай орохыг чиглэл болгов. 

ШИНЭ МЭДЭЭ