МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Оюутолгойд усыг ирээдүйн үнэ цэнийг нь бодолгүйгээр ашиглуулж байгааг засах ёстой
2022.01.24
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Баттөмөр: Оюутолгойд усыг ирээдүйн үнэ цэнийг нь бодолгүйгээр ашиглуулж байгааг засах ёстой

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-“Оюутолгой” компани ус бохирдуулсныхаа төлбөрийг 10 жил төлөөгүй талаар түр хорооны хуралдаанаар ярьсан байсан. Тиймээс Оюутолгойн  усыг үнэгүй ашигладаг байсныг болиулах шийдвэр гаргасан байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Оюутолгой төсөл бол дэлхийн томоохон төсөл. Монголд хөрөнгө оруулж, монголын эдийн засагт яах аргагүй  хэрэгтэй. Тиймээс монголчууд энэ төслийг сайн талаас харж анхаарах ёстой. Гэхдээ Монгол Улсад үлдэх үлдэц, монголын ард түмэнд хэр өгөөж өгөх талд үнэхээр харамсалтай ажлууд хийсэн байдаг. Үүний нэг нь усны асуудал. 2050 он гэхэд үндсэндээ дэлхий нийтээрээ цэвэр усны нөөцгүй болно гэсэн тооцоотой байна. Хамгийн ойрын жишээ гэхэд, БНХАУ-д усны асуудал өндөр хүрээнд яригдаж байна. Далайн усыг цэвэршүүлэх судалгааны ажлуудыг маш  их мөнгө зарж хийж байна шүү дээ. Үүнээс гадна ОХУ-аас хоолойгоор ус татах талаар ч судалгаа хийж байна. Монголын гол, горхины урсац олонх монголын нутаг дэвсгэрээс гараад явчихдаг. Тиймээс энэ тухайд хөрш орнуудтайгаа харилцан ашигтай, цэвэр усыг зөв ашиглах чиглэлд ажиллах ёстой. Цэвэр ус гарч байгаа голын эхийг хамгаалах чиглэлд ажиллах шаардлагатай.

Оюутолгой төсөлд цэвэр усыг ашиглах чиглэлд дэлхий нийтийн чиг хандлага ямар байгааг судлах хэрэгтэй. Дэлхийн томоохон уурхайнууд цэвэр усаа ямар эх үүсвэрээс, ямар үнэ, өртгөөр худалдаж авч байна гэдгийг төр засаг “Оюутолгой” компанитай хамтарч судлах, шийдэх шаардлагатай. Үнэгүй зүйл гэж дэлхийд хаана ч байхгүй. Тиймээс Оюутолгой төсөл дээр үнэхээр хариуцлагагүй хийсэн зүйл бол устай холбоотой асуудал юм.

-Цаашид усны асуудалд хэрхэн ажиллах вэ?

-Тогтвортой байдлын гэрээнд усыг зах зээлийн үнэ, ирээдүйн үнэ цэнийг нь бодолгүйгээр тусгачихсан. Сая бол Оюутолгой төслийн үр ашгийг хангуулах тогтоолыг баталсан. Дараагийнх нь 92 дугаар тогтоолынхоо хэрэгжилт дууссан гэж үзсэн ч Оюутолгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах гэсэн санаа бол цаашид үргэлжлээд явна. Үүнд 34 хувийнхаа үр ашгийг дээшлүүлэх, усны асуудлаа зөв шийдэх, байгаль орчноо хамгаалах зэрэг олон ажил бий.

-Оюутолгой одоо хэдий хэрийн ус ашиглаж байгаа вэ?

-Би одоогийн ажлын хэсэгт байхгүй болохоор нарийн мэдээлэл алга. Гэхдээ цаашид далд уурхай ашиглалтад ороход одоогийн хэрэглээнээс илүү нэмэгдэнэ. Говьд усгүй. Монгол Улсын газар нутгийн 87 орчим хувь нь цөлжсөн гэх судалгаа бий. Тиймээс усны менежментийг маш хийх шаардлагатай.

-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. Энэ удаагийн чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Намын чуулган 75 хоног хуралдаад хийхээр төлөвлөсөн ажлаа бүрэн хийгээд дууслаа. Үүнээс онцолбол, Шүүхийн тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлт орууллаа. Чөлөөт бүсийн тухай хуулийг баталлаа. Товчхондоо, Монголы Улсын Их хуралд өнгөрсөн намар төлөвлөсөн хууль, тогтоомжуудаа амжилттай хийж чадсан гэж үзэж байгаа. Уул уурхайн биржийн тухай хуулийг баталлаа. Энэ хуулиар баялгийнхаа менежментийг сайн хийх, баялагаа зөв ашиглах чиглэлд үр дүн гарна гэж хүлээж байгаа Монгол Улсын хувийн болон төрийн өмчит компаниудын бүтээгдэхүүн зөвхөн биржээр дамжин худалдагдана. Биржээр дамжина гэдэг дэлхийн зах зээлийн үнэд хүрнэ гэсэн үг. Одоо бол хувийн компаниуд ямар хэмжээний зардал гарч байна,  өөрийнхөө ашгийг нэмээд өнгө үзэмжээр гэрээ хийгдээд явж байна. Үүнд төрийн хяналт байхгүй байна. Уул уурхайн бирж байгуулснаар  нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 150 ам.доллар байвал энэ үнээр нь л хүргэж гэрээлэх шаардлага тавигдана. Одоо бол угаасан нүүрс нэг тонн нь 426 ам.доллар байхад монголчууд аман дээрээс нь 120 ам.доллароор худалдаж байна. Үндсэндээ 3.5 дахин хямд үнээр худалдаж байна. Тиймээс энэ хууль ихээхэн ач холбогдолтой.

 Ирэх гуравдугаар сард хаврын ээлжит чуулган эхэлнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх маш олон асуудал хүлээгдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ