МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Бат-Эрдэнэ: Хөвсгөл нуурын орчимд био жорлонтой болгоно
2022.02.23
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Бат-Эрдэнэ: Хөвсгөл нуурын орчимд био жорлонтой болгоно

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Хөвсгөл нуурын бүсэд 94 жуулчны бааз, 132 гэр буудал, найман зочид буудал, 15 дэн буудал үйл ажиллагаа явуулж байгаа ба эдгээр нь нэг дор 7000 жуулчин хүлээн авах хүчин чадалтай аж. Хөвсгөл нууранд 2020 онд 80600 жуулчин амарсан бол 2021 онд цар тахлын улмаас гадаад аялал жуулчлал зогсож, дотоодын 58 мянган жуулчин очиж амарсан гэх тооцоо гарчээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл нуурыг хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр барьж буй бодлого зорилтоо тодорхойлсон илтгэлээ танилцуулав. Сайдын илтгэлд Хөвсгөл нуурын орчимд сүүлийн 20-иод жилд хийсэн замбараагүй газар олголтыг цэгцлэх, Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Байгалийн өвд бүртгүүлэх, аялал жуулчлалын баазуудад байгаль орчинд ээлтэй шийдлээр үйл ажиллагаа явуулах чиглэл өгч, энэ чиглэлээр тодорхой шийдвэрүүд гаргаж, шаардлага тавьж ажиллах талаар дурдав.

Тавьсан илтгэлтэй нь холбогдуулан Хөвсгөл нуурыг хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар салбарын сайдаас тодрууллаа.

-Хөвсгөл нуураа хамгаалах үндэсний чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй энэ чуулганаас байгаль орчин, Хөвсгөл нуурыг хамгаалах талаар шийдвэрүүд гарна. 2022 оны аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотойгоор энэ чуулганаар Хөвсгөл нуурыг хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой 10 чухал шийдвэр гаргана гэсэн зорилготой ажиллаж байна. Хөвсгөл нуурын орчимд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа баазууд, гэр кэмпүүд, зочид буудлууд, дэн буудлуудад аттестадчилал явуулах шаардлагатай.

-Жуулчны баазуудад ямар шалгуур тавих вэ?

-Жуулчны баазууд бохироо Хөвсгөл нуур руу цутгаж байна гэсэн шүүмжлэл бий. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд БОАЖЯ-ны Ногоон зээлийн санхүүжилтээр ариутгал, био жорлонгийн асуудлыг шийдвэрлэнэ. Хөвсгөл нуурын орчимд үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд 2022 оны аялал жуулчлалын улирлаас эхлэн нүхэн жорлон ашиглахыг хориглоно. ААН-үүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ асуудлаа шийдэх ёстой. Хэрэв нүхэн жорлонтой бол аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахгүй гэж ойлгох хэрэгтэй.

-Одоо үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазуудын хэдэн хувь нь эко жорлон ашиглаж байгаа бол?

-Том зочид буудлууд нь л ариун цэврийн байгууламжийн асуудлаа шийдсэн байгаа. Мөн замбараагүй давхидаг авто машины хөдөлгөөнийг хориглох ёстой. Сүүлийн үед дотоодын жуулчид аяны чиргүүл чирж явдаг болж байна. Тиймээс аяны чиргүүл байгуулах, майхантай отоглох газар, зочид буудал болон гэр кэмпүүдийн гэх мэтээр бүсчлэлүүдийг бий болгоно. Энэ хүрээнд тодорхой төлөвлөлтүүдийг хийж байна.

Хөвсгөл нуурын орчимд үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд 2022 оны аялал жуулчлалын улирлаас эхлэн нүхэн жорлон ашиглахыг хориглоно.

Хөвсгөл нууранд 2022 оны гуравдугаар сарын 3, 4-нд “Хөх сувд” мөсний баяр зохион байгуулах гэж байна. Мөсний баяраар автомашиныг нууран дээр гаргаж зогсоохыг бүрэн хориглосон. Зөвхөн биожорлонтой аялал жуулчлалын газрууд ажиллах, хогийн цэгүүдийн олноор байгуулах чиглэл өгсөн. Мөсний баяр болон ОХУ-тай хил залгаа Ханх-Мондын олон улсын боомт нээгдэж байгаатай холбоотой ОХУ-аас жуулчид татах чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гурав хоног ажиллах ирлээ.

-Хөвсгөл нуурын эргэн тойронд явагдсан замбараагүй газар олголтыг цэгцэлнэ гэж Та илтгэлдээ дурдлаа. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Аялал жуулчлалын салбарт тодорхой төлөвлөлтүүдийг хийх ёстой юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөвсгөл нуурын орчмын замбараагүй газар олголтыг хууль хүчний байгууллагыг оролцуулан шалгуулах чиглэл өгсөн. Хөвсгөл нуур орчмыг хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хувийн орон сууцаар дүүргэж, ирээдүйн Нүхт, Зайсангийн ам шиг болгомооргүй байна.


Энэ асуудлыг цэгцлэхийн тулд нэгдүгээр газар төлөвлөлтийн асуудлыг эргэн харна. Нөгөө талаар өнгөрсөн цаг хугацаанд газрын замбараагүй олгосон байдалд дүн шинжилгээ хийх ёстой гэв.

ШИНЭ МЭДЭЭ