МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 7 удаа хуралдаж, 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ
2022.01.26
Улстөр

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 7 удаа хуралдаж, 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр (2022.01.26) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал. Ж.Батжаргал, Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн нар оролцов.

Байнгын хорооны дарга Х.Болорчулуун мэдээллийн эхэнд, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласныг онцлоод чуулганы хугацаанд тус Байнгын хороо 7 удаа хуралдаж, Байнгын хорооны 8 тогтоол баталж, 2 хяналт шалгалтын тайлан, мэдээлэл сонссон гэж байлаа.

Мөн тэрбээр мэдээлэлдээ, Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 3 хуулийн төслийг хэлэлцүүлж, хоёр хууль батлуулсныг дурдаад баталсан хуулиудынхаа талаар товч мэдээллэв.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажилласан бөгөөд энэ хуулийг баталснаар таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, салбарын судалгаа, шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, дотоодод үйлдвэрлэсэн болон импортолсон бүх төрлийн таримал ургамлын үрийг үржүүлэх, худалдах, таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорт бүтээгчийн эрхийг хамгаалах, генетикийн нөөцийг судалж ашиглах, хамгаалах үйл ажиллагааг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулсан гэж байлаа.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ажилласан бөгөөд энэ хууль нь хүний болон малын генетик нөөцийн хуулиас ангид, ургамал, ан, бичил биетний генетик нөөц, тэдгээрийн уламжлалт мэдлэг дээр суурилсан харилцааг зохицуулсан. Монгол Улсын Их Хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Биологийн олон янз байдлын тухай конвенцыг 1993 онд, Биологийн олон янз байдлын тухай конвенцын Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн протоколыг 2012 онд соёрхон баталсан. Эдгээр гэрээ, конвенцод нэгдэн орж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, улсынхаа генетик нөөцийг болон генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлан хөгжүүлэх, хамгаалах, зүй зохистой ашиглах, хамгаалах, бүртгэх, генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглахтай холбоотой үр шимийг хүртэх зэрэг харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд Генетик нөөцийн тухай хуулийг баталсныг онцлон тэмдэглэв.

Мөн Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын таван гишүүнээс 2019 онд өргөн барьсан. Энэ хуулийн төслөөр ус ашиглахтай холбоотой харилцаа, говийн болон гүний усыг ашиглах, эс ашиглахтай холбоотой асуудлыг хөндсөнийг тодотгоод хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг ажиллаж байгааг дурдсан.

Байнгын хорооны дарга Х.Болорчулуун мэдээлэлдээ, намрын ээлжит чуулганы хугацаанд хяналт, шалгалтын чиглэлээр 3 Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг онцлов. Тухайлбал, Байнгын хорооны тогтоолоор Хүнсний тухай хуулийн хэрэгжилт буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан ажилласан. Мөн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахлан ажиллаж байгааг дурдаад Ажлын хэсэг байгуулах болсон нь малын шүлхий өвчин 17 аймгийг хамарч дэгдсэн болон малын бусад өвчин гарсантай холбоотой гэж байлаа. Түүнчлэн Байнгын хорооноос Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулан ажиллаж байна гэв.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хамаардаг. Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг даргатай уг дэд хороо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран 2021 оны 12 дугаар сард Төрийн ордонд “Ковид-19 цар тахлын үед агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. 32 байгууллагын 130 хүний төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалтаас зөвлөмж, санал, дүгнэлтийг гаргаж ажилласныг Байнгын хорооны дарга Х.Болорчулуун мэдээллийн төгсгөлд онцлон тэмдэглэсэн.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулсан хууль болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төсөл, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар гишүүд товч мэдээллэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталснаар үр сортын ангиллыг бий болгох, үйлдвэрлэлийг тогтмолжуулах, аж ахуйн нэгжүүдээ мэргэшүүлэх, тусгай зөвшөөрөл олгох, үүнтэй уялдсан тодорхой хяналтыг бий болгох зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан. Мөн үрийг экспортлох, импортлоход тодорхой стандартын шаардлагыг тодорхойлох, үрийн нөөцийг бүрдүүлэх, үр сортын үндэсний бүртгэлийг бий болгох зохицуулалтыг нарийвчлан тусгасныг онцлон тэмдэглэсэн.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, намрын чуулганаар батлагдсан чухал хуулиудын нэг нь Генетик нөөцийн тухай хууль гэдгийг онцлов.Тэрбээр, Монгол Улсад өмнө нь генетик нөөц, ан амьтан, ургамал, бичил биетэнтэй холбоотой хууль эрх зүйн орчин байгаагүй. Тиймээс уг хууль батлагдсанаар Монгол Улс анх удаа генетик нөөцийг хадгалж, хамгаалах, нэгдсэн бүртгэлийн системтэй болох үндэс суурь нь хууль эрх зүйн орчинд бий болсон гэж байлаа.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлгийн шатанд байгаа Усны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, 2012 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан хэдий ч зарим зохицуулалтыг орхигдуулсан учир хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсныг онцлон тэмдэглэв. Тухайлбал, Усны тухай хуульд газрын дор байгаа усны зохицуулалтыг хийх эрх зүйн орчин бүрдээгүй байна. Монгол Улс нийт усны хэрэглээний 80 хувийг, цэнгэг усныхаа нөөцийнхөө 1.9 хувийг газар доорх усыг ханган ашигладаг. Байдал энэ янзаар үргэлжилбэл экологийн тэнцвэргүй байдалд орох, усны хомсдол үүсэх тооцоо, судалгаа байгаа нь анхаарал татсан асуудал гэдгийг дурдав. Тиймээс Ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүд удаа дараа удаа хуралдаж, чуулганы завсарлагааны хугацаанд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулан шаргуу ажиллахын зэрэгцээ Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Байнгын хорооноос голлох томоохон хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавихаар Ажлын хэсэг байгуулсны нэг нь Хүнсний тухай хуулийн хэрэгжилт буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг гэдгийг онцлов. Хүнсний тухай хууль үүн дотроо стратегийн бүтээгдэхүүний үнэ, борлуулалт, үйлдвэрлэл эрхлэлтэд гарч байгаа тулгамдсан асуудал, алдаа, оноог судлан, орон нутагт очиж, холбогдох аж ахуйн нэгж, үйлвэрлэл эрхлэгч, хүмүүстэй ажилласан. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газарт тодорхой чиглэл өгч ажилласан гэж байлаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан 3 удаа, Дэд ажлын хэсэг 4 удаа хуралдсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хэлсэн үгэндээ тэмдэглээд Ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлаар санал, дүгнэлт боловсруулан ажиллаж байгаагаа дурдсан. Ажлын хэсгийн зүгээс цаашид анхаарах асуудлыг нарийвчлан судлан боловсруулж санал, дүгнэлтдээ тусган Байнгын хорооны хуралдаанаар танилцуулж Засгийн газарт чиглэл өгүүлэх, УИХ-ын эрх хэмжээний хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллаж байгаагаа онцолсон.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн нар сэтгүүлчдийн асуултад хариулт, мэдээлэл, тайлбар өглөө

ШИНЭ МЭДЭЭ